“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаас хэзээ үнэтэй болох вэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг хэзээ тогтоох нь улам бүрхэг боллоо.
2013.01.07

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаас хэзээ үнэтэй болох вэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг хэзээ тогтоох нь улам бүрхэг боллоо. Учир нь өмнөх сонгуулиар иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх амлалтын хүрээнд нэг сая төгрөгийн буюу 1072 ширхэг хувьцааг иргэдэд саналынх нь дагуу олгох шийдвэрийг хууль батлагчид гаргасан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хувьцаанаас хувь хүртсэн хүн гэж үгүй.

Монгол хүн бүр дансандаа, аль эсвэл регистр, овог нэрийнхээ дор хувьцаа эзэмшиж байна. Ингэж хувьцаа эзэмшигч болсноороо бид энэ дэлхийн хамгийн баян улс болжээ. Тодруулбал, стратегийн ордын 1072 ширхэг хувьцааг төр засаг нь ямар ч үнэ төлбөргүйгээр зүгээр л өгчихсөн. Гэвч энэ үнэт цаас яг одоо “үхмэл” хувьцаа болж хувирахад хүрлээ.

Яагаад гээч. www.schcd.mn хаягаар орж регистрийнхээ дугаараар хайлгахад “Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна” хэмээн ямар ч асуудалгүй цахим хуудаснаа гарч ирнэ. Харин бид хувьцаагаараа эргэлт хийж мөнгө олъё гэхээр ямар ч боломжгүй. Ядаж банкинд хүртэл барьцаалан зээл авч болохгүй.

ХУВЬЦААНААС ХУВЬ ХҮРТЭХ ХУГАЦАА ХОЙШИЛСООР БАЙНА

Тус компанийн үнэт цаас Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид, шалгуулж бүртгүүлсэн эсэх талаар Монголын хөрөнгийн биржийн Гадаад харилцаа, анхдагч зах зээлийн мэргэжилтэн Ү.Тэмүүжингээс тодрууллаа.

Тэрбээр “Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компани бол аль хэдийнэ хувьцаат компани гэдгээ зарлачихсан. Гэвч одоо хүртэл биржид огт бүртгүүлээгүй байгаа. Үнэт цаасны танилцуулгаа ч авч ирээгүй. Хэрэв тэд нэрлэсэн үнээ тогтоогоод үнэт цаасаа арилжаанд гаргах бүх бичиг баримтаа бүрдүүлчихсэн бол эхлээд Санхүүгийн зохицуулах хороо, дараа нь манайхаар шалгуулснаар бид зах зээлд гарах эрхийг нь нээх ёстой. Биржид бүртгэлтэй компани гэдэг нь үнэт цаасаа Төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалуулсан тохиолдолд үйл ажиллагаа нь эхэлсэн гэж болно.

Тус компани Хөрөнгийн биржид үнэт цаас борлуулах талаар ямар ч хүсэлт ирүүлээгүй. Уг компанийн хувьцааны голдирол алдагдсан ч гэсэн ард нь төр байгаа болохоор найдаж болох байх. Гэхдээ ард түмэн хувьцааныхаа үнэ цэнэ, хэзээ ашиг олж болохыг харж суугаа нь тодорхой шүү дээ” хэмээв.

Түүнчлэн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас иргэд чухам хувьцаагаа хэрхэн яаж авах зэрэг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч захирал нь гадуур ажилтай гэлээ. Харин тус төвийн олон нийттэй харилцах албанаас “Манай компаниас өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан мөн эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ нэг сая төгрөгөө шилжүүлсэн иргэдийг 1072 ширхэг хувьцаанаас хасч тооцсон.

Одоогоор дийлэнх иргэдийн бичилтийг хийгээд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам руу шилжүүлсэн байгаа.

www.schcd.mn хаяг руу регистрээрээ хайлгаад хувьцаатай эсэхээ мэдэж болно.

Гэхдээ үүнд бас нэг зүйл хэлэх хэрэгтэй.Юу гэхээр иргэд яг хэдэн ширхэг хувьцаатай байгаа эсэхээ мэдэх боломжгүй байна гэдэг. Тухайн иргэний хувийн нууц учраас ямар нэгэн тоог цахим хуудсаар  мэдээлэхгүй. Харин иргэн та брокер диллерийн компанийн харилцагч бол тэндээс өөрийнхөө мэдээллийг асуух учиртай.

Одоогийн байдлаар Халамж үйлчилгээний газраас хэдэн хүн хувьцаагаа Засгийн газарт худалдаалсан, мөн сургалтын төлбөр, ЭМД-ын дэвтэрт хэчнээн иргэн сая төгрөгөө шилжүүлсэн зэрэг эцсийн тоог ирүүлээгүй байна. Бас “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хүртэл үнэт цаасаа борлуулах саналаа ирүүлээгүй байгаа шүү дээ. Өнөөдрийг хүртэл бидэнд ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Манай компаниас хийх ёстой ажлаа үргэлжүүлж байгаа” гэлээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙНХАН ХАРИУЛТ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ” ГЭВ

Ямартай ч дээрх хоёр байгууллагад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаас борлуулах асуудал нам жим байх аж. Тэгвэл эл компанийн удирдлага, ажилтнууд нь чухам юу хийж байна вэ. Үнэт цаасаа анхдагч зах зээлд хэзээ гаргах гэж байна вэ гээд хариулт нэхсэн олон асуулт тус төрийн өмчит компанийн хаалгыг тогшиж байна. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага мөн багийн зарим бүрэлдэхүүн солигдсон учраас хариулт өгөх боломжгүйг олон нийттэй харилцах албаараа дамжуулан бидэнд мэдэгдлээ.

Энэ бүхнээс үүдэн яагаад вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Иргэд “Бид хувьцаатай гэх баталгаагаа яг яаж мэдэх юм бэ. Цахим хуудсанд та хувьцаатай гэж л байна. Эцсийн дүндээ улс төрийн байдал өөрчлөгдөөд тэр хувьцааг нь электрон хуудсанаасаа устгачихаж болно шүү дээ” гэж байсан. Харин Санхүүгийн зохицуулах хорооны нэгэн мэргэжилтэн “Орчин үед цахим ертөнц хөгжиж байна. Тиймээс бөөн шаталт гаргаж баталгааны хуудас гаргах нь нэг талаараа харьцангуй зүйл. Батламжийг иргэн бүрт хийж өгч болно. Гэвч төр засгийн бодлого өөрчлөгдвөл өнөөх электрон хэлбэрээс хувьцаа устахад хамт л устана шүү дээ. Зүгээр л хүчингүй цаас болно” хэмээн хэлсэн юм.

Дашрамд дурьдахад өнгөрсөн жилийн хавар сонгуулийн өмнө хуучнаар НХХЯ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цаас хоёрдогч зах зээл дээр энэ оны эхний улиралд гарна гэж байлаа.  Ард түмний энэ бүх хүлээлт, эргэлзээ хэзээ тайлагдах юм бол. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр хэвлэлээр нэг хэсэг шуугиж байгаад чимээгүй болчихсон хувьцаагаа иргэд “яасан бол” гэж “санагалзах” нь зөв. Даанч шийдвэр гаргагчид, шийдвэрийг гүйцэтгэгчид нь хүртэл дуугүй царайлаад байвал иргэн бүрийн регистр дэх үнэт цаас салхинд хийсэх вий гэх хар өөрийн эрхгүй төрж эхэллээ.

“ХҮНИЙ ХӨГЖИЛ”-ИЙН МӨНГӨӨ НӨХӨЖ АВАХ ИРГЭДИЙН СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА

Хишиг, хувийг иргэн бүрт өгөх амлалтын хүрээнд 1,5 сая төгрөгийн 500 мянган төгрөгийг нь Монгол Улсын иргэдэд сар бүр 21 мянган төгрөгийг олгож өнгөрсөн оны зургаадугаар сард дуусгавар болсон.  Гэхдээ одоо уг мөнгөө авч амжаагүй иргэн олон байгааг Сангийн яамнаас дуулгасан. Энэ оны төсөвт тэдгээр иргэдэд зориулж 32 тэрбум төгрөгийг тусгасан байгаа.

Одоогийн байдлаар Халамж үйлчилгээний газар энэ асуудлын талаар судалгаагаа гаргаж буй гэдгийг Сангийн яамны “Хүний хөгжлийн сан”-гийн албаны дарга О.Хуягцогт хэллээ. Өмнө нь сар бүр 21 мянган төгрөгөө асуудалгүй авч байсан иргэд зургаадугаар сарын буюу төгсгөлийн 23 мянган төгрөгөө огт аваагүй иргэд ч нэлээд байна.

Жишээлбэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэд тэр чигээрээ аваагүй аж. Зарим иргэний сүүлийн мөнгөө авч чадаагүй гол учир нь мөнгөө ерөөсөө авч байгаагүй, дутуу авсан иргэд 500 мянган төгрөгөө авчихаар тэдний мөнгө хасагдсаныг О.Хуягцогт дарга хэлж байв.