Нийгмийн даатгалын хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2012.10.04

Нийгмийн даатгалын хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх  эсэх асуудлыг хэлэлцсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Хуулиар нийгмийн даатгалын бодлогыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулсан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн” гэж заасныг “Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн” гэж өөрчлөх шаардлагатай байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “хөдөлмөрийн” гэснийг “нийгмийн хамгааллын” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан гэдгийг С.Эрдэнэ сайд танилцуулгадаа дурдлаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ,  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгалд төвлөрсөн мөнгийг төвлөрүүлэн зарцуулах үүрэгтэй.

Засгийн газар ил тод, шударга байх ёстой. Гэтэл харьяа яамны сайд нь Үндэсний зөвлөлийн гишүүн байж болохгүй гэдгийг онцолж дараагийн хэлэлцүүлэгт энэ асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй  гэсэн байр суурьтай байгаагаа  илэрхийлсэн юм. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллыг гишүүдийн 66,7 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.