Хамтран ажиллах гэрээ байгууллаа
2011.02.11

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн үүргийг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэв


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өнөөдөр Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхан нар БОАЖ яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төвийн хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний зорилго нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх, төр болон хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал.


Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг олон эрх зүйн акт болон бодлогын баримт бичгүүдэд төрийн гүйцэтгэж буй чиг үүргээс ТББ, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх тухай заасан байдаг. Мэргэжлийн холбоод, хувийн хэвшил хийж гүйцэтгэх боломжтой төрийн чиг үүргийг тэдэнд шилжүүлснээр төрийн үйл ажиллагааг иргэнд ойртуулах, хүнд сурталгүй шуурхай болох ач холбогдолтой билээ.

Энэ ажлын хүрээнд, БОАЖЯ-ны өнөөдрийг хүртэл эрхэлж ирсэн аялал жуулчлалын байгууллагуудын ангилал тогтоох, ITB, JATA, KOTFA зэрэг гадаад үзэсгэлэн яармаг, хил орчмын арга хэмжээнүүдэд Монгол орныг сурталчлах, Монголын аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах зэрэг тодорхой чиг үүргүүдийг аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болох Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүлж буй юм.

Мөн зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох, аялал жуулчлалын боловсон хүчний чадавхи дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалт, семинар, улсын зөвлөгөөн зохион байгуулах, сурталчилгааны материал хэвлүүлэх зэрэг чиг үүргийг Аялал жуулчлалын үндэсний төвд шилжүүллээ. Энэ гэрээг байгуулж, талууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлэх нь Монголд мэргэжлийн холбоодыг бэхжүүлэх, тэдний эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтойг ч Л.Гансүх сайд хэллээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын сайд Л.Гансүх, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, УИХ-ын гишүүн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхан, дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Аялал жуулчлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн нар оролцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.