2008.03.30

Сайд хотын захиргааныханд хариуцлага тооцох гэнэ

-Тэтгэврийн доод хэмжээ болон итгэлцүүрийг нэмэх саналаа Төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэжээ-


Тэтгэврийн зөрүүг арилгах анхны алхмаа хийсэн ч хөгшдөөс гомдлын үг чамгүй сонсож яваа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхантай уулзаж хэдэн асуултад хариу авснаа толилуулъя

-Тэтгэврийн зөрүүг арилгасан гэх боловч хамгийн бага тэтгэвэртэй хүмүүсийн мөнгө 2400 төгрөгөөр нэмэгдсэнд олон хүн сэтгэл дундуур байна?

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн шинж чанартай томоохон арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүллээ. Үүнд тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэгдүүлэх арга хэмжээг дурдаж болно. Ер нь 1990 оноос өмнөх цалин хөлсний хэмжээ нэлээд бага байсан. 1995 оноос нийгмийн даатгалын шинэ системд шилжиж хүмүүсийн цалин хөлс тодорхой хэмжээгээр өссөн. Имфляцийн өсөлт ч нэлээдгүй байсан шүү дээ. Үүнээс шалтгаалж тэтгэврийн зөрүү гэсэн ойлголт анх гарч ирсэн юм. 1996-2000 онд цалин хөлснөөс тэтгэвэр бодох итгэлцүүр 13.5 хувьтай байсныг Эвслийн Засгийн газар'60 болгосон байдаг. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тэтгэвэр зөрүүг үе шаттай арилгахаар тусгасан. Үүний хүрээнд Засгийн газар 22 тоот тогтоол гарган тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Энэ ажлын хүрээнд 50 гаруй мянган хүнд тэтгэврийн зөрүү бодогдсон байгаа. Зөрүү тооцогдсон хүмүүсийн хувьд тэтгэврийнх нь хэмжээ 9.1 -16.9 хувиар өссөн. Үлдэж байгаа хүмүүсийн хувьд хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр нь 7.5 хувиар нэмэгдсэн. 32 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүмүүс 34400 төгрөг авдаг боллоо.Энэ бол улсын төсөвт тусгаж шийдэгдсэн арга хэмжээ. Мөн хүүхдийн мөнгөний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийгмийн халамжийн тухай хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт орууллаа. Үүний дагуу 0-18 насны гурав ба түүнээс дээш тооны хүүхэдтэй айлд сар бүр 3000 төгрөг олгох шийдвэр гарч журам нь батлагдсан, Мөн амьжиргааны баталгаажих Төвшингөөс доогуур орлоготой өрх гэдэг ойлголтыг баталгаажуулж нэг мөр болгосон нь шинэлэг зүйл.

Гэхдээ тухайн өрхийн орлогыг тогтоохдоо орлогын бус аргаар тооцдог аргачлалаар хэрэгжүүлж байна. Яг өнөөдрийн байдлаар 260-аад мянган хүүхдэд хоёр тэрбум гаруй төгрөгийн тэтгэмж олгосон мэдээтэй байгаа. Гэхдээ энэ мөнгийг олгох олголтын явцад эргэж харах анхаарах зүйл багагүй гарч байгаа. Цаашид нэг хоёр хүүхэдтэй мөртөө амьжиргааны баталгаажих Төвшингөөс доогуур орлоготой өрхийг дэмжих чиглэлээр анхаарч үзээч гэсэн саналууд гишүүдийг тойрогтоо ажиллаж байх үед ирсэн байна билээ. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр ч ийм санал түлхүү гарч байна. Үүнийг бид анхаарч цаашид тодорхой санал боловсруулна. Ер нь тэтгэвэр гэж ямар ойлголт болохыг бид өөрсдөө ойлгох ёстой шүү дээ. Авч байгаа цалингаасаа тодорхой хэмжээний шимтгэл төлөөд өндөр насандаа хүрэхээр тэр мөнгөө эргүүлж авдаг л юм. Даатгалын нэг төрөл гэж ойлгож болно. Тэтгэврийн зөрүүг арилгаж нэмэх чиглэлээр Засгийн газар батлагдсан хууль тогтоомжийнхоо дагуу асуудлаа шийдсэн. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 65.6 хувь нь 32 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. 2004 онд тэтгэврийн доод хэмжээ 16 мянга байсныг нэмж 32 болгосон. Тэгэхлээр үүн дээр нь зөрүүг итгэлцүүрээр тооцож нэмэхэд 32 мянган төгрөг хүрэхгүй байгаа юм. Тиймээс тэтгэврийг бууруулан тогтоох бололцоогүй учраас 32 мянган төгрөгийн тэтгэврийг нь хэвээр үлдээгээд 7.5 хувиар нэмсэн хэрэг. Гэхдээ бид цаашдаа үе шаттай арга хэмжээ авах болно. Тэтгэврийн доод хэмжээ болон итгэлцүүрийг нэмэх саналаа Төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа.

-Солонгост ажиллах хүч гаргах явц өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш зогсонги байдалд орчихлоо. Энэ юутай холбоотой вэ?

-Манай яам гадаадад ажиллах хүч гаргах болон гадаадаас авах хуулийн зохицуулалтыг хариуцдаг. Сүүлийн үед Солонгост ажиллах хүч гаргах ажил зогсонги байдалд орчихсон байгаа нь нууц биш. Эндээс явах хүмүүсийг Солонгосын хөдөлмөрийн биржид сонгох ажиллагаа нь үндсэндээ зогсоод байна. Үүнийг аль болох түргэн хугацаанд шийдвэрлэх тал дээр бид нэлээд хөөцөлдлөө. Холбогдох албаныхаа хүмүүсийг томилолтоор явуулж БНСУ-ын албаны хүмүүстэй уулзуулсан. Тус улсын Хөдөлмөрийн яам болон Жижиг дунд үйлдвэрийн холбоодтой санал солилцож хамтран ажиллалаа. Үүний дүнд Солонгосын тал дадлагажигч болон ажиллах хүчний тодорхой хэмжээний квот өгөх, Хөдөлмөрийн биржид бүртгэлт байгаа манай ажилчдаас сонгон шалгаруулалт хийх ажлаа саяхан эхлүүлж байна. Мөн тэнд ажиллаж байгаа манай иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Асуудал тодорхой төвшинд ярьж хэлэлцсэн дүнд манайхан мөн эрүүл мэндийн даатгалд тухайн улсын иргэний адил хамрагдах болж байна. Энэ нь манай иргэдийн хувьд тэтгэвэрт гарах үед нь ашигтай тусах ач холбогдолтой Үүнийг ойрын үед яамдын төвшин, шийдэж эцэслэн гарын үсэг зурсан байхаа.

-Сүүлийн өдрүүдэд хотын захиргаанаас санаачилж Солонгост ажиллах хүч гаргах болсон тухай зарлал байна. Нийслэлийн Засаг даргын орлогч үүнийг идэвхийлэн хөөцөлдөж байгаагаа хэвлэлээр мэдэгдсэн байгаа. Бүр ажиллах хүсэлтэй хүмүүсээс хураамж авч хороодод бүртгэж эхлээд байна шүү дээ?

-БНСУ-д дадлагажигч явуулах асуудлыг тус улсын Жижиг дунд үйлдвэрийн холбоотой байгуулсан гэрээний дагуу "Монгол ньюс" компани дагнан эрхэлж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулах байх. Харин ажиллах хүч явуулах асуудлыг НХХЯ-наас байгуулсан гэрээний дагуу "Зуучлах товчоо" эрхэлж байгаа. Өөр ямар нэг хүн байгууллага хувь хүн дадлагажигч, ажиллах хүч гаргах эрхзүйн тогтолцоо байхгүй. Үүнд би хотын захиргаанаас байгуулсан гэж яриад байгаа гэрээг дурдмаар байна Монголоос Солонгост суугаа ЭСЯ болон манайд байгаа тус улсын Элчингээс бидэнд энэ талаар албан ёсноос мэдэгдсэн. Дээр дурдсан хоёр байгууллагаас өөр шугамаар ажиллах хүч болон дадлагажигч авахгүй гэж. Энэ ажлаа зогсоогооч гэж яамны зүгээс хотын захиргаанд удаа дараа мэдэгдсэн. Орон нутгийн сонгуулийн үеэр энэ асуудал анх яригдаж хүн бүртгэсэн юм билээ. Дараагаар нь дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний төвүүд дээр бүртгэнэ гэсэн зар тарааж 5000 мянган төгрөг хурааж байгаа мэдээлэл ирсэн. Ийм шийдвэрийг хотын холбогдох албадаас гаргасан байна билээ. Үүнийгээ зогсоо гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Тухайн үед зогсоосон хэдий ч одоо дахин үргэлжлүүлж байгаа нь харамсалтай байна. Хуулиас гадуур иргэдийг төөрөгдүүлсэн хүмүүс болон албан тушаалтанд хариуцлага тооцох болно гэдгийг хариуцлагатай хэлмээр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.