2012.12.31

Ж.Батсуурь: Ард иргэдийнхээ төлөө зүтгэх хүндтэй үүргээ биелүүлнэ

-Танд шинэ оны мэнд хүргэе.

Баярлалаа. Бид нэгэн оныг хэдхэн цагийн дараагаар үдэж нэгэн шинэ онтой учран золгох гэж байна. Тэгэхээр бид бүгдээрээ улиран өнгөрч байгаа 2012 ондоо ямар амжилт бүтээл гаргасан гэдгээ хүн бүр дор бүрнээ тунгааж, нэгийг бодож хоёрыг сэтгэж байгаа байх аа.

Ирж байгаа ондоо бид энэ онд хийж бүтээснээсээ илүү их амжилт бүтээл арвинтай байх болтугай. 2013 ондоо хүн бүр, айл өрх бүр, албан байгууллага бүр дэвжин дээшилсэн сайхан он болохыг ерөөж байна. Та бүхэндээ ирж байгаа ондоо эрүүл энх сайн сайхан байж, мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

-Таны хувьд 2012 он ямар он байсан бэ. Та юу хийж бүтээв ээ?

Энэ он бол УИХ болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн жил байлаа. 2012 онд би бас МАН-аас нэр дэвшиж, тойрогтоо ард иргэдийнхээ саналыг авч ялалт байгууллаа.

Энэ маань багагүй амжилт гэж бодож байна. Монгол төрийн төвшин сайхан байлгах, ард иргэдийнхээ төлөө зүтгэх хүндтэй үүргээ дахин биелүүлэх болсонд баяртай байгаа. Иймийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.