Хөгжлийн банк байгуулах ажлын хэсэг байгуулагдав
2009.07.01

Хөгжлийн банк байгуулах ажлын хэсэг байгуулагдав

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банк байгуулах тухай асуудлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор танилцууллаа. Холбогдох санал, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунаар ахлуулан байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
2008 оны 3 дугаар улирлын байдлаар манай улсын банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авсан нийт зээлдэгчдийн тоо 345 орчим мянга байснаас 500 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх зээл авсан зээлдэгчийн тоо дөнгөж 145 байна. Энэ нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд улс орны эдийн засгийн хөгжилд шаардлагатай дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтыг хангаж чадахгүй байгаа учир Хөгжлийн банк байгуулах шаардлагатай болжээ.

Арилжааны банкууд ашгийн төлөө ажилладаг бол Хөгжлийн банк нь тухайн улс болон бүс нутгийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж бага хүүтэй, зарим тохиолдолд хүүгүй, урт хугацаатай зээл өгдөг.
Олон улсын туршлагаас үзэхэд Хөгжлийн банк нь ихэвчлэн үйлдвэрлэл, дэд бүтэц, нийгмийн салбар зэрэг улс орны хөгжилд ач холбогдолтой ч ашигт ажиллагааны түвшин доогуур, урт хугацаатай хөрөнгө оруулалт шаардсан салбарыг дэмждэг.

ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Энэтхэг, Япон, Испани, Казахстан, Бразили, Сингапур зэрэг орон Хөгжлийн банк байгуулж амжилттай ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.