Д.Ганхуяг: Засгийн газар 2,5 тэрбум долларын баталгаа гаргах боломжтой
2011.02.17

Д.Ганхуяг: Засгийн газар 2,5 тэрбум долларын баталгаа гаргах боломжтой

УИХ намрын чуулганыхаа төгсгөлд Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан билээ. Улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн томоохон төслүүдийг уг банкнаас санхүүжүүлэх учиртай. Хөгжлийн банк байгуулснаар төр нуруун дээрээ тoм эрсдэлхүлээнэ, голтөслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлж үр дүнг ньүзнэ гэх мэт олон байр суурийг гишүүд илэрхийлж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулах Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийг ахалсан юм.

-Банкны эх үүсвэр үгүй байхад хууль гаргаад үр дүнд хүрэхгүй гэж хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн шүүмжилж байсан. Хөгжлийн банк байгуулахын гол ач холбогдол юу вэ?

Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь засгийн газар байж, орлогын эх үүсвэрийн тодорхой хэсгийг улсын төсвөөс хуваарилах юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар баталсан "Тогтворжуулалтын сан"-гийн ДНБ-ий 10 хувиас давсан хэсгийг уг банканд төвлөрүүлнэ. УИХ-аас баталсан төсөл, хөтөлбөрүүдийг тус банкнаас санхүүжүүлэх тохиолдолд Засгийн газар баталгаа гаргахаар хуульд тусгасан. Хөгжлийн банканд Засгийн газар зээлийн баталгаа гаргаснаар дотоодын, олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах, худалдан авах, зээл авах болон бусад хэлбэрээр санхүүжилт босгоно. Мэдээж банкны өөрийн хөрөнгө гэж бий. Одоо ашиглаж байгаа, төрийн оролцоотой стратегийн ордуудын активын хөрөнгийн тодорхой хэсгийг ашиглах замаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 50 орчим сая долларт хүргэх боломжтой.

УИХ-аас баталсан улсын хөгжилд тэргүүлэх болон стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг олон улсын түвшинд хийсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг нь харгалзан Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ. Одоо банк байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдсэн учраас төмөр замын сүлжээ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, "Шинэ бүтээн байгуулалт" зэрэг хөтөлбөр энэ оны хоёрдугаар хагаст багтан хэрэгжиж эхэлнэ. Импортыг орлох нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үндэсний том үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл, бодлогоор дэмжих, улсын хөгжилд чухал шаардлагатай дэд бүтцийн салбараа хөгжүүлэх зорилгоор энэ банкийг байгуулж байгаа шүү дээ. Бас арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй, үйл ажиллагаа нь давхардахгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана гэдгээрээ онцлог.

-Засгийн газарт баталгаа гаргах эрх олгохдоо дээд хэмжээг нь тогтоосон уу?

-Хөгжлийн банкны зээлийн баталгаа гаргах дээд хэмжээ өөрийн хөрөнгөөс нь 50 дахин илүү байж болохоор хуульчилсан. Тэгэхээр Засгийн газар 2.5 тэрбум долларын баталгаа гаргах боломжтой гэсэн үг.

-Төмөр замын сүлжээ, шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 10-20 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэ их мөнгийг улсын төсвөөс гаргах боломжгүй учраас Хөгжлийн банк байгуулах шаардлагатай гэж Сангийн сайд тайлбарлаж байсан л даа.

-Энэ оны нэгдсэн төсвийг 9.9 хувийн алдагдалтай баталсан. Монгол Улс ашигт малтмалын асар их баялагтай атлаа төсөв, санхүүгийн үзүүлэлт муу байдаг. Төсвийн зарлага ДНБ-ий 52.1 хувьд хүрчихсэн. Хөгжлийн банк байгуулах бас нэг зорилго нь эдгээр харилцааг зохистой түвшинд хадгалж хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх явдал. Манай улсын төсөв, эдийн засаг ашигт малтмалын салбараас хэт их хамааралтай болж байна. Тиймээс энэ салбарын орлогын тодорхой хэсгийг тус банкаар дамжуулан стратегийн, тэргүүлэх салбараа санхүүжүүлж, хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх юм. Ингэснээр манай төсөв, санхүүгийн үзүүлэлт зохистой байж, хувийн хэвшилд суурилсан эдийн засаг хөгжих боломж бүрдэнэ. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын үрдүн хангалтгүй байна. Арилжааны банкнуудын өгч чаддаггүй, нөхцөл сайтай том зээлийг энэ банк олгоно. Эдийн засгийн өсөлтийг бий болгох, хүлээж авахад шаардагдах дэд бүтэц хэрэгтэй байна. Энэ бүхнийг Хөгжлийн банк шийдэж чадвал Монголын хөгжлийн гол хурдасгуур болох учиртай.

-100 хувь төрийн өмчийн банк болно гэж байгаа. Улс төрөөс хараат бус, бие дааж ажиллах баталгааг нь хуульд хэрхэн хангасан бол?

-Бие даасан хууль гаргаж, банк байгуулж буйн нэг зорилго нь хараат бус ажиллуулахад оршиж байгаа юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь хараат бус байна. Тухайн харилцаанд тэгш оролцоог хуулиар хангаснаар хараат бус байдлыг хангаж чадна. Тиймээс хувийн хэвшил, арилжааны банкнууд, Монгол банк зэрэг байгууллагын төлөөллийг ТУЗ-д нь оруулсан. Бас Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ батална. Үйл ажиллагааных нь тайланг УИХ-д жил бүр танилцуулах ёстой. УИХ-аар хэлэлцэнэ гэдэг бол олон нийтийн хяналт тогтооно гэсэн үг. Мөн банкны удирдлага тайлангийнхаа үнэн зөв эсэхийг хариуцаж, түүнийг олон нийтэд нээлттэй байлгах үүрэг хүлээсэн. Хариуцлагын тогтолцоог ч тодорхой тусгасан.

- УИХ-аас батлах жагсаалтдаа үр дүнгүй төсөл, хөтөлбөр "шургуулчихвал" эрсдэлийг нь төр, тодруулбал татвар төлөгчид хүлээнэ шүүдээ?

-Ямар ч эрсдэлгүй санхүүжилт гэж байхгүй. Тухайн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ тодорхой шалгуур тавина. Энэ бол эрсдэлийг бууруулах нэг зохицуулалт. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх Засгийн газраас баталгаа гаргасан төслийн зээлийг даатгалд хамруулахаар хуульчилсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо санхүү, мөнгө, үнэт цаасны зах зээлд хяналт тавина.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.