“ДЦС-5”-ыг Баянзүрхийн товчооны ойролцоо барихаар товложээ
2012.11.06

“ДЦС-5”-ыг Баянзүрхийн товчооны ойролцоо барихаар товложээ

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд энэ өсөлт нь дунджаар  8-10 хувьд хүрч байгаа бөгөөд өвлийн улиралд улам ч нэмэгддэг.

Хэрвээ одоогийн эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг  яаралтай нэмэгдүүлэхгүй бол 2014 оноос эхлэн эрчим хүчний дутагдалд орж эхлэх тооцоо байдаг. Иймд шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор Эрчим хүчний яамнаас хэд, хэдэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ эхний ээлжинд дөрөвдүгээр цахилгаан станцад 100 мВт-ын турбин суурилуулах, “УС-15” 250 Гкал дулааны эх үүсвэрийн төслийг боловсруулах гэх мэт ажлуудыг хийж эхлээд байгаа юм байна. “ДЦС-4”-д 100 мВт-ын турбин суурилуулахад 18 сар, “УС15” дулааны цахилгаан станцыг барьж байгуулахад хоёр жилийн хугацаа шаардлагатай бөгөөд эдгээр станцуудыг ашиглалтад оруулчихвал нийслэл хотыг цахилгаанаар бүрэн хангах боломжтой гэж тооцож байгаа аж.

Мөн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудлыг хэлэлцэн Баянзүрхийн товчооны зүүн талд барихаар товлож УИХ-д оруулжээ.

Тавдугаар цахилгаан станцыг барих талаар олон жил ярьж байгаа ч газрын асуудлыг нь шийдвэрлэж чадалгүй явсаар өдийг хүрсэн. Өмнөх Засгийн газрын үед гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх байдлаар барихаар төлөвлөсөн байсан. Харин тухайн газрыг эзэмшдэг 14 компани газраа чөлөөлсний хариуд 56 тэрбум төгрөг нэхэмжилсэн учраас өөр газар сонгоход хүрчээ. Хонхор өртөөг сонгож судалсан ч нийслэлээс хэт хол учир дулааны алдагдал их гарна гэсэн шалтгаанаар мөн л  татгалзсан байна. Эцэст нь Баянзүрхийн товчооны зүүн талд газар товлосон аж.

Одоогийн байдлаар тавдугаар цахилгаан станцын гэрээний хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд салбарын сайд М.Сономпил энэ сардаа багтаан хэлцлийг дуусгахаа амласан юм. 

“ДЦС-5”-ыг гэрээ байгуулснаас хойш 3.6 жилийн дараа ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай тохиролцсон байна. Тэгэхээр дулааны тавдугаар цахилгаан станц 2016 оны эхний хагас гэхэд ашиглалтад ёстой юм. Урьд нь “Оюутолгой” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил нэлээд удаашралтай байсан. Тэгвэл Хятадын тал ирэх долоо хоногоос эхлэн Оюутолгой компанид цахилгаан нийлүүлэх бололцоотой гэсэн хариу өгсөн байна.

Ийнхүү Оюутолгой ХХК бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх бололцоотой болж байгаа аж. Харин дулааны цахилгаан станцуудыг хувьчлах тухайд Эрчим хүчний сайд М.Сономпил “51 хувь нь төрд байх нь зөв. Харин тодорхой хувийг нь хувьчилж болно гэж үзэж байгаа. Иргэд дулааны цахилгаан станцын хувийг эзэмшсэнээр өөрийн төлөөллийг оролцуулж хянах боломжтой болно. Мөн эрчим хүчний салбарт ажилладаг ажилчин, албан хаагчид давуу эрхтэйгээр хувь авах боломжтой” гэлээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.