Ж.Баярцэцэг: Авлигатай тэмцэх шинэ арга боловсруулж байна
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг.
2012.11.22

Ж.Баярцэцэг: Авлигатай тэмцэх шинэ арга боловсруулж байна

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр энэ сарын 7-10-ны хооронд Бразил улсад болсон Авлигын эсрэг олон улсын 15 дахь удаагийн хуралд Монгол Улсын тпөлөөлөгчдийг ахалж оролцоод ирсэн байна.

-Хууль зүйн яам эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ үед авлигын асуудал шүдний өвчин болж хувирсан. Та энэ сарын эхээр авлигын эсрэг олон улсын хуралд оролцоод ирлээ. Аяны богц дүүрэн ирэв үү?

-Хоёр жилд нэг удаа болдог авлигын эсрэг олон улсын хуралд АТГ-ын дарга Ганболд болон бусад төлөөлөгчдийн хамт энэ сарын эхээр оролцоод ирлээ. Авлигын эсрэг олон улсын хуралдааны гол зорилго нь авлигатай тэмцэгч орнуудыг туршлага солилцуулах байдаг юм. Дэлхийн улс орнууд даяаршихын хэрээр авлига өгөх, авах арга улам нарийг, нүдэнд харагдахгүй шахам аргаар авлигын гэмт хэргийг үйлдэх болж. Тиймээс энэ удаагийн хурал хэд, хэдэн дэд сэдвийн дор болсон. Авлигыг өнөөдөр үндэстэн дамнасан корпораци, банкуудыг ашиглах замаар буурай орнуудад хөрөнгө оруулалт хийх нэрийн дор өгч, авалцдаг болж.

Тухайлбал, Африкийн улс орнуудад хөрөнгө оруулалт нэрийн дор авлигын асуудал цэцэглэж байна. Үүнийг бид өмнө нь авлига гэж хардаггүй байсан шүү дээ. Харин өнөөдөр энэ үйл явцыг авлига гэж олон улсад хүлээн зөвшөөрч. авлигатай тэмцэх стратеги, тактикаа авлигыг дамжуулж буй хэрэгслүүд болох үндэстэн дамнасан корпораци. банкууд руу чиглүүлэх шинэ аргыг нэвтрүүлж байна. Манай улс энэ төрлийн гэмт хэргийг цэцэглүүлэх боломжтой орнуудын тоонд хэдийнэ багтчихсан байгаа. Яг л хулгайчид хаалгаа нээгээд өгчихсөн айл шиг л байгаа гэхэд болно.

Тиймээс биднийг энэ бүхнээс урьдчилан сэргийлж, авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, санхүүгийн хяналт шалгалтын томоохон байгууллагуудтай хамтарч ажиллах стратеги боловсруулж ажиллах цаг болсон гэдгийг улам баталгаажуулж өгсөн хурал болж өнгөрлөө. Өмнө нь манай улсад энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох ёстой гэж ярьдаг байсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Харин өнөөдөр бол бидэнд авлигын асуудлыг шийдэх улс төрийн хүсэл эрмэлзэл байна. Тиймээс энэ асуудлыг шийдэж чадна гэж харж байна. Тухайлбал, шинэчлэлийн Засгийн газар авлигыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлнэ гэсэн том зориглыг тавин ажиллаж байна шүү дээ.

-Манай улсад Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хууль хэрэгждэг биз дээ?

-Хэдийгээр манай улсад ийм хууль байгаа ч нийгмийн шинэ эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц хууль биш.

Энэ хуулийг 2006 онд баталсан ч бүх зүйлийг тодорхой зааж өгөөгүй байдгаас болоод хэрэгжих боломжгүй байдаг юм.

Тиймээс энэ хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.   

Тухайлбал, хуралдааны үеэр авлигын замаар олж авсан эд хөрөнгөө эрх мэдэлтнүүд ихэнхдээ эх орондоо байршуулахгүйгээр гадаадын банкуудад хадгалуулах, хөрөнгө оруулах замаар гаргаж байгааг хэлж байсан. Хэрэв үүнийг нь авлига гэдгийг тогтоочихвол тэрхүү хөрөнгө мөнгийг нь эх оронд нь эргүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох ёстойг ч онцолж байсан. Энэ ч гэсэн манай улсад нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлын нэг яах аргагүй мөн. Тиймээс бид энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

-Дээрх асуудлууд манай улсад тулгамдаж байгаа нь үнэн одоогийн байдлаар дээрхээс хамрах хүрээ нь арай бага авлигын хэргүүлд нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд Мөрдөх алба байгуулахаар туршлага судалж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатанд байна вэ?

- Хууль зүйн яамнаас санаачлан эрүүгийн тогтолцоонд шинэчлэл хийх үүднээс эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой гэж багц хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ хүрээнд Мөрдөх албаны тухай хуулийг боловсруулж байгаа юм. Мөрдөх албыг бий болгох гэж байгаа шалтгаан нь мэдээж дээр ярьсан авлигын хэргийг илрүүлэхийн тулд. Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр манай улсад гарч байгаа гэмт хэргүүд боловсронгуй болж, цагаан захтнуудын гэгдэх хэргүүд ихсэж байна.

Энэ бүх гэмт хэргээс тусгай арга барил, тоног төхөөрөмж, арга барилаар урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн тусгай байдлаар илрүүлж, шийдвэрлэх ёстой гэдэг үүднээс мөрдөн байцаах чиг үүрэг бүхий албуудыг нэгтгэн Мөрдөх алба байгуулахаар ажиллаж байна. Энэ ажлыг шат дараатайгаар хийж байгаа. Эхний ээлжинд эрх зүйн орчинг нь бий болгохоор ажиллаж байна. Мөн Эрүүгийн тухай хуульд бий авлигтай холбоотой хууль заалтыг шинэчлэн найруулаад дуусаж байна. Ойрын хугацаанд дээрх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина.

Бид энэ бүх асуудлыг өнөөдөр гэнэт мэдчихээгүй учир яамны шинэ удирдлагуудын хамгийн түрүүнд барьж авч хийж буй ажил юм. Бидний ажлыг төрийн бусад байгууллага, Засгийн газраас дэмжээд өгвөл үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.