С.Бямбацогт:Монголд зөвшилцлийн ардчилал үгүйлэгдэж байна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Бямбацогт.
2012.12.03

С.Бямбацогт:Монголд зөвшилцлийн ардчилал үгүйлэгдэж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын таван гишүүн тангараг өргөнө гэж байсан ч чуулган болсонгүй. Ирц хүрэлцээгүй гэсэн шалтгаан байгаа боловч үүний цаана Ардын нам, Ардчилсан намтай зөвшилцөж байгаа учраас хойшилсон гэсэн яриа байна?

-Эрх барьж байгаа намууд чуулганы ирцээ бүрдүүлж ажилдаа хариуцлагатай хандах ёстой. МАН бол зөвхөн ирц бүрдүүлэх үүрэгтэй нам биш л дээ. Бид бол ард түмний 40 хувийн төлөөлөл. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэгбайгуулагдсаныг зарлахгүй байна. Мөн манай намын гишүүд байнгын хорооны хуралдаанд оролцож гишүүний эрхээ эдлэх боломж хангагдаагүй байгаа. МАН-аас бусад нам, хүчний 46 гишүүний 42 нь дарга болсон, дарга парламент ажиллаж байна. Энэ парламент өөрсдөө ирцээ бүрдүүлж болох байсан. МАН шахалт үзүүлсэн асуудал байхгүй.

-Танай намын бүлэг байгуулах асуудал ямар шатанд явна вэ. Өнгөрсөн долоо  хоногт  Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшилсон. МАН ер нь хэзээ бүлэгтэй болох бол?

  -Манай намын бүлэг «байгуулагдчихсан. Байгуулагдчихсан байгаа "бүлгийг зарлах асуудал л хойшлоод байна. УИХ-ын Дэгийн  тухай  хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг  хэлэлцээд баталчихъя гэдэг асуудлыг бид  Ерөнхий  сайдыг томилох  үед  ч  ярьж байсан, чуулганы туршид ч ярьсаар ирсэн. Харамсалтай нь бусад хуулиа  хэлэлцээд батлах боловч Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үлдээгээд байгаа юм. Ингэж бие биенээ хуурах байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ улс төрийн соёлгүй байдал маань цаашид үргэлжилвэл сайн зүйл  авчрахгүй.   Зөвшилцөж ажиллах парламентын зарчим бий шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногт хуралдсан танай намын Удирдах зөвлөлийн хурлаар Өвөрхангайн тойрогтой наймаалцаж бүлгээ байгуулъя гэсэн саналыг зарим гишүүн гаргасан гэлцэх юм?

-Тийм зүйл байхгүй. Бид хэн нэгний эрх ашгийг хохироож наймаалцана гэсэн асуудал байхгүй. Асуудлыг хуулийн хүрээнд шийднэ.

-Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Та энэ Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж, бас юу хүлээж байгаа вэ. Сөрөг хүчний гишүүний хувиар бус Их хурлын гишүүний хувьд алдаа оноог нь дүгнээсэй гэж хүсч байна?

-Дөнгөж 100 хоног нь л өнгөрч байна. Бид энэ хугацаанд төсөв батлах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, төрийн албан хаагчдыг хоморголон халах зэрэг  зарим тодорхой асуудлууд дээр дуугарч байсан. Гэхдээ ажил хийх боломжийг нь хаагаагүй. Шүүмжлэлтэй байсан ч гэсэн дардан замаар яваад 100 хонолоо. Одоо ажлаа мэдэхгүй, танилцаагүй, тулгамдах гэдэг асуудал Засгийн газарт байх ёсгүй. Тийм учраас бид цаашид илүү нухацтай хандаж, их ч зүйлийг шаардана. Сонгуулиар намын мөрийн хөтөлбөртөө юу тусгасан, түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө суулгасан эсэх мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаас юуг, хэзээ, хэрхэн хийж хэрэгжүүлж байгаа талаар асуудал тавьж, шахаж шаардана. Хяналтаа ч чангатгана.

-Сүүлийн үед намууд бие биенээ хараар будах гэсэн, өөрсдийгөө өмөөрсөн хэрүүлийн шинж чанартай маргаанууд үргэлжилсээр байна. Жирийн иргэдийн хувьд хэт улс төржсөн явган хэрүүл чухал биш л дээ?

- Яах аргагүй улс төрийн намуудын хоорондын толхилцол, бие биенээ давах гэсэн байдал, хэт их хуваагдал ард түмэнд таалагдахгүй байна. Энэ нь сая болсон орон нутгийн сонгуулиар харагдлаа. Орон нутгийн сонгуулийн ирц маш бага байсан нь Монгол Улсын төр засагт ард иргэдийн итгэх итгэл суларч байгааг л харуулж байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн нам, улс төрчид маань нэгнээ үгүйсгэдэг, харлуулдаг, бие биенийхээ ажилд гох дэгээ тавьдагаас ийм байдал үүсч байна, Тэгэхээр цаашид бид аль болох улс төржихгүй байж, зөвшилцлийн зарчмаар ажиллах хэрэгтэй байна. Энэ бол ард түмний хүсэл.

- Ер нь хөгжлийн тухай яриа хэзээ эхлэх бол?

-  Тун удахгүй эхэлнэ гэж найдаж байна. Үүнийг ард түмэн төдийгүй улс төрийн намууд ч үгүйлж эхэлж байна. Угтаа бид шүүх нь шийдэх ёстой хоёр гишүүний тухай ч юмуу, хуулийн дагуу аль хэдийн шийдчихэж болох байсан бүлгийн асуудлыг яриад суух биш, харин хөгжлийн тухай, бүтээн байгуулалтын тухай л ярьж байх ёстой шүү дээ.

-Тэгвэл хоёулаа хөгжлийн тухай ярилцъя. Та нэг талаар Ардын намын залуу лидер, нөгөө талаас жирийн ард түмнийхээ өмнө үүрэг хүлээж, амлалт өгөн гарч ирсэн төрийн түшээ. Тиймээс намын гишүүн гэхээс илүү Их хурлын гишүүн гэдэг утгаар Монголын хөгжлийг хэрхэн төсөөлдөг вэ. Өнөөдөр Монгол Улс хөгжлийнхөө зөв замаар явж чадаж байна уу?

-Монгол Улс маань ардчилсан нийгэмд шилжээд 22 жил болж байна. Энэ зах зээлййн нийгэмд хэн хөдөлмөрлөж хөлс хүчээ гаргасан нь сайхан амьдарч болдгийг харууллаа. Энэ мэтээр ярих юм бол олон сайхан зүйл ярьж болно. Гэхдээ энэ жилүүдэд улс орон маань хангалтгай хөгжиж, ард иргэдийн амьдрал сайхан болж чадаж байна уу гэвэл тийм биш. Ядуурал буурахгүй, ажлын байр нэмэгдэхгүй байна. Дэд бүтцээ бүрэн шийдэж чадаагүй, бид түүхий эд бэлтгэн нийлүүлэгч орон хэвээрээ л байна.

Ингээд харах юм бол олон асуудлыг шийдээгүй байгаа. Үүний нэг шалтгааныг нэг нам эвсэл нь засгийн эрхийг барихаараа нөгөөгийнхөө хийсэн бүтээснийг үгүйсгэдэг, дахиад эхэлдэг байдалтай холбож тайлбарлаж болох талтай. Тиймээс монголчууд бид аль болох улс төржихгүйгээр, өөрөө өөрсдийнхөө бодлогыг өөрсдөө гаргая. Монгол Улсыг урт хугацааны турш хөгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийг боловсруулъя. Тэр төлөвлөлтийг хэрэгжүүлэх хөгжлийн загварыг бий болгоё. Үүнийг аль ч нам, Засгийн газар гарч ирсэн үг дуугүй дагадаг болъё. Ингэж чадвал монголчуудын амьдрал богино хугацаанд сайжирна. Энэ бодлогыг энэ удаагийн Их хурал, Засгийн газрыг үед цаг алдалгүй гаргах хэрэгтэй гэж бодож байна.

-Өмнө нь тийм зорилт баталж байсан биз дээ. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан...?

-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж 2007 онд баталж байсан. Гэхдээ энэ бол тунхагийн шинж чанартай, хөрсөн дээр бууж чадаагүй юм. Тухайн үед батлаад 2008 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах байсан боловч тусгагдаагүй, өнөөдөр 2012 он болж байна. Тийм учраас амьдралд нийцсэн, аль болох хэрэгжих бололцоотой, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд нийцсэн зорилтыг тавьж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Таны ярьсан монгол хөгжлийн загварыг яаж бий болгох вэ?

-БНХАУ яаж эдийн засгийн өндөр өсөлттэй байна. Сингапур яаж хурдан хөгжив. Норвеги, Дани, Швед, Финлянд гэдэг Умардын орнууд нийгмийн асуудлаа хэрхэн зөв шийдэж, тогтвортой хөгжиж, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбараа хөгжлүүлж чадав. Тэд улс төржихгүйгээр улс орноо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, ойлголцож, зөвшилцөж байж зөв гарц олдог гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан байгаа юм. Үүнийг зөвшилцлийн ардчилал гэдэг. Монгол улс гадны орнуудын сайн хөгжлийн загварыг судалж, харьцуулан Монголд аль нь тохирох вэ? гэдгээ хэлэлцээд энэ дөрвөн жилд хөгжлийн нэг загвартай болж чадвал, түүнийгээ манай нам танай нам гэлтгүй хэрэгжүүлдэг болвол үр өгөөж нь сайнаар гарна. Монголд ийм зөвшилцлийг ардчилал үгүйлэгдэж байна.

-Таны хэлснээр Засгийн газар, Их хурал баталлаа гэхэд дараагийн сонгуулиар жишээ нь танай нам гарлаа гэхэд үргэлжлүүлэн авч явна гэж үү?

-Би итгэлтэй байна. Жил ирэх тусам бид асуудлыг илүү том, бүр өөрөөр хардаг болж.

2050 он хүртэл Монгол Улс хамгийн хурдацтай хөгжих улс гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн.

Энэ бол бидэнд боломж байна, бид сэтгэх цар хүрээгээ өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Өмнө нь бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гээд атиралд-даг байсан бол өнөөдөр бидний хөнжил том болсон байна. Урт хугацааны хөгжлийн хамтраад, ярилцаад батална. Дараа нь аль ч нам гарсан хэрэгжүүлээд явна. Мэдээж засах залруулах юм байвал шинэчлээд явах боломжтой, харин ноён нуруу нь хазайхгүй байх ёстой гэдгийг нь бүр хуульчлаад өгчихье. Бид үзэл баримтлал яриад, түүнийгээ дагаад жихгүй, зөрчилдөнө. Гэхдээ одоо заавал намын үзэл баримтлал дагахаас илүү аль амьдралд ойрхон байгаагаар асуудалд ханддаг болсон.

Жишээ нь Ардчилсан нам үзэл баримтлалаа дагавал чөлөөт өрсөлдөөний зах зээлийг дэмжих ёстой. Тэгвэл чөлөөт өрсөлдөөн далд гар гэдгээс илүүтэйгээр төрийн зохицуулалттай чөлөөт эдийн засгийг дэмжиж байгааг шинэ Засгийн газрын бодлогоос харж болж байна. О.Магнай болон Н.Батбаяр, Х.Баттулга сайд нарын яриаг сонсч, хийж байгаагаас нь харахад төрийн зохицуулалт л гэж байгаагаас биш заавал барууны үзэл баримтлал гэхгүй байна. С.Эрдэнэ сайдын   хэлж   байгаа  ядарсан иргэддээ буюу зорилтот хүмүүстээ туслах ёстой гэж байгаа нь ч бас зүүний бодлого.

-Уул уурхай бол Монгол Улсын хөгжлийн гол салбар гэсэн итгэл үнэмшилсүүлийн жилүүдэд хүчтэй байсан. Гэвч сүүлийн үед энэ хандлага өөрчлөгдөж байх шиг. Уул уурхай ер нь цаашид яаж хөгжих бол. Таныхаар уул уурхайгаас гадна өөр ямар салбарыг дэмжиж, юуг илүү анхаарч ажиллах ёстой вэ?

-Би Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой биш монгол толгой л хөгжүүлнэ гэж боддог. Өнөөдөр яах аргагүй Монголын эдийн засагт ч, төсвийн орлогыг бүрдүүлэхэд ч уул уурхай голлох үүрэгтэй байна. Гэхдээ газрын баялаг шавхагддаг учраас хэт уул уурхайг шүтсэн ойлголт бол өрөөсгөл юм. Тиймээс бид олж байгаа орлогоосоо өнөөдөр зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлд зарцуулна, өсгөж арвижуулна, газар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн бусад салбаруудаа дэмжинэ. Мөн ирээдүй хойч үедээ өв хөрөнгө болгон үлдээх ёстой. Үүний тудд Монгол Улс монгол хөгжлийн загвартай болж, түүндээ тулгуурлах ёстой.

-Ирээдүйдээ мөнгө хуримтлуулах бол шинэ зүйл биш. Монгол Улс Хүний хөгжлийн сан байгуулж тэндээсээ иргэддээ мөнгө тараагаад дууссан. Одоо ч Хүний хөгжлийн сан өртэй, Хөгжлийн банк хоосон суугаа. Тэгэхээр ирээдүйдээ хуримтлал бий болгож чадах уу?

-Сохор зоосыг ч гэсэн сэгсэрч бай, тэгэх юм бол арвижна гэж үг байдаг. Түүнтэй адилхан баялгийг эргэлтэнд оруулж, нэмүү өртөг шингээх тусмаа үнэ цэнэтэй болдог. Хамгийн наад зах нь бид Оюутолгойн алт, зэс Тавантолгойн нүүрсээ түүхийгээр нь хямд гаргаад байвал үнэ нь өсөхгүй.

Харин нүүрсээ угааж угаасан нүүрсээ коксжуулвал ямар үнэтэй болох вэ. Ган боловсруулж, гангаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл тэр баялаг бүр ч илүү үнэ цэнэтэй болно. Монгол Улс 2005 онд Монгол цэнэтэй болно. Монгол Улс 2005 онд Монгол Улсыг хөгжүүлэх сан, 2009 онд Хүний хөгжлийн сан байгуулсан. Эдгээр сан уул уурхайн баялгаас орж ирсэн орлогыг цуглуулж тараасан. Өөрөөр хэлбэл сан биш касс байсан. Харин сан бол орсон орлого нь өсөж аривжиж байдаг зүйл шүү дээ. Иймээс хуримтлуулсан орлогоо өсгөж арвижуулаад тэндээсээ иргэддээ ногдол ашиг, хишиг хувь байдлаар тараадаг, байгалийн баялаг нь дандаа өсдөг байх тогтолцоог бий болгож Үндэсний баялгийн хуваарилалтын сантай болъё гэж санал дэвшүүлж байгаа. Норвегийн хөгжлийн сан гэж 650 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том сан байдаг. Ийм гадны жишээг харж, өөрийн орны хөрсөн дээр буулган ард иргэддээ ногдол ашиг гэж тараадаг, хойч үедээ үлдээдэг, үйлдвэрлэлийн, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулдаг болъё гэж байгаа юм.

-Оюутолгойн гэрээгээр мэтгэлцсэн С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээнийг та хэрхэн дүгнэсэн бэ?

-Яг мэтгэлцээн бол монголчуудын эрх ашигт нийцсэн, хүсч байсан үр дүнг авчраагүй. Бодит байдлыг ойлгуулах биш улс төрчид бие биенээ давахын тулд, чадахын тулд л мэтгэлцэж байх шиг харагдсан. Түүний оронд Оюутолгойн гэрээ яг ийм учраас хохиролтой, ийм учраас ашигтай гэдгийг гаргаж чадаагүй.

-Танд ямар нэг асуудлаар мэтгэлцье гэсэн дуэль ирвэл хүлээж авах уу?

-Тухайн асуудлынх нь цар хүрээ, ач холбогдлоос хамаарч хүлээж авах үгүйгээ шийднэ.