Бүртгэлгүй эмэнд тавих хяналт сайжирсан
Эм, Эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Болортуяагаас бүртгэлгүй эмийн талаар тодрууллаа.
-Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэчнээн байна вэ. Хэрхэн хянаж байна?
-Үүнийг хянадаг байгууллага нь Мэргэжлийн хяналтын газар. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хоёрдугаар сараас өнгөрсөн сар хүртэл эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар бүртгэлгүй, чанарын баталгаагүй, стандартын бус сав боодолтой 70 гаруй нэр төрлийн эмийг худалдаалж байсныг илрүүлж, хуулийн дагуу торгууль ногдуулсан. Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, стандарттай холбоотой заалтууд эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад 70, 74 хувьтай хэрэгжиж байсан бол энэ жил 2-6 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна.
-Шинэ эмийг бүртгүүлэхэд хэр хугацаа шаарддаг юм. Бүртгэлгүй эм сөрөг нөлөөтэй юу?
-Эмийг бүртгүүлэх эзэн нь эм ханган нийлүүлэх байгууллагууд байдаг. Шинээр эм бүртгэж авахад 4-6 сар зарим үед жилийн хугацаа шаардлагатай болдог. Бүртгүүлэхэд 4-7 шат дамждаг болохоор тодорхой хугацаа ордог. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг хууль бус гэдэг ч түүн дотор эмчилгээ, эрүүл мэндийн хэрэгцээнд шаардлагатай эмүүд бий. Харин эмийг жоргүй олговол илүү сөрөг нөлөөтэй байдаг.
-Зараар сурталчилж байгаа эмүүд бүртгэлтэй байдаг уу?
-Сонин хэвлэлээр сурталчилж байгаа эмүүд эм гэхээс илүү биологийн идэвхит бүтээгдэхүүн байдаг. Эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд өгөх, жороор олгох эмүүдийг хуулийн дагуу олгож хэвших, эмч нарт эмийн жорын стандартыг хангасан жорыг бичиж хэвшүүлэхээр төлөвлөж ажил болгосон. Мөн эмийн үнэд тавих хяналтыг сайжруулж, иргэд хэрэглэгчдийг дурын эмийн сангаас ижил үнээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэхээр яам Нийслэлийн эрүүл мэндийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллаж байна.