Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталаа
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн А.Бакей хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдсан эсэх, түүнд Сангийн яам, Татварын ерөнхий газраас ажлын хэсэгт багтсан эсэхийг тодруулсан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Байнгын хорооноос өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажилласан гээд Сангийн яам, Татварын ерөнхий газрын ажилтнууд багтсан гэдгийг дуулгалаа. Ингээд ажлын хэсээг оруулж ирэн Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 30 гаруй саналын томьёололуудаар санал хураалт явууллаа.
Хуулийн төсөлд тусгаснаар “татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлэх бол “татварын мэргэшсэн зөвлөх” гэж татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ажиллах татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн эрх зүйчийг хэлнэ гэж төсөлд заасныг гишүүдийн олонхи дэмжлээ.
Байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллуудаар санал хурааж дуусан эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ асуудлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Бурмаа хийлээ.
Уг хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг гурав хүртэл байх; сонгууль зохион байгуулахад улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргах зардлыг тодруулан тусгах; нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг хуулийн этгээдээс тавин сая төгрөгөөс илүүгүй байх; сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь сонгуульд оролцоогүй бол ирц хүрээгүй тухайн хэсэгт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах, уг нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгөх, сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох зэрэг саналуудыг төсөлд тусгаж, зохих өөрчлөлтүүдийг оруулж, хуулийн төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй завсарыг хийжээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлэг нэг цагийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг бүлгээрээ нягтлах, өөр зарим нэг хуулийн талаар ярилцах хэрэгтэй байгаа учир завсарлага авч байна гэж тэрбээр тайлбарласан юм.
Бүлгийн засварлага авах хугацаа дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан олонхийн саналаар хуулийн төслүүдийг баталлаа.
Энэ удаагийн хуралдаанаар мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.