Ард түмэн төрд шинэчлэл хий гэж биднийг олонхи болгосон
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2012.12.03

Ард түмэн төрд шинэчлэл хий гэж биднийг олонхи болгосон

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-АН-аар сонин юутай байна вэ. Эрх баригч хүчин болсоор хэрхэн өөрчлөгдөжши­нэч­лэг­дэж байна даа?

-Намын дарга Ерөн­хий сайд боллоо. АН УИХ-ын олонхийг бүр­дүүлж, Засгийн газрыг "Шударга ёс" эвсэл болон ИЗНН-тай хамтран бай­гууллаа. Тэгэхээр манай намын бодлого, бод­ло­гын хэрэгжилт улс орон даяар явагдах ёстой. Ха­рин дотоод бодлого маань намын гишүүд, үүр, хороод руугаа хандсан байдлаар шинэчлэгдэж байгаа. Өнгөрсөн 22 жи­лийн хугацаанд сөрөг хүчний байрнаас хандаж ирсэн АН өнөөдөр эрх баригч болсон учир улс орныг хамарсан, шинэч­лэ­лийн шинжтэй, өнгөр­сөн хугацаанд ард түм­ний хүлээж байсан асууд­луудыг шийдэхээр ажил­лаж байна. Мэдээж сон­гуу­лийн мөрийн хөтөл­бө­рийг хэрэгжүүлэхийн тө­лөө ажиллана. Учир нь тэрхүү мөрийн хө­төл­бө­рийг боловсруулахын тулд сүүлийн хоёр жи­лийн хугацаанд ард ир­гэд­тэй уулзаж, санал бод­лыг нь тусгасан. Түү­ний­хээ эс ширхэг бүрийг хэ­рэгжүүлэхийн төлөө шийд­вэрүүдээ гаргаад явж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар тө­лөвлөлтийн шинжтэй бай­на. Цаасан дээр тө­лөв­лөж байснаа цаашид ямар оролцоотойгоор, санхүүгийн ямар зохи­цуулалтаар, хэдэн жи­лийн хугацаатай амьдрал дээр хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөлтийг хийсэн. Нэмж хэлэхэд, шинэч­лэ­лийн шинжтэй хуулиудын боловсруулалт явагдаж байгаа. Хамгийн эхний жишээ гэвэл Орон нут­гийн сонгуулийн тухай хууль байна. Сонгууль 2012 гэдэг том зураг маань "холимог" тогтол­цоогоор явагдаж байгаа. Нэгэнт УИХ, нийслэлийн сонгуулийг энэ системээр явуулсан учраас орон нутгийн сонгуулийг өөр хуулийн зохицуулалтаар явуулж болохгүй. Ингээд сүүлийн хоёр сарын турш Орон нутгийн сонгуулийн хуулийг сайтар хэлэлцэн баталлаа. Энэ мэтчилэн АН бодлогоо тодорхойлж улс орон даяар ард түмний 22 жилийн турш хү­сэн хүлээсэн ажлуудыг хийхээр шийдвэрээ гар­ган ажиллаж эхэлсэн.

-АН-ын хийж эхэл­сэн ажлуудыг үнэлэх нь үнэлжшүүмжлэх нь шүүмжилж байна. Олны шүүмжлэлд өртөөд бай­гаа асуудал нь гэ­вэл төрийн албан хаагч­дыг халж, солих тухай байгаа?

-Ийм шүүмжлэл үе үеийн парламентад, сон­гууль бүрийн дараа гар­саар байдаг. МАН-ыг тө­рийн эрх барьж байх үед энэ асуудал бүдэг байсан уу гэвэл үнэн. Энэ нь олон жил төрийн эрхийг барь­сантай холбоотой. Тэгээд ч МАН-ынхан олгой хага­равч тогоондоо гэсэн сис­темээр явж ирсэн учраас бүх бохир асуудлаа га­дагш нь гаргадаггүй бай­сан. Зарим нэг нь муу муухай үйлдлийг нь шүүм­жилбэл Ёс зүйн хо­роогоороо хэлэлцээд нам дарчихдаг. Ингэж л 90 жил болсон шүү дээ. Тэгэхээр халаа сэлгээтэй холбоотой асуудал бай­сан нь үнэн. Ил гаргалгүй нуун дарагдуулсаар ир­сэн юм. Энэ удаагийн сон­гуулиар төрийн эрхийг барьж байсан МАН-д сон­­гогчид муу дүн тавь­чихлаа ш дээ. Ийм дүн тавьж байгаа нь төрд ши­нэчлэл хий, албан хаагч­дыг нь соль гэсэн үг. Тэ­гэхээр муу ажилласан хүмүүсийг сольж үнэн­чээр, шударгаар ажил­ладаг хүмүүсийг томилох ёстой. АН-ынхан бүх ажлаа ил тод явуулдаг уч­раас ийм шүүмжлэлд өр­төж байна. Шууд хэлэхэд ард түмэн энэ хүмүүст муу гэсэн дүн тавьсан учраас бид тэнд солио хийх үүрэгтэй. Тиймээс халаа сэлгээ зайлшгүй хийгдэнэ. 

-АН-ын хийж эхлүүлсэн энэ ажил ардчилсан ёсонд ний­цэх­гүй гэж хэлэгдээд байна?

-Өнгөрсөн хугацаанд нийгмийг өөрчилье гэж зүтгэсэн хүмүүс нь ардчилсан төрийг авч яваагүй юм. Нийгэм өөрчлөгдчих юм шиг сэтгэж хувьсгалаа хийгээд дуусгачихсан. Гэтэл яг үндсэн суурь ойлголтыг нь ард түмэн хүлээж авах хугацаа байгаагүй учраас 70 жил ноёлсон эрх баригчдыг инерциэрээ сонгож явсаар өнөөдрийг хүрсэн. Харин сонгогдсон нам, намын удирд­лагуудад нийгмээ өөрчлөх алсын хараа байгаагүй.

Тэгэхээр өнгөр­сөн 22 жилийн хугацаанд төрийн эрх барих тогтолцоо нь өөрч­лөгд­сөн болохоос биш төр барьж бай­сан нам, хүмүүс нь өөрчлөгдөөгүй.

Тиймдээ ч ард түмний хүсэн хүлээж байсан тэр шинэчлэлийг хийгээгүй юм. Хийх гэж оролдсон ч дутуу­дуулсан. Түүний нэг нь Төрийн албаны хууль байлаа.

Үүгээрээ хүнд суртлын нийг­мийг бий болгосон нь жирийн иргэдийн мөргөөд буцдаг хана хэрмийг л босгосон. Харин ард түмэн залхсан учраас энэ ханыг нураагаад өгөөч гэж өнөөдрийн сонголтыг хийсэн юм. Жирийн иргэдийн хөөцөлдсөн ажил гараад л бүтчихдэг байсан бол, төрийн албан дээр хэд хоногоор хүлээ­дэггүй байсан бол, хээл хахууль гэдэг зүйлийг ярихгүй байх байсан. Жирийн цагдаа, жирийн паспорт сольдог хүнээсээ эхлээд төрийн үйлчилгээг хүнд суртлын механизм болгосоор ирсэн учраас ард түмэн бухимдаж байна. Энэ хүнд суртлын механизм төрийн албаны хуулиар халхлагдан, хамгаалагдан улам бүр бэхжээд  байна. Тиймээс л "Үгүй ээ. Бид иргэндээ үйлчилдэг нийтийн албыг бий болгохыг зорьж байсан юм" гэж хэлээд юу хийх гэж байснаа хүмүүст харуулах гээд байгаа юм. Төрийн алба гэдэг даргын алба биш, иргэндээ үйл­чилдэг үйлчилгээний алба гэдгийг л ойлгуулах зорилготой. Ийм ши­нэчлэлийг АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан, сонгогчид хүлээн зөвшөөрсөн, одоо бид тэдний өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу шинэчлэлийг хийх болно. Гэхдээ өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээс чад­вартай, мэдлэгтэй нь олон байгаа. Тэд эргээд сонгон шалгаруу­лал­таар ажилдаа орох бүрэн бо­ломж­той. АН-ын гишүүдэд зориулсан нийтийн алба нэртэй ажил сэдээд байгаа юм биш. Энэ бүхнийг хү­мүүс хэрэгжээд ирэх үед нь зөвөөр ойлгох байхаа.

-Энэ шинэчлэлийн ажлыг хийх баг зөв бүрдэв үү. Засгийн кабинетын гишүүдэд шүүмж­лэлтэй хандах асуудал байна?

-Ажлыг хийлгэж үзээгүй байж шүүмжилж болохгүй. Эхлээд ажил­луулах ёстой. Шинэчлэлийн хө­төлбөрийг хэрэгжүүлэхээр сон­гогдсон хүмүүс санал, шүүмж­лэ­лийг ажилдаа тусгах ёстой. Хэрвээ ингэж ажиллахгүй бол албан ту­шаалаас нь огцруулах бүрэн бо­ломжтой. Түүнээс биш чи царай муутай, цөөн сургууль төгссөн, залуу гэх мэт үзэмжээр нь шүүм­жилж болохгүй.

-Улс орны төлөө хийх АН-ын ажил ийм байгаа юм байна. Удахгүй болох орон нутгийн сон­гуульдаа хэр бэлдэж байна?

-Ард түмний сонголт бол одоо­гийн Засгийн газар. Олонхийг бий болгож эвсэлд хамтрагч ИЗНН, "Шударга ёс" эвслийг дэмжсэн. Ингээд эвслийн Засгийн газар байгуулагдсан учраас орон нутагт ч Засгийн газрын хийх гэж буй ажил хамт явах ёстой. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуульд эвслийг бүрдүүлэгч намууд хамт­ран ажиллана. Өнөөдрийн байд­лаар АН орон нутгийн сонгуульд оролцохдоо эвслийн Засгийн га­зарт байгаа намуудтайгаа хамтарч ажиллахаар тохирсон байгаа.

-ИЗНН-аас орон нутгийн сон­гуульд хоёр нам хамтрахгүй бол Засгийн газраас гарна гэж сүр­дүүлсэн гэх мэдээлэл байгаа?

-Улс төрийн үйлдэл маш олон оролцогчтой байдаг. Оролцогч бүр өөрийн гэсэн үзэлтэй байдаг. Тэгэхээр нэг гишүүнийх нь үзэл бодлыг тухайн намынх гэж ойлгож болохгүй. Эцсийн дүнд намын олонхи л шийдвэрээ гаргадаг. ИЗНН-д тийм үзэл бодолтой хүн байгаад түүнийгээ илэрхийлсэн байж болно. Харин эцсийн шийдэл нь Засгийн газарт эвссэн намууд орон нутгийн сонгуульдаа ч хам­тарч орно. Үр дүнгээрээ эвсэнэ. 

-Нөгөө намуудаа дэмжиж оролцоно гэсэн үгүү эсвэл бүр хамтарч сонгуульд орох гээд байгаа юмуу?

-Тусдаа нэр дэвшинэ. Харин сонгуулийн сурталчилгаа гэх мэт ажлаа хамт хийнэ гэсэн үг.

-МАН-ыг орон нутагт унагах төлөвлөгөө гэж ойлгох уу?

-МАН-ыг устгах шийдвэрийг нам гаргахгүй. Харин ард түмэн сонголтоороо гаргана. Монголд хэн ч нам байгуулах эрхтэй ч, устгах эрх нь зөвхөн ард түмэнд байдаг.

-Та АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Цаашид энэ албаа хаших бодол байна уу. Эсвэл солих юмуу?

-АН-ын удирдлагууд нэгнээ дарга болгохдоо тойрч сууж бай­гаад шийдчихдэг юм биш. ҮЗХ-ны гишүүдээрээ хэлэлцүүлж шийддэг. Өнөөдрийн хувьд Засгийн газарт хийх ажил их байна. ҮЗХ-ны ги­шүүдээ цуглуулж энэ асуудлаар хуралдах цаг зав байхгүй байгаа учраас үүрэг гүйцэтгэгчээр ажил­лаж байна.

-Дэд сайдын суудал авч чадаагүй учраас намынхаа энэ албыг авлаа гэж байгаа?

-Цаг хугацааных нь хувьд авч үзэх хэрэгтэй. Дэд сайдуудыг хэзээ томиллоо. Би хэзээ томилогдлоо. Тэгэхээр аль нь наймаалцсан байна.

-Таны намын ерөнхий нарийн бичгийн дарга болоод хамгийн түрүүнд хийнэ гэж бодсон ажил чинь юу вэ?

-Хамгийн түрүүнд хийх ажил бол Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах. Тэртээ 90 онд олон намын системийг шууд бий болгоод, юу юугүй сонгуульд "тууж" оруулсан байдаг. Тухайн үед улс орон хаалттай байсан учраас гадны туршлага судлах бололцоо байгаагүй байх. Тэгээд МАХН-ын тогтолцоог бүгд хуулсан байдаг. МАХН-ын тогтолцоо нь НАМ-ТӨР гэсэн нүсэр том, төрөөсөө дээгүүрт тавигдсан тогтолцоо байсан. Тэ­гэхэд нам, төр салсан нэртэй боловч яг л хуучин хэвээрээ үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл намын тогтолцоо нь төрийнх шиг хэт том нүсэр хэвээр үлдсэн. Бүх салбар, аймаг, сум, хороонд хүртэл намын байртай, төсөвтэй, даргатай, на­рийн бичиг, туслахтай. Энэ нүсэр тогтолцоог бусад намууд дуурайх гэж 20 гаруй жил оролдлоо. Энэ нь өөрөө маш буруу тогтолцоо учраас дуурайх гэж оролдсон хийгээд, үлдсэн инерциэрээ 22 жил зүтгэсэн МАН хүртэл энэхүү тогтолцоо­ныхоо гажгийг дийлэхгүй болж байна. Иймд үүнийг эвдэж, өөрчлөх ёстой.