Д.Ганхуяг: Арилжааны банкнуудын өгч чаддаггүй, нөхцөл сайтай том зээлийг Хөгжлийн банк олгоно
Намрын чуулганы сүүлчийн өдрийн хуралдаанаар батлагдсанХөгжлийн банкны тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрээр хөгжлийн банкны тухай хуулийн төслийн Эдийнзасгийн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталлаа."Хөгжлийн банк"-наас эхний ээлжид ямар төслийг санхүүжүүлэх вэ?
-Солонгос, Япон, Малайз болон Герман зэрэг орон хөгжих шатандаа хөгжлийн банк байгуулж, энэ нь дээрх орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.Тиймээс энэ туршлагыг судлан, өөрийн орны онцлогийг харгалзан, тэдгээрээс илүү дэвшилттэй байдлаар Монгол улс "Хөгжлийн банк" байгуулах эрх зүйн орчинг бүрдүүллээ. Энэ банк УИХ-аас баталсан улсын хөгжилд тэргүүлэх болон стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хийгдсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг нь харгалзан санхүүжүүлэх юм. Тиймээс санхүүжилт нь хүлээгдэж байгаа Төмөр замын сүлжээ, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар хоттой холбогдсон "Шинэ бүтээн байгуулалт" зэрэг хөтөлбөр энэ оны хоёрдугаар хагаст багтаж хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож байна. Ерөнхийдөө Хөгжлийн банкаар экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үндэсний том үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл, бусад бодлогоор дэмжиж ажиллана. Дараагийн нэг зүйл бол улс орны хөгжилд чухал шаардлагатай дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, тухайлбал, дээр дурдсан төсөл, хөтөлбөрөөс гадна цахилгаан станц, мөн олон улсын чанартай болоод улсын чанартай авто зам, нийслэлийн зам, гүүрний томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм. Бас нэг зарчим нь энэ банк арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй, үйл ажиллагаа нь давхардахгүй, харин хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.
-Гэхдээ өнгөрсөн хугацаанд ийм төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлж болоод л байсан. Ер нь Хөгжлийн банк байгуулах шаардлага байсан юм уу?
-Энд олон шалтгаан бий. Энэ оны төсвийг УИХ-аас 9.9 хувийн алдагдалтай баталсан. Монгол Улс ашигт малтмалын асар их баялагтай гэсэн мөртлөө төсөв, санхүүгийн үзүүлэлт нь тааруу байдаг. Мөн улсын төсвийн зарлага ДНБ-ий 52.1 хувьд хүрсэн. Энэ бол эдийн засаг дэх төрийн оролцоо огцом нэмэгдэж байгааг харуулж байна. Эдгээр харилцааг зохистой түвшинд хадгалах, зэрэгцүүлээд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх шаардлагаар Хөгжлийн банкийг байгуулсан. Хөгжлийн банканд Засгийн газар зээлийн баталгаа гаргаж энэ банк дотоодын болон олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах, худалдан авах, зээл авах, бусад санхүүгийн хэрэгслээр санхүүжилт босгоно. Мөн манай улсын төсөв, эдийн засаг ашигт малтмалын салбараас хэт их хамааралтай болж байна. Иймээс энэ салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг энэ банкаар дамжуулан санхүүжүүлж стратегийн болон тэргүүлэх салбарынхаа хөгжлийг хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх юм. Ингэснээр манай төсөв, санхүүгийн үзүүлэлт зохистой байж, хувийн хэвшилд суурилсан эдийн засаг хөгжих, манай эдийн засаг баялгийн халалтад нэрвэгдэхгүй байх боломж бүрдэнэ.Нөгөө талаас өнөөгийн байдлаар манай төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн маш хангалтгүй байгаа. Энэ тохиолдолд их хэмжээний санхүүжилт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжих эсэх, хэрэгжилтийн үр дүн, эрсдэл энэ бүхнийг түшээдийн олонхын саналаар биш банкаар шүүлгэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Энэ шалгуур бүхнийг Хөгжлийн банк, энэ банкны мэргэжилтнүүд хийх юм. Гол нь өнөөгийн арилжааны банкнуудын өгч чаддаггүй, нөхцөл сайтай том зээлийг уг банк олгоно. Түүнчлэн манай улсын эдийн засаг хурдацтай өсөх нь ойлгомжтой болж байна. Энэ өсөлтийг бий болгох, хүлээн авахад шаардагдах чанартай дэд бүтцийг бий болгох нь тулгамдсан асуудлын нэг. Эдгээр асуудалд Хөгжлийн банк хариулт өгөх ёстой. Ингэж чадвал Хөгжлийн банк Монголын хөгжлийн гол хурдасгуур болох учиртай.
-Хөгжлийн банкны хөрөнгө орлогын эх үүсвэр нь юу байх вэ?
-Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь 100 хувь Засгийн газар байна. Хөрөнгө, орлогын эх үүсвэрийн тодорхой хэсгийг улсын төсвөөс хуваарилна. Мөн төсвийн тогтвортой байдлын хуулиар баталсан Тогтворжуулалтын сан"-гийн ДНБ-ий 10 хувиас давсан хэсгийг энэ банканд төвлөрүүлнэ. Нөгөө талаас энэ банкнаас УИХ-аас баталсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиолдолд Засгийн газар баталгаа гаргах юм. Энэ баталгаа нь Хөгжлийн банкны хамгийн том орлогын үүсвэр. болно. Тодруулбал, төмөр замын сүлжээ, шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг хөтөлбөрүүдийн санхүүжилтэд гэхэд л 10-20 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 50 орчим сая ам.долларт хүргэх бүрэн боломж бий. Тодруулбал, одоо ашиглаж байгаа төрийн оролцоотой стратегийн ордуудын активын тодорхой хэсгийг ашиглах.Энэ талаар Хүний хөгжил сангийн тухай хуулийн холбогдох заалтыг Засгийн газар яаралтай хугацаанд хэрэгжүүлэхэд л энэ боломж бүрдэнэ. Тэгвэл хуульд зааснаар Хөгжлийн банкны зээлийн баталгаа гаргах дээд хэмжээ нь өөрийн хөрөнгөөс 50 дахин илүү байж болох учраас 2.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах боломжтой болно гэсэн үг.
-Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь хийсэн төслийг даатгалд хамруулахаар хуульчилсан. Энэ талаар тодруулахгүй юу. Өөрөөр хэлбэл, зээлийн эрсдэлийг багасгаж байна гэсэн үг үү?
-Тийм. Ер нь ямар ч эрсдэлгүй санхүүжилт, зээл ховор л доо. Хөгжлийн банк зураг, төсөл, техник эдийн засгийн үндэслэл нь олон улсын түвшинд хийгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр хуульчлагдсан. Энэ бол эрсдэлийг бууруулах нэг зохицуулалт. Түүнчлэн Засгийн газраас баталгаа гаргаж Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийн зээлийг даатгалд хамруулахаар хуулийн зохицуулалттай болсон. Энэ нь зээлийн өртгийг бага зэрэг өсгөх боловч, нөгөө талаас эрсдэлийг багасгах түлхүүр нь юм. Энэ саналыг З.Энхболд гишүүн гаргасан. Мөн монгол улсын санхүү, мөнгө,зах зээл, үнэт цаасны зах зээлтэй холбоотой хяналт нь монгол банк, санхүүгийн зохицуулах хороонд байх хууль, эрх зүйн орчинтой. Ийм боломж нь хэвээрээ хадгалагдсан. Эдгээр хяналтыг хэрэгжүүлэхдээ хараат бус ТУЗ-ийн гишүүдээс гадна Хөгжлийн банк жил бүр бизнес төлөвлөгөөгөө батлахдаа Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос санал авдаг байхаар хуульчлагдсан.
-Чуулганы хэлэлцүүлгийн явцад банкны удирдлагын асуудал нэлээд анхаарал татаж байсан. ТУЗ-ийн гишүүдийн 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байхаар хуульчилсан. Тэгвэл удирдлагыг нь хэрхэн сонгохоор болсон бэ?
-Хэлэлцүүлгийн явцад хоёр үндсэн санал гарсан. Саяхан Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо хоёр хамтран Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг сонгох тендер зарласан боловч одоо зогсоогоод байгаа гэсэн. Учир нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг аливаа орны төрийн өмчийн банкны менежментийн багт өгөх нь тийм сайн зүйл биш. Энэ банкны удирдлагад аль болохоор тухайн салбарын дэлхийн хэмжээний хувийн хэвшлийн салбарт ажилладаг шалгарсан менежерүүдийг эхний жилүүдэд ажиллуулах нь зүйтэй юм. Дэлхийн хэмжээний санхүүжилтийн банк, хөрөнгө оруулалтын сан тэр сангийн удирдлага хэн гэгч байна вэ гэдгээс хамаарч ямар ашигтай ажиллах нь тодорхойлогддог нь бичигдээгүй хууль.
-Байнгын хороодоор хуулийн төслийг хэлэлцэх үед Ч.Улаан гишүүний "Ашигтай томоохон төслийг сонгож, санхүүжүүлнэ" гэсэн санал Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдээгүй. Ч.Улаан гишүүний хэлж буйгаар ашиггүй том төслийг санхүүжүүлбэл банкны үйл ажиллагаа доголдолд орно гэж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна?
-Хөгжлийн банк нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг яг мөрдөхгүй боловч ерөнхийд нь зарчмаа болгосон байдлаар сонгон шалгаруулалт явуулж төслөө шалгаруулна. Угаас хуульд ашигтай төсөл гэж байгаа. Хамгийн чухал асуудал нь дээрх сонгон шалгаруулалт нь ил тод явагдах юм.
-Тэгвэл Д.Тэрбишдагва нарын 10 гаруй гишүүд Хөгжлийн банк нь жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлж болно гэж хуульчлахаар санал оруулж байсан. Үүнийг та ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж бодож байна вэ?
-Хөгжлийн банкнаас жижиг, дунд үйлдвэрийн төслийг санхүүжүүлэхэд зориулж зээл олгохгүй. Харин өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэр, концессын гэрээгээр болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслүүд буюу энэ гурван тохиолдолд Засгийн газар баталгаа гаргаж болох хуулийн орчин бүрдсэн байгаа. Гадаадын томоохон орнуудад жижиг, дунд үйлдвэрт олгож байгаа зээл нь хүүгүй, эсхүл маш бага хүүтэй, дээр нь барьцааны хөрөнгөгүй атал тодорхой түвшинд банк санхүүгийн байгууллагаас баталгаа гаргаж байгаа. Манайд ч энэ тогтолцоо эрхзүйн орчин бүрдүүлэх ёстой гэдэг дээр УИХ, Засгийн газар нэгдсэн саналд хүрсэн. Тиймээс "Жижиг дунд үйлдвэрийг зээлийн батлан даалтын тухай хуулийн төсөл" бэлтгэгдэж байгаа. Удахгүй өргөн баригдана. Гэхдээ энэ жижиг дунд үйлдвэрийн зээлийг олгох банк нь 100 хувь хувийн хэвшлийнх байх уу, эсхүл бусад орнуудынх шиг төр болон хоршоологчдын хамтарсан хөрөнгө оруулалттай банк байх уу гэдгийг хараахан ярилцаагүй, шийдээгүй байна.