Хөгжлийн банк – Хөгжлийн хурдасгуур
2009.09.28

Хөгжлийн банк – Хөгжлийн хурдасгуур

Аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг ашигт ажиллагааны түвшин доогууртай, урт хугацаатай хөрөнгө оруулалт шаарддаг ч улс орны хөгжилд өндөр ач холбогдолтой салбаруудыг харьцангуй бага хүүтэй, их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрээр хангах боломж манай санхүүгийн салбарт дутмаг байна.

2009 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт зээлдэгчдийн 99.4 хувийг 50 хүртэл сая төгрөгийн зээл авсан зээлдэгчид бүрдүүлсэн бол 200-500 сая төгрөгийн зээл авагчид дөнгөж 0.1 хувийг эзэлж, 500 сая-1 тэрбум төгрөгийн зээл авагчид 0.1 хувь ч хүрэхгүй байсан нь үүний нэгээхэн жишээ гэлтэй.

Иймээс, Монгол Улсын Засгийн газар “ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд бүтээлч хөрөнгө оруулалт буюу эдийн засгийн хөгжилд чиглэгдэх дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банк байгуулах тухай тусгасан.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь арилжааны банкныхаас хэд хэдэн чухал ялгаатай байдаг. Арилжааны банк нь ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг бол Хөгжлийн банк нь тухайн улс болон бүс нутгийн хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа эрхэлдэг. Иймээс, арилжааны банктай харьцуулахад Хөгжлийн банкны зээлийн хэмжээ нь их, хүүний түвшин нь харьцангуй бага, хугацаа нь илүү урт байдаг онцлогтой.
Хөгжлийн банк зөв ажиллавал тухайн улс орны хөгжил дэвшлийг хурдасгахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр Орос, Хятад, Герман, Солонгос, Энэтхэг, Япон, Испани, Бразил, Сингапур зэрэг олон орнууд хөгжлийн банк байгуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт, төслийн арга хэмжээг санхүүжүүлэх, тухайн улс орны болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах хэрэгсэл болгон амжилттай ашиглаж байна.Тухайлбал, БНХАУ-ын Хятадын Хөгжлийн банкны жишээг дурдаж болно. Хятадын Хөгжлийн банк 1994 онд байгуулагдсанаас хойш хугацаанд банк дэд бүтэц, аж үйлдвэр, харилцаа холбооны салбарт 1.6 их наяд юаны 4000 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, банкны олон талт үйл ажиллагаанаас олж буй ашгийнхаа хэмжээгээр БНХАУ төдийгүй Ази тивд тэргүүлэгч банкуудын нэг болж чаджээ.

Монгол Улсад Хөгжлийн банк байгуулагдан амжилттай ажиллаж чадвал олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын тэргүүний туршлагаас дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, үндэсний хөгжлийн тэргүүлэх салбаруудыг шаардлагатай санхүүжилтээр хангах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хянаж ажиллах зэргээр үндэсний хөгжлийн нэг хурдасгуур болох болно.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 66-р тогтоолоор Хөгжлийн банк байгуулах асуудлаар холбогдох санал болон баримт бичгийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ч. Хашчулуун даргатай ажлын хэсгийг байгуулагдан амжилттай ажиллаж байна.

Манай банкны тогтолцооны түүхэнд төрийн өмчит арилжааны банкууд дампуурч байсан түүх бий. Энэ гашуун туршлагыг Хөгжлийн банк давтахгүй гэсэн баталгаа бий юу?
Монгол Улсын Хөгжлийн банк өмнө нь байгуулагдаж байсан төрийн өмчит банкуудтай харьцуулахад дараах онцлогтой. Үүнд:”

  • Хөгжлийн банкны хувьцааны тодорхой хувийг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд эзэмшинэ.
  • Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг туршлагатай, чадварлаг олон улсын баг хариуцаж ажиллана.”

Хөгжлийн банкны хувьцааны тодорхой хувийг хөгжлийн санхүүгийн чиглэлээр олон жил амжилттай ажилсан олон улсын байгууллагууд эзэмшсэнээр уг банкны үйл ажиллагаанд төрөөс гадна олон улсын байгууллагуудын хяналт бий болох төдийгүй тэдгээрийн тэргүүний ололт, туршлагыг банк өөртөө нэвтрүүлэх боломж бий болно.

Манай оронд урьд өмнө нь Хөгжлийн банк байгуулагдаж байсан туршлага байхгүй учир банкны удирдлагын багийг туршлагатай, чадварлаг дотоод, гадаадын олон улсын мэргэжилтнүүднээр бүрдүүлэхээр төлөвлөж байгаа ба энэ нь банкны удирдлагыг явцуу ашиг сонирхлын бүлгийн сөрөг нөлөөнөөс хамгаалах давхар ач холбогдолтой юм.

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн төлөөлөл, олон улсын санхүүгийн байгууллагууд хамтран хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтыг нь явцуу сонирхлын бүлгээс ангид удирдлагын баг хариуцан ажилснаар урьд нь манай банкуудад тохиолдсон гашуун туршлага ахин давтагдах эрсдэл багасч байгаа юм.

Хөгжлийн банк байгуулагдсанаар арилжааны банкуудад ямар ач холбогдолтой вэ?
Хөгжлийн банк байгуулагдсанаар манай арилжааны банкуудад санхүүгийн шинэ боломжууд бий болно. Тухайлбал, арилжааны банкуудын хувьд дангаараа санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг Хөгжлийн банк хамтран санхүүжүүлэх боломжтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.