УИХ-ын дарга, гишүүд санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай танилцав
2011.03.28

УИХ-ын дарга, гишүүд санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Р.Буд, Ц.Баярсайхан, Н.Ганбямба нар  өнөөдөр санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Их Хурлаас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 538 ширхгийг үнэгүй эзэмшүүлэх шийдвэр гаргаад байгаа билээ. Энэхүү ажлын бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа, түүнчлэн Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллаx менежментийн гэрээ байгуулахаар төлөвлөж буй ажлын явцтай танилцах ажлаа УИХ-ын дарга, гишүүд Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс эхэлж, санхүү, хөрөнгийн зах зээлийн байгууллагуудын удирдах ажилтнуудтай ажил хэргийн уулзалт, ярилцлага хийв.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар хийсэн мэдээлэлдээ, сүүлийн жилүүдэд хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ байнга өсч одоогийн байдлаар хоёр их наяд 900 гаруй тэрбум төгрөгт хүрээд байгаа,  хувьцаат компаниудын ноогдол ашгийн хэмжээ, хувьцааны арилжаа нэмэгдэж, ТОП-20 компанийн арилжааны индекс өсч буйг тодорхой баримтаар дурдав. Мөн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нар байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулав.

 

Анх их хувьчлалыг явуулах зорилгоор байгуулагдаж байсан Хөрөнгийн бирж энэ үүргээ  тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн хэдий ч өнөөдөр хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Сүүлийн үед дэлхийн томоохон хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах хүсэлтээ тавьж эхэлсэн. Гэвч бид тодорхой шалтгаануудаас болж тэдгээр компанийн хувьцааг бирж дээрээ арилжиж чадахгүй байна.   Арилжаа, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйлчилгээ манайд хоцрогдсон, өртөг нь маш өндөр.  Эдгээр нь зах зээл тэлэх, хөрөнгө оруулалт татахад саад болж байна. Иймээс эрх зүйн орчноо сайжруулахад юуны түрүүнд анхаарч, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар одоогоор яамдын түвшинд санал авах шатанд байгааг Х.Алтай захирал онцлов.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Төрийн өмчийн хорооноос Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 20-ны дотор багтаж Master service agreement буюу хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Гурван жилийн хугацаанд хэрэгжих нийтдээ 14.2 сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийн үр дүнд  зах зээлийн механизм, төлбөр тооцооны систем, бүртгэлтэй байгаа компаниудын стандартыг сайжруулахад тодорхой алхам хийгдэх юм байна.

 

Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Т.Гандулам: Тус төв иргэд, аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа олгох ажлын бэлтгэлийг хангахад анхаарч байгаа. Энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж иргэд, аж ахуйн нэгжийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраар баталгаажуулахаар ажиллаж буйн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч үл тасрах горимоор ажиллах өндөр хүчин чадалтай мэдээллийн тоног төхөөрөмжийг гадаадаас худалдаж авсан. Ингэснээр урьд нь нэг иргэнд данс нээхэд таван минут зарцуулдаг байсныг хоёр секунд болгох боломж бүрдээд байгаа. Энэ серверт Монголын 2.7 сая иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьцааны мэдээлэл хадгалагдана. Харин тус төвд одоогоор данстай байгаа 457 мянган иргэнд эхний ээлжинд хувьцааны эрх нээгдэх гэлээ.

 


УИХ-ын дарга тэднээс иргэн, аж ахуйн нэгжид хувьцаа олгох ажлын бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа,  хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин хэр байгааг лавлаж тодруулаад “Бодлого, эрх зүйн зохицуулалтыг нь сайн тавьж чадвал хөрөнгийн зах зээлээс асар их орлого олох боломж байгаа нь мэдрэгдэж байна. УИХ энэ талаар анхаарна, харин та бүхэн эрх зүйн асуудлаа сайн боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Санхүүгийн зах зээл өргөжих болсонтой холбогдож энэ шатанд иргэдийн оролцоо их өргөн хүрээтэй болох нь ээ. Иймээс иргэдийг зөв мэдээллээр хангах, санхүү, хөрөнгийн зах зээлийн харилцаанд иргэд хэрхэн оролцох, ямар бэлтгэлийг хангасан байвал зохих талаар сургалт сурталчилгаа сайн хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөлөө.

 

Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Р.Буд, Ц.Баярсайхан, Н.Ганбямба нар Санхүүгийн зохицуулах хорооны ажил байдалтай танилцаж, тус хорооны гишүүд, газар, нэгжийн дарга, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсов. Тус байгууллагын хувьд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрх зүйн зохицуулалт үндсэндээ бүрдсэн. Анх 43 хүнтэй байсан бол одоо 90 хүний орон тоотой ч 86 хүнтэй ажиллаж, үйл ажиллагааны бүх хүрээгээ хамарч хяналт зохицуулалтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Харин бие дааж, хараат бусаар ажиллахад төсөв санхүүгийн хувьд учир дутагдал байгаа, мөн эрх зүйн зарим зохицуулалт шаардлагатай байгааг Д.Баярсайхан дарга хэлэв.

 

УИХ-ын дарга тус хорооны үйл ажиллагаа ойрын үед ямар түвшинд хүрсэн байх, энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж буйг асууж сонирхоод тэдэнд хандаж хэлэхдээ, нэгд, эрх зүйн шинэчлэлээ түргэвчлэх хэрэгтэй. Энэ талаар УИХ анхаарах болно. Гол нь та бүхэн асуудлаа тодорхой болгож чамбай сайн боловсруулсан байх шаардлагатай. Хоёрт, Иргэд санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт, мэдлэг тааруу байна. Иймээс иргэдэд энэ талын мэдлэг олгох ажлыг нэг гол чиглэл болгож авч явах нь чухал. Сургалт, сурталчилгааны цэгцтэй ажил өрнүүлж иргэдэд зөв мэдээлэл хүргэж, зөв ойлголт өгөх хэрэгтэй. Гуравт, орон нутагт санхүү, хөрөнгийн зах зээлийг төлөвшүүлэх өөрийн гэсэн нэгж салбар, хөлтэй болохгүй бол та бүхний эхлүүлсэн ажил, арга хэмжээг орон даяар үр дүнтэй явагдаж байна гэж үзэх аргагүй. Иймээс шинэ нөхцөл байдал, шинэ зорилт, шаардлагад нийцүүлж бүтцээ эргэж харах нь зүйтэй юм. Хорооны зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул энэ асуудлыг УИХ ойрын үед хэлэлцэж шийдвэрлэнэ гээд хийж буй ажил, ярьж буй зүйлээ ажил болгох, олон нийтэд хүргэх талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.