Ч.Улаан: "Ч.Улааны үнэртэй" төсөв гэсэн шүүмжлэлд эмзэглэхгүй байна
Сангийн сайд Ч.Улааныг энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед түүний байр суурийг сонирхсон юм.
-УИХ дээр ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Хэлэлцүүлэг халуухан болж байх шиг. Гишүүд, судлаачид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төсвийг нэлээд шүүмжилж байна. Сангийн сайдын хувьд та юу гэж үзэж байна вэ?
-УИХ дээр Монгол Улсын 2013 оны төсвийн хэлэлцүүлгийг ид хийж байна. Төсөв бол байнгын ажиллагаатай парламентын анхааралд байдаг үндсэн асуудлын нэг билээ. Төсвийн хэлэлцүүлэгт нийгмийн анхаарал төвлөрч хэлэлцүүлгийн явцыг нухацтай ажиглан харж идэвхитэй оролцож байна. Энэ нь ч зүйн хэрэг. Төсөв ямар байхаас тухайн жилд улс орны хөгжил дэвшил, хүн ардын амьдралын чанарын өөрчлөлтийн нүүр царай харагддаг. Тийм ч учраас төсөв бол амьдралд нийцсэн бодитой, тулгамдсан асуудал, шийдэх арга замыг тодорхойлсон дайчин, шинэчлэгч чанарыг агуулсан байх учиртай юм.
Төсвийг шат дараалан хэлэлцэж сайжруулж баталдаг энэ л үйл явц явж байна. Үүнийг бо-ловсруулна, хэлэлцэж батална гэдэг бол бүх хүний хүчин чармайлт, оюун ухаан шингэх хариуцлагатай ажил юм.
Шүүмжилж байгаа, өөрчилж сайжруулах санал санаачилга дэвшүүлж байгаа бүх хүн төсвийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож ажил хэрэгчээр хандаж байгаад талархаж байна.Эдгээр хүний саналыг бүгдийг нь төсөвт тусгаасай гэж олон хүн бодож байгаа, бид ч бас тийм саналтай байна. Ажил хэрэгч санал бүрийг авч үзэж байгаа. Гэхдээ төсөв өөрөө туйлын хариуцлагатай баримт бичиг, нөгөө талаас орлого, зарлага, чанар үр ашиг, дутагдал, илүүдлийн тэнцвэрийн оновчтой харьцаа шалгуурыг хангасан байх хуультай. Тийм учраас санал, санаачилга нэг бүрийн тооцоо үндэслэлийг магадлан шалгаж уялдуулах шаардлагатай болж байна.
-УИХ-ын зарим гишүүн төсвийн төслийг Засгийн газарт нь буцаах хэрэгтэй гэж байна. Хууль, тогтоомжийг уландаа гишгэсэн төсөв гэж Ардын намынхан дүгнэсэн байсан. Яаруу давчуу, хөнгөн гоомой боловсрогдсон биш биз. Та юу хэлэх вэ?
-Төсвийн төслийг буцаах үндэслэл байхгүй л дээ. Ийм санал гаргаж байгаа бол төсвийнхөө утга учир, мөн чанарыг танин мэдэж чадаагүй ч юм уу, эсвэл хэт улстөржсөн байр сууринаас хийсвэр дүгнэлт хийжээ гэж л хэлмээр байна. Ирэх оны төсөв хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын дагуу хуулиар тогтоосон тусгай шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан. Түүнчлэн шинэчлэлийн зорилтыг тусгаж, шинэ арга мөханизмаар боловсруулсан, хуулийн хугацаанд өргөн барьсан төсөв учраас УИХ хүлээн авч хэлэлцэж байгаа юм. Хоног хугацаа давчуу байсан нь үнэн. Бидэнд танилцах, судлах, суралцах цаг хугацаа байгаагүй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажиллаад хоёр сар болж байгаа ч хоёр дахь төсвөө УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ оны төсвийг тодотгон шинэчилж, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг батлуулж засаг, төрийн үйл ажиллагааг жигдрүүлж хэвийн горимд нь орууллаа. Ард иргэд цалин тэтгэврээ, хүүхдүүд сарын тэтгэмжээ, төсвийн болон төрийн байгууллагууд санхүүжилтээ саадгүй авч эхлээд байна. Шинэчлэлийн Засгийн газар цаг нартай уралдан, хурдтай ажиллахыг хичээж байгаа юм.
Төсвийн төсөл дотор засаж сайжруулмаар, оновчтой хувилбарын сонголт хиймээр, үр ашиг чанарыг дээшлүүлмээр асуудал олон байхыг үгүйсгэхгүй байна.
Монгол Улсын 2013 оны төсөв бол хуулийн хүрээнд цоо шинэ аргачлал журмаар боловсруулсан шинэчлэлийн төсөв юм. УИХ өнгөрсөн тавдугаар сард 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн баталж эдийн засгийн хөгжлийн болон төсвийн үзүүлэлтийн хязгаар, хүрэх түвшинг хуульчлан баталж өгсөн. Засгийн газар төсвийн төслийг Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулж хуулийн дагуу өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өнгөрсөн сараас, Нэгдсэн төсвийн тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ. Тиймээс ирэх оны төсөв эрх зүйн цоо шинэ нөхцөлд, шинэ аргачлалаар хуулийн тусгай шаардлагуудыг хангаж боловсрууллаа.
Мөн гадаад, дотоод орчин нөхцөл, бий болсон бодит байдалтай нягт уялдуулж Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Төсвийг хэлбэршүүлэх, хувилж олшруулах явцад төхникийн шинжтэй алдаа дутагдал, дутуу дулимаг нийлсэн доголдол, давхар бичигдсэн, бүдэг бүрхэг томьёолол хийгдсэн зэрэг санамсаргүй зөрчил гарсанд хүлцэл өчиж байна. Энэ байдалд дүгнэлт хийж дахин давтан гаргахгүй байх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын төсвөөс шинэчлэл үнэртсэнгүй, эрсдэл дагуулсан, хасаж танасан төсөв байна гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Ирэх жилийн төсвийн шинэчлэгдсэн байдал, онцлог нь юугаар илэрхийлэгдэж байна вэ?
-Ирэх жилийн төсөв урд жилүүдийн төсвөөс эрс ялгарах хэд хэдэн зарчмын онцлогтой. Юуны өмнө анх удаагаа хуулиар тогтоосон тусгай шаардлагуудыг мөрдлөг болгон боловсруулсан. Тухайлбал, төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцож төлөвлөлөө. Үүний гурваас доошгүй хувийг хангаж чадах гол нэр төрлийн эрдэс баялгийн орлогыг, тухайлбал 2013 оны хувьд зэс, нүүрсний орлогыг тэнцвэржсэн үнээр тооцсон.
Дэлхийн зах зээлийн дундаж үнээр зэс 8124 ам.доллар, нүүрс 80-160 ам.доллар байх төлөвтэй байгаа ч бид төсвийн орлогыг тусгай аргачлалын дагуу тооцож зэсийг 6328,9 ам.доллар, нүүрсийг 60-130 ам.доллараар тооцож төсөвт суулгаж байна.
Тэнцвэржүүлсэн үнээр ингэж төсөвлөснөөр үнийн өсөлтийг дагаж улсын төсөв савлаж байдаг, эрсдэлд ордог явдлаас сэргийлж байна. Нөгөө талаар дэлхийн зах зээлийн үнэ тогтворжуулсан үнийн зөрүүгээр Тогтворжуулалтын санд орлого хуримтлагдана. Энэ маань ирээдүйд ашиглах хуримтлал, хямрал тохиолдоход хамгаалалт болох нөөц юм. Төсвийн орлогын өсөлтөөс зарлагын өсөлт түрүүлж байсан урд жилүүдийн буруу жишгийг өөрчилж байгаа юм. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь тухайн жилийн буюу өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж хувиас хэтрэхгүй байх зарчмаар төсөвлөгдлөө. Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь ДНБ-ий 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлагдсан боловч 2013 оны төсвийн төслөөр 46 хувьтай тэнцэж байна.
Монгол Улс өрийн дарамтад орохгүй гэсэн баталгааг өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтээр байнга хянах учиртай юм. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай буюу ашигтай байх хуультай. Тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаас хойш энэ үзүүлэлт таван хувиас дээш, энэ онд таван хувьтай л байгаа. Ирэх оны хувьд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээгээр хязгаарлаж байна. Энэ нь хямралын үед төсвийг, зарлагыг тэлэхгүй байх шинэчлэлийн бодлогын илрэл юм. Дээрх хуулийн хязгаарлалт нь ирэх оны төсөвт тавигдаж байгаа тусгай шаардлагууд бөгөөд ирэх оны төсөв эдгээрийг бүрэн хангаж байгаагаараа болзошгүй эрсдэл, хямралд тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн байгаа хэрэг юм.
-Шинэчлэлийн төсөв гэж үнэлэгдэж чадах уу?
-Төсвийг боловсруулахдаа хэд хэдэн шинэ зарчим, жишгийг анх удаа бий болгосноороо “шинэчлэлийн төсөв” гэж үнэлэгдэх үндэстэй л дээ. Юуны өмнө орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” бий болгон төсвийн төвлөрлийг сааруулж байгаа юм. Энэ нь орон нутгийн биө даасан байдлыг нэмэгдүүлнэ. Энэ сангаас тухайн орон нутгийн хөгжлийн түвшин, хүн амын тоо, төвөөс алслагдсан байдал, нутаг дэвсгэрийн хэмжээ, татварын идэвхжил зэргийг харгалзсан томъёо загвараар тооцож санхүүжилтийг олгох болж байгаа юм. Энэ шинэ загвараар тооцсон орон нутгийн төсвийн орлого 1.8 их наяд төгрөг болж, ДНБ-ий 10 гаруй хувь, нэгдсэн төсвийн орлогын бараг 25 хувьтай тэнцэж байна. Энэ нь өмнөх жилээсээ бараг гурав дахин нэмэгдсэн байгаа бөгөөд төсвийн бүтцэд томоохон шинэчлэл хийж байгааг харуулж байна.
Мөн эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталж шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг өсгөхгүй байхаар боловсруулсан анхны төсөв гэдгээрээ бас шинэлэг юм. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ижил тэнцүү нөхцөл бүрдүүлэх, далд эдийн засгийн нөлөөллийг бууруулах, татварын хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, үр ашиг муутай хөнгөлөлт чөлөөлөлтийг бууруулах замаар төсвийн орлогын хэрэгцээг хангах бодлого баримтлалаа.
УИХ, шүүх засаглал, хууль сахиулах байгууллагуудын төсөв, санхүүгийн хараат бус, биө даасан байдлыг хангах шинэ мөханизмыг бий болгон ашигласан.
Улсын нэгдсэн төсвийг боловсруулахдаа урд өмнө мөрдөгдөж байсан хуучин жишиг, буруу хандлага, үр дүн муутай арга барилыг өөрчилж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах зарчмыг баримталсан. Нийгмийн хавтгайрсан халамж бэлэн мөнгө тараахаас татгалзах, зорилтод бүлэгт халамжийг төвлөрүүлэх, төрийн албаны халамж баталгаагаар уралдах явдлыг зогсоох, цэгцлэх, УИХ-ын гишүүдийн гэх тэрбум төгрөгийг цуцлах, урсгал зардлыг царцаах, гадаад томилолтыг хязгаарлах, үргүй зардал үрэлгэн байдлыг арилгах гээд олон шаардлагыг тавьсныг таашаахгүй байгаа нь мэдрэгдэж байна. Зарим хүн хассан, танасан, хатуурхсан төсөв болж, Улааны үнэртэй төсөв байна гэж шүүмжилж байгаад би огт эмзэглэхгүй байна. Бидний баримталж байгаа зарчим, шинэчлэлийн арга хэмжээний эхлэл мэдрэгдэж эхэлж байгаагаас л тэр биз. Нэгмөсөн сайжруулчихаж чаддаггүй юм гэхэд ядаж буруу замаар будаа тээдэгийг нь зогсоох юмсан гэж хичээж байгаа.
-Олон тэрбум төгрөгийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг юунд, яаж зарцуулах талаар тооцоо үндэслэл, зураг төсөв байхгуй байгаа нь хуулиа зөрчсөн. Далд хэлбэрээр зөвхөн эвслээс сонгогдсон 41 гишүүнд эрх олгож нэг тэрбумыг олгох далд санаа гэсэн шүүмжлэл гарч байна. Энэ тийм биш гэж үү?
-Ирэх оны төсвийг хөтөлбөрт суурилсан зарчмаар боловсруулсан учир урсгал зардал, хөрөнгө оруулалт нь тодорхой бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, түүний үр дүнтэй илүү уялдсан. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсөвт Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг дүнгээр нь тусгасныг зарим хүн шүүмжилж байгааг ойлгож байна. Үүнд ямар ч далд санаа байхгүй. Тэр тусмаа хуучин гишүүдэд хуваарилдаг байсан нэг тэрбум төгрөгийн эрхийг дахин сэргээх, ил далд ямар ч оролдлого хийгдээгүй.
Манай Засгийн газар ард иргэдийн дунд нэлээд хэл ам татдаг байсан нэг тэрбумын асуудлаас бүрэн татгалзаж байгаа.
Гишүүдэд мөнгө хуваарилдаг арга хэмжээ нь анх бодож төлөвлөж байснаасаа ихээхэн гажуудаад хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулсан, төсөвлөлтийн үйл явцыг ихээхэн хүндрүүлсэн, хууль зөрчих үүд хаалгыг нээсэн буруу өрсөлдөөн бий болгосон. Тийм учраас энэ практикийг таслан зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдаад хоёрхон долоо хонож байхад бид ирэх оны төсвийг өргөн барьсан. Тиймээс мөрийн хөтөлбөрийн хүрээнд шинээр эхэлж хэрэгжүүлэх зарим арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаагүй тооцоо үндэслэл, зураг төсвийг нь бэлэн болгож амжаагүй асуудалтай тулгарсан юм. Нөгөө талаас мөрийн хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлж эхлэхгүй хүлээнэ гэвэл нэг жилийг алдахад хүрэх болно. Ийм учраас урьдчилсан тооцоог үндэслэн төсвийн урсгал зардалд 31.7 сая төгрөг, хөрөнгө оруулалтад 50 сая төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтыг хэрэгжүүлж эхлэх, бэлтгэлийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулахаар төсөвлөсөн. Энэ хүрээнд Ерөнхий сайдын багцад суулгасан юм.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах нөөцийг бий болгох эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Хуулиар албан ёсоор зөвшөөрөгдсөн 29 тусгай сан улсын төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн эх үүсвэр нь 1.5 их наяад төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 20-оод хувьтай тэнцэж байна. Эдгээр тусгай зориулалтын сангуудад төсвөөс өгөх санхүүжилтийг үнийн дүнгээр хуваарилаад Төсвийн өрөнхийлөн захирагчид арга хэмжээ, төсөл нэг бүрээр оноож хэрэгжүүлдэг журам, нийтлэг жишигтэйг бүгдээрээ мэдэж байгаа. Сум хөгжлийн санд хийх санхүүжилтийн нь хэмжээг зааж өгдөг болохоос тэр хүнд, тийм төсөлд нь, тэдэн сая төгрөг гэж баталдаггүй биз дээ. Энэ жишгийг дагаад хөрөнгө оруулалтын тав хүртэл хувьтай тэнцэх нөөц хөрөнгийг Ерөнхий сайддаа хариуцуулж болохгүй нь ч юу вэ. Гэхдээ энэ маань бөөнд нь өгчихөөд хяналтгүй байна гэсэн үг биш. Гүйцэтгэлийн тайланг нь улсын төсвийн нэгэн адил УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж баталдаг байх нь зүйтэй л дээ.
-Жижиг дунд ,бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого харагдахгүй байна. Төсвийг дагалдаж орж ирсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг байхгүй болгох хуулийн өөрчлөлт нь бизнесийн үйл ажиллагааг боомилсон, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөл дээрээ баттай зогсож чадаагүй, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа инфляцийн нөлөөллөөс шалтгаалан үйл ажиллагаа нь тогтворжиж чадаагүй эрсдлийг харгалзан үзээгүй байна гэж шүүмжилж байна?
-Улсын төсөв маань бүхэлдээ ажил хэрэгч бизнес, хувийн хэвшлийг дэмжихэд, тэдний хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэхэд, төрийн оролцоог багасгаж татварын ачааллыг бууруулахад зориулагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Өмнөх жилүүдэд, 2005-2007 онд татварын иж бүрэн шинэчлэлийг хийж манай улс дөрвөн 10-ын системд шилжиж хамгийн бага татвартай бизнесийн таатай орчин бүрдүүлж чадсан юм. Гэвч татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хэмжээ, хамрах хүрээ байнга өсч байгаа нь татварын шинэчлэлтийн агуулгад нийцэхгүй байна.
Өнөөдрийн байдлаар 18 хуулийн 33 төрлийн хөнгөлөлт, 188 төрлийн чөлөөлөлт үйлчилж байгаа бөгөөд жилийн дүнгээр нэг их наяд төгрөгт ойртож байна. Тийм учраас үр ашиг муутай олон жил мөрдөгдөж байгаа хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг сайтар судалж байгаад шийдэх нь зүйтэй гэж үзэж төсвийн төслийг дагаж орсон хуулиудыг татаж аваад байна. Хувиараа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 350 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэртэй жижиг, дунд үйлдвэрлэлийн сан, 100 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэртэй хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл өгч байна.
Мөн орон нутагт жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор сум хөгжлийн санд 24 тэрбум төгрөгийг төсөвлөж байна. Зээлийн батлан даалтын санг төр, хувийн хэвшил, гадаадын хандивлагчдын оролцоотойгоор байгуулан ажиллуулахаар таван тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвөөс хуваарилсан байгаа. Ноос, ноолуурын урамшуулалд гэхэд л ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа. Энэ бүхэн маань жижиг, дунд бизнес хөгжих боломжийг нэмэгдүүлэх , тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
-Халамж хэрэгтэй хүмүүст хүйтэн сэтгэлээр хандсан төсөв боллоо. Цалин, тэтгэвэр болон халамжийн тэтгэмжийг нэмэх талаар тусгаагүй, халамжийн сангаас ядуу өрхөд олгох тэтгэмжийг зогсоосон байна. Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн, дотуур байрны хоолны зардлын 50 хувийг эцэг, эхэд нь хариуцуулахаар болж байна гэж шүүмжилж байсан. Төсөвт яаж суусан юм бэ?
-Энэ бол арай л улстөржсөн сүржин дүгнэлт байна гэж бодож байна. Зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэнгүй гэдгээр ийм дүгнэлт хийж байгаа бол дэндүү өнгөцхөн хандсан хэрэг. Гол зорилго нь зүгээр л “нэмэх” явдал биш шүү дээ. Хамгийн гол нь ард иргэдийн маань бодит орлого нэмэгдэж амьжиргааны түвшин, амьдралын чанар сайжирч байх нь л чухал. Бодит орлогыг нэмэгдүүлэхэд цалин тэтгэвэр, тэтгэмжээс гадна олон хүчин зүйл нөлөөлдөгийг бид мэднэ. Цалинг механикаар нэмчихээр хувийн хэвшлийнхэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид мөн л цалингаа нэмэхээс өөр аргагүй болдог. Ингэхийн тулд үнэ тарифаа нэмэхэд хүрдэг, үүнээс шалтгаалаад инфляци өсөж, мөнгө үнэгүйддэг гээд олон буруу үр дагавар, сөрөг нөлөөлөл бий болдог. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэрийг нь сонгуулийн өмнө гаргачихсан. Харин хэрэгжүүлэх ачаа нь бидэнд ногдоод байна.
Ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг хэрэгжүүлэхэд 250 гаруй тэрбум төгрөгийн төсөвлөж байна. Энэ “Аахилахыг нь би аахилъя, үүрэхийг нь чи үүр” гэдэгтэй адил байгаа биз дээ. Бас болоогүй ээ, зүтгэж байгаагаа ачаагаа нэмсэнгүй гээд шүүмжилж чамлаад байдаг. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд онцгой анхаарч Нийгмийн халамжийн шинэ хуулийн хүрээнд өмнө нь байсан халамжийг үргэлжүүлэхийн хамт шинэлэг олон арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахгүй байгаа бүх ахмадуудад халамжийн тэтгэвэр олгохоор болж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд халамжийн тэтгэврийг, байнгын асаргаа шаардах иргэнийг асарч байгаа иргэнд олгох мөнгөн тэтгэмжийг 2-2.5 дахин нэмэгдүүлж байна. Хөдөлмөр эрхлэх чадваргүй, хүний асаргаа дэмжлэг хэрэгтэй иргэдийг хоол хүнсний дутагдлаас хамгаалах зорилгоор хүнсний талон олгоход 17.9 тэрбум төгрөгийг төсөвлөж 200-аад мянган иргэдийг хамруулахаар төлөвлөж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөр, дотуур байрны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлж байгаа. Хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс нь гаргуулах асуудлыг Засгийн газраас УИХ-д оруулаагүй юм. Цаашид энэ хэмжээгээ ч нэмэгдүүлэх, бас эцэг, эхийн оролцоог оновчтой хэлбэрээр бий болгох асуудлыг судалж, ярилцаж байсан нь нууц биш. Ирэх оны төсөвт хүүхдэд олгож байгаа дэмжлэг, хөтөлбөр, арга хэмжээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зарчим баримталсан юм. Энэ зориулалтаар энэ онд 216.6 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол ирэх онд 362.5 тэрбум төгрөг болж 70-аад хувиар нэмэгдэж байна. Эдийн засаг, төсөвт бий болсон өчүүхэн төдий ч болов үр дүн, боломжийг ард иргэддээ үлдэцтэйгээр хүртээхийг л зорилгоо болгож байгаа.
-Боловсролын салбарт ажиллагсдын нэмэлтийг олгохгүй байхаар тооцож байгаа. Гэтэл сөрөг хүчнийхэн энэ мөнгийг элдэв тайлбаргүйгээр бүрэн олгож, хуулиа хэрэгжүүл, амьдралын баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн гишүүн бүрт 21 мянган төгрөгийг сар бүр олгохоор төсөвт тусга гэж шаардаж байна. Энэ асуудлыг төсөвт тусгаж болохгүй юм уу?
-Боловсролын салбарт ажиллагсдад шинэ хуулийн дагуу бүх нэмэлт мөнгөн тэтгэлийг бүрэн хэмжээгээр нь олгоно гэвэл 160 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана. Төсөв ийм ачааг даахгүй. Тиймээс тэтгэвэр тогтоолгоход нь өгөх мөнгөн тэтгэмжийг бүх салбарт дунджаар тогтоохоор авч үзэж цэгцлэх, эсвэл хуулиа үе шаттайгаар хэрэгжүүлэх хоёр л зам байсан. Тиймээс хэлэлцүүлгийн явцад гарсан саналын дагуу тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багш нарт тэтгэвэр тогтоолгоход нь мөнгөн тэтгэмж, таван жил тутамд нэмэгдэл өгөх, таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх зардлыг санхүүжүүлэх зэрэг арга хэмжээг 2013 оноос, бусад нэмэгдэл мөнгөн тэтгэмжийг дараагийн жилээс нь олгож үө шаттайгаар шийдэхээр төсөвт тусгаж байна. Энэ арга хэмжээнд нийтдээ 23.4 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнд хортой нөхцлийн болон үр дүнгийн урамшуулалд 16.3 тэрбум төгрөгийг олгохоор төсөвлөж байна.
-Орлого багатай өрхийн иргэдэд 21 мянган төгрөг олгох саналын тухайд?
-МАН-ынхан амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн гишүүнд сар бүр 21 мянган төгрөг өг гэж шаардаж байна. Тэд юу шаардаж байгаагаа мэдэж л баймаар юм. Багаар бодоход 612 мянган хүнд 21 мянган төгрөг өгнө гэж тооцоход жилдээ 120 тэрбум төгрөг шаардагдана. Ирэх жилийн хувьд энэ бол дааж давахын аргагүй ачаа. Ер нь төсвийн хэлэлцүүлгийн явцаас харахад олонхи хүн, ялангуяа МАН-ынхан дандаа халамж нэмсэн, олон түмэнд таалагдах гэсэн санал л хэлж байна. Гэтэл төсвийн орлого нэмэх, зардал бууруулах талаар санал хэлсэн хүн байхгүй л байна шүү дээ.Зөвхөн Үндэсний аудитын газар л орлого нэмэх, зарлага хорогдуулах тухай санал дэвшүүллээ. Бусад нь бүгд л зардал, хөрөнгө оруулалтын хойноос уралдсан, шаардсан санал санаачилга гаргаж байна. Уг нь би ажил хэрэгч санал болгоныг хүлээн авч төсөвт тусгая гэж бодсон юм. Тэр хүмүүсийн чанга дуугаар хэлээд байгаа саналуудыг төсвийн төсөлд тусгавал Монгол Улсын маань төсөв замрах юм байна л даа. Юун хуулиар тавьсан тусгай шаардлагыг хангах. Лав л алдагдал нь тэнгэрт тулах дүр зураг харагдаж байна. Төсөв гэдэг бодлогынхоо агуулга, мөн чанар, хариуцлагыг огт ойлгохгүй байгаа юм шиг зан гаргадаг нь үнэхээр хачирхалтай.
-Үүнээс гадна “Монгол Улсыг ирээдүйд өрийн дарамтанд оруулах эрсдэл хүлээсэн төсөв хэлэлцэж байна. Дэлхийн эдийн засагт үүсээд буй тогтворгүй байдал тогтворжуулалтын сан болон төсвийн орлогын бүрдүүлэлтэд томоохон эрсдэл үүсгэж болзошгүй байна” гэсэн дүгнэлт хийж байна. Төсөв маань болзошгүй эрсдлийг давах чадвартай юу?
-Монгол Улсын өр нь Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, бонд, төрийн болон орон нутгийн өмчит этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, хүү, алданги торгуулийн дүнгээр тодорхойлогдож байгаа. Ирэх оны хувьд ДНБ-ий 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан байдаг. 2013 онд энэ харьцаа 46 хувь байгаа. Олон улсын аргачлал болох зургаан шалгуур үзүүлэлтээр тооцоод гарсан дүгнэлт нь өрийн тогтвортой байдал алдагдаагүй, Монгол Улс өрийн дарамтад ороогүй гэдгийг харуулж байна. Гэвч өрийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа учраас өрийн тогтвортой байдлаа хангах зарчмаа хатуу баримтлах шаардлага байна. Дэлхийн эдийн засагт бий болсон тогтворгүй байдал, Орос, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг нь манай эдийн засагт таагүй нөлөөлөл үзүүлэхээр байгаа нь нууц биш. Ийм нөхцөлд төсөв маань хуулиар тогтоосон тусгай шалгуур үзүүлэлтийг заавал хангаж байж болзошгүй эрсдлийн хохирлыг сааруулж чадна. Тийм л учраас УИХ-д өргөн барьсан төсвийнхөө шалгуур үзүүлэлт, тусгай шаардлагыг хангах зорилтоосоо битгий ухраач гээд зүтгээд байгаа юм.
-Төсвийн тогтворжуулалтын санд хэчнээн төгрөг хуримтлуулах төлөвлөгөөтэй байгаа юм бэ?
-Ирэх онд төсвийн тогтворжуулалтын санд 170 орчим тэрбум төгрөгийн орлого хуримтлуулах төлөвлөгөөтэй байгаа. Өмнөх жилүүдийн хуримтлалтай нийлээд нийт 500 тэрбум төгрөг болох юм. Ингэснээр эрсдлийн хүчийг нилээд саармагжуулах боломж бүрдэнэ. Төсвийн алдагдлыг өрийн эх үүсвэрээр бус хуримтлалаараа шийдэх болно. Нөгөө талаар ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэхийг зорьж байна. Энэ зорилгодоо нийцүүлэн “Хүний хөгжил сан”-д нэмж өр үүсгэхгүй байх, зарлагыг оновчтой хязгаарлах, дунд хугацаанд өр, өглөгийг барагдуулах, ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, цаашид баялгийн сангийн хэлбэрт шилжүүлэх, нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүй үөийнхэнд хүртээх боломжийг бий болгох зэрэг дэс дараатай алхам хийхээр төлөвлөж байгаа.
-Өмнө нь ийм төрлийн сан нээсэн ч амжилт олоогүй түүх бий шүү дээ?
-Тийм. Өмнөх жилүүдэд бий болгож байсан зарим сан, тухайлбал “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн эцсийн үр дүнг нь үзэж чадаагүй гашуун сургамжийг давтахгүй байх учиртай. Гадаад, дотоод орчны нөлөөлөл болон шийдвэр гаргалтын үр дагавраас шалтгаалах эмзэг байдал, болзошгүй эрсдлийн түвшин өндөр байгааг хэлэх нь зүйтэй юм. Маш энгийнээр төсөөлөхөд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурах, стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унах, експортын хэмжээ буурах, төсвийн зарлагын өсөлтөө барьж чадахгүй байх эрсдэл бодитой байгаа. Ийм нөхцөлд төсвийн төслийг мэргэжлийн судалгаа, холыг харсан бодлого, хатуу тогтсон зарчимд тулгуурлан сэтгэл хөдлөл, явцуу эрх ашиг, улс төрийн ашиг сонирхлоос ангид ажил хэрэгчээр хэлэлцэн батлах нь чухал. Улсынхаа төсвийг бүгдээрээ оюун ухаанаа уралдуулан нухацтайгаар шүүн хэлэлцэе, ажил хэрэгчээр хариуцлагатайгаар хянан батлая гэж уриалж байна.