УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан “Өмнөговийн бизнесийн зөвлөл”-ийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан нь сонгогдсон тойрогтоо 2010 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Даланзадгад сум /хот/-д ажиллалаа.
Тэрээр 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн санаачилгаар томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтад нутгийн хувийн хэвшлийг дэмжих зорилготой байгуулагдсан “Өмнөговийн бизнесийн зөвлөл”-ийн Зөвлөлдөх уулзалтыг нээж УИХ-ын “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоол болон Концесийн тухай хуулиар танилцуулга хийж илтгэл тавьсан юм.
Тус уулзалтыг “Өмнөговийн бизнесийн зөвлөл”, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тус аймгийн хувийн хэвшлийн төлөөлөл мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон төсөл, хөтөлбөр, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон томоохон уулзалт боллоо.
Уг уулзалтад “Компанийн засаглалын хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, “Оюутолгой” ХХК-ийн Хэрэг болон нийгмийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Лейтон Крофт, Ханган нийлүүлэлт хариуцсан хэлтсийн дарга Д.Амарбаясгалан нар Оюутолгой төслийн хэрэгжилтийн явцын талаар, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Ухаа худаг” төслийн талаар, Монголын Мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа хариусан захирал Б.Отгонбат “Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”-ийн танилцуулгыг тус тус хийж тус уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөлүүдийн асуултад хариулсан юм.
Мөн “МАК”-ийн дэд ерөнхийлөгч н.Цогт болон “Чинхуа МАК – Нарийн сухайт” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Гүндэнбал нар компанийхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийж орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллах боломж, бололцоо байгааг танилцуулсан юм.
Уг уулзалтаар тус байгууллага Удирдах зөвлөлийн 11 гишүүн, хяналтын зөвлөлийн 5 гишүүдийг ил санал хураалтын зарчимаар сонгосон байна.