Х.Баттулга: Хөгжил гэж ярьдгаас юуг хэлдгийг мэддэггүй
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлав. Цагийг нь тулгаж байж, яаруу сандруу хэдэн хууль баталж гаргалаа. Хөгжлийн банк байгуулах асуудал нэлээд маргаан тариад авсан. Хаврын чуулганаар хэлэлцэхээр чухалд тооцогдох олон асуудал үлдээлээ. УИХ-ын гишүүд намрын чуулганд ямар дүн тавьж буйг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.БАТТУЛГА:
-Ерөнхийдөө хөгжлийн бодлоготой холбоотой нэлээд том, түүхэн гэж хэлэхээр хуулийн төслүүдийг баталлаа. Ингэж батлагдсанаараа том алхам болж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө дараагийн Засгийн газар, УИХ-ын гишүүд ажиллах байх. Манайхан хөгжил гэж ярьдаг болохоос хөгжил гэж юуг хэлдгийг мэддэггүй байсан. Хөгжлийн концепцоо баталсан нь амжилт юм. Сэтгэл дундуур, удаан, тааруу шийдвэр гаргасан зүйл олон байна. Хаа сайгүй л тийм байдаг юм шиг байна шүү дээ. Хөгжлийн банкны хувьд арилжааны банкнаас өөр, Монгол Улсыг хэрэгжүүлэх том хэмжээний төслийг хэрэгжүүлэх дамжлага болж явах концепцтой юм. Ирэх хаврын чуулганыг сонгуулийн амлалтаа биелүүлэх шийдвэр гарсан, иргэд нь ажил төрөлтэй, ядуурлын эсрэг бодлогын чиглэлийн шийдвэртэй, Сонгуулийнхаа хуулийг баталсан чуулган байгаасай гэж хүсэж байна.