2012.12.11

Эрүүгийн хуулийг шинэчлэхэд өмгөөлөгчдийн үүрэг их

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх ерөнхий газарт өм­нө нь ажиллаж байсан зарим албан тушаалтныг Ав­лигатай тэмцэх газарт өгсний дагуу шалгаж байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?

-Шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх ерөнхий газрын харьяа  зарим нэр бүхий шийдвэр гүй­цэтгэгч, ахлах шийдвэр гүй­цэтгэгч, тухайн үед албаных нь дэд дар­гаар ажиллаж байсан албан тушаалтныг Авлигатай тэмцэх газар руу эрүүгийн хэрэг үүсгэхээр шил Улсын мөрдөн байцаах газраас шилжүүлсэн.

Ерөнхий сайдын захирамжаар бай­гуулагдсан ажлын хэсэг хохирогчдын ярьж байсанчлан шийдвэр гүйцэтгэхийн хууль бус зүйл хий­сэн эсэхийг шалгаж үзэх явцад цаг­даагийн байгууллага хохирогчдын гаргасан гомдолд нэр бүхий хүмүүс буруутай байж болзошгүй гэж үз­сэн. Үүний дагуу прокурор эрүү үүсгэн Авлигатай тэмцэх газар руу шилжүүлчихсэн байдалтай байна.

-Хадгаламж зээлийн хор­шоо­ны хохирогчдын хохирлыг бараг­дуулах, дутсан хөрөнгийг тогтоох чиглэлээр яамнаас ажлын хэсэг гаран ажиллаж буй. Ажлын хэс­гийн ажил хэр үр дүнтэй байгаа юм бол?

-Бид өнгөрсөн хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажил яагаад дорвитой явахгүй байгааг судалж байна. Теле­визээр харахаар зарагдахгүй олон юм байдаг. Үүнийг яагаад худалдаж болдоггүй юм.

Судалж үзсэний үндсэн дээр өмнө нь шаардлага хан­гахгүй, хуульд нийцэхгүй зүйлүүд байсан юм байна харж байгаа. Иймээс зарим журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ч судалж байна. Өмнө нь дуудлага худалдаанд орсон эд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргасан эсэхээр нь дүгнэлт гаргуулна. Үүн­тэй холбоотойгоор Хадгаламж зээлийн хоршоон дээр байдаг дөрвөн лицензийн асуудал бий.

Лицензийг холбогдох газарт нь сэргээлгэхээр хүсэлт тавьчихаад байгаа юм. Учир нь төлбөр барагдуулалт дээр нэмэр болно гэж үзсэн. Тухайн үеийн Хадгаламж зээлийн хоршооны эзэд­тэй хохирогчид уулзах хүсэлт олон удаа тавьсан. Энэ дагуу захирлаар ажиллаж байсан хүмүүстэй уулзуулсан. Нэлээд олон хорихоор явж нуугдмал эд хөрөнгө байна уу, төлбөр барагдуулах боломж юу байна гэдгийг тодруулсан. Мөн энэ үеэр хохирогчдын төлөөлөл болох олон хүнтэй уулзлаа. Бидэн дээр их ирж байна. Ямар гомдол санал байна гэдгийг нь сонсож байгаа гэсэн үг.

-Хохирогчдын хохирлыг бараг­дуулна гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгэхээр хохирогчид хохирлоо бүрэн барагдуулна гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд бидэнд үүрэг өгөхдөө “Шударга бус явдал байж болохгүй. Хохирогчдын хэлж бай­гаачлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж, хэн нэг этгээд ашиг олж, хохирогчид болон төр мөнгөөрөө хохирч болохгүй шүү. Хамгийн гол нь шударга ёсыг сахиулах ёстой. Үүнийг анхаарч ажил” гэсэн. Бид энэ үүргийг биелүүлэн ажиллаж байна. Харин эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах байх.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудын буруутай нь нотлогдвол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Авлигатай тэмцэх газар ямар зүйл ангиар шалгаж байгаагаас нь шалтгаална. Энэ бол тэдний асуудал. Харин үндэслэл нь тогтоогдвол хохирогчдод очих мөнгийг хувьдаа завшсан байна гэдэг нь ил болно.

Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэлтгүй харьяа байгууллагуудаа дотоод хяналтаа сайжруул гэсэн үүргийг өгч байгаа.

Ир­гэдийн өргөдөл гомдлыг дотооддоо сайн хянадаг механизмтай байхгүй бол бүх асуудлыг яам шийднэ гэж байхгүй гэдгийг шаардаж буй юм. Мөн сайдын зүгээс хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлагыг нь сайн тооц гэдэг. Агентлагийн удирдлагуудтай өнөөдөр (өчигдөр) уулзах үеэрээ сайд “Бид алдаа дутагдал гаргасан хүмүүстэй хариуцлага тооцно, зүгээр өнгөрүүлж, өөгшүүлж болохгүй” гэдгийг хэлсэн.

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай парламентаар хэлэлцэж байгаа. Энэхүү өөрчлөлтийг хийснээр уг хууль бүрэн шинэчлэгдэж чадна гэж үзэж байгаа юу?

"Ц.Нямдорж “Өмгөөлөгч хүн Эрүүгийн хуулиар оролддоггүй юм” гэж байсан. Уг нь хүний эрхийг хангахын тулд хамгийн их дуу хоолойгоо хэлдэг хүмүүсийн хувьд өмгөөлөгчид Эрүүгийн хуулийн шинэчлэлтэд оролцох ёстой"

-Эрүүгийн хууль тэр чигээрээ шинэчлэгдэж байгаа. Энэ өөрчлөлт нь 2002 оноос хойш 10 жилийн дараа хийж буй дорвитой өөрчлөлт юм. Гэхдээ өөрчилж байна гээд зөвхөн зүйл заалт сольж байгаа хэрэг биш юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрүүгийн хариуцлага буюу ялын төрөлд өөрчлөлт оруулна. Мөн тодорхой төрлийн гэмт хэргийн ялын хэмжээг бүгдийг нь өөрчилж байгаа. Эрүүгийн хуульд шударга ёсны тухай хамгийн их ярьдаг. Тухайн үедээ 2002 оны Эрүүгийн хууль нийгэмд нэлээд өөрчлөлтийг авчирч байсан юм. Харин одоо бид үүнийг үндсээр нь өөрчилнө. Ингэхээр Монгол улсын эрүүгийн эрх зүйн системд томоохон шинэчлэлт хийгдэнэ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж таныг “Өм­гөөлөгч хүн Эрүүгийн хуулиар оролддоггүй” гэсэн билүү?

-Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх үед Ц.Нямдорж “Өмгөөлөгч хүн Эрүүгийн хуулиар оролддоггүй юм” гэж байсан. Уг нь хүний эрхийг хангахын тулд хамгийн их дуу хоолойгоо хэлдэг хүмүүсийн хувьд өмгөөлөгчид Эрүүгийн хуулийн шинэчлэлтэд оролцох ёстой. Өн­гөрсөн олон жил өмгөөлөгчид шударга бус явдалтай тэмцэж байсан юм. Эрүүгийн хуулийг шинэчлэхэд өмгөөлөгчдийн үүрэг маш их бай­гаа. Хүнийг зөвхөн яллаж байсан прокурор хүн Эрүүгийн хуульд гар хүрэх ёстой, өмгөөлөгчид оролдож болохгүй гэж боддог юм шиг байна билээ.

-Хуулийн салбарыг шинэчлэхийн тулд юунд анхаарч байгаа вэ?

-Бид одоо 10 хуулийн төсөл боловсруулж байна. Гэрчийг хамгаалах тухай, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх зэрэг 10 хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Энэ бол хууль сахиулах байгууллагад шинэч­лэлт хийх томоохон ажил юм. Хууль зүйн яаманд дээр Эрх зүйн шинэчлэлтийн бодлогын газар шинээр байгуулагдсан. Эдгээр хуу­лийн төслийг боловсруулан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд нэлээд хэдэн хэлэлцүүлгийг хийж буй. Мөн өмгөөлөгч, шүүгч нар Эрүүгийн хуулийн төсөлтэй танилцаад их сэтгэл хангалуун байна. Гэхдээ олон шүүмжлэл ч хэлж байгаа юм. Бид салбараа мэдэх шилдэг хуульчдыг оролцуулан хуулийн салбарыг шинэч­лэхээр хэлэлцэж байна. Мөрдөх албаны тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг гаран Холбооны Бүгд Найрамдах Герман улсын стандарт үйл ажиллагаа, зохион байгуулалтыг нь судлаад ирлээ. Хуулийн салбарын шинэчлэлт гээд 10 хуулийн төслийг батлаад болчих юм биш. Цаашид өөр олон хуулийн төслийг өргөн барина. Хуулиа шинэчилж байж л салбараа шинэчилнэ шүү дээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд ард түмний олон жил хүлээсэн зүйлийг ажил хэрэг болгочих юмсан гэж бодож байгаа юм. Мөн манай сайдын тавьсан нэг томоохон зорилго бий. Энэ бол шүүх, прокурорын шинэ барилгын асуудал юм.

-Гэхдээ нөгөөтэйгүүр шүүх, прокурор Хууль зүйн яаманд харьяалагдахгүй учир хамаагүй гэж үзэх хүмүүс бий болов уу?

-Хүмүүс ингэж асуудаг юм. Гүй­цэтгэж буй чиг үүрэг, эрх мэдлийн хувьд тусдаа газар. Прокурор шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага. Харин шүүх бол шүүх эрх мэдлийг шууд хэрэгжүүлэгч юм. Энэ нь үнэн. Тэгэхдээ Хууль зүйн салбарын шинэчлэлтэд шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага хамтарч л урагшлуулахгүй бол болохгүй. Иймээс шинэчлэлийг бүхэлд нь харах шаардлагатай байгаа.Хуульчдын холбоог ирэх жил бай­гуулна. Үүний бэлтгэл ажлыг манай яам хийх юм.

-Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шинэтгэлийг санаачилсан. Хууль зүйн салбарын шинэчлэлт үүнтэй хэр уялдаж байгаа вэ?

-Бидний шинэчлэлийн суу­рийг Ерөнхийлөгчөөс өргөн барьж батлуулсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль бүрдүүлсэн. Ерөн­хий­лөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийг Хууль зүйн яам цааш үргэлжлүүлэн гардаж хийхээр ажиллаж буй юм. Шүүхийн шинэтгэлийн багц хууль батлагдахад нэлээд олон ахиц дэвшил гарсан. Үүнтэй уял­дуулсан зайлшгүй хэрэгжих хуулийн төслүүдийг яаман дээр боловсруулж байна.

-Иргэд “Шүүх шударга бус ажиллаж байна” гэж ярих болсон. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ял­ласан нь ч үүнтэй холбоотой гэх нь бий. Шүүхэд үнэхээр гадны нөлөөлөл орж байна уу. Ард түмэн буруу ойлголт төрүүлэх ажлууд хийгдээд байна уу?

-Шүүх шударга байна уу, шударга бус байна уу гэдэг нь хаана ч, аль ч нийгэмд хэцүү байдал үүсгэдэг. Шүүхийн шийдвэр аль нэг талд нь гардаг учир маргаан дагуулах нь гарцаагүй гэж хуучны хандлагаар үздэг байсан. Харин сүүлийн үед энэ хандлагыг баримтлах нь б­у­руу гэж үзэх болсон. Шүүхээр шийдвэрлүүлсэн хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун байх ёстой гэж байгаа. Шүүхийн шударга ёсны талаарх эргэлзээ, шүүмжлэл өнгөрсөн жилүүдэд байнга гарч ирснийг би муу хуультай холбоотой гэж боддог. Өмгөөлөгч хийж байх үед эрүүгийн эрх зүйн системийн хоцрогдол, г­ажуудал хүний эрхийг хангахад ихээхэн бэрхшээл дагуулдгийг мэд­сэн. Тиймээс энэ бүгдийг гарцаагүй өөрчлөх ёстой юм.

-Хуулийн салбарын шинэч­лэлийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд хорих ангиудыг нэгтгэнэ гээд мэдэгдчихсэн. Энэ ажлыг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

-Энэ жилийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулган нэгдсэн хорих анги барихаар тусгасан. Зарим хүн хорих анги олон байхад яагаад дахин шорон барих гэж байна гэж байгаа. Харин асуудлын гол нь хорих анги олон байгаа учраас тоог нь цөөлж нэг хорих анги барих гээд байгаа юм шүү дээ. Хэмнэлт маш их гарна, харуул хамгаалалт, аюулгүй байдал сайжирна, төсөвт орлого нэмэгдэнэ. Одоогоор хорих анги барих газрыг нь судалж байна.

-Ярилцсанд баярлалаа.