Ж.Энхбаяр: Эхлээд аюулгүй байдлаа бодьё
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.01.16

Ж.Энхбаяр: Эхлээд аюулгүй байдлаа бодьё

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цөөн асуултад хариу авлаа.

-Төмөр замыг хэрхэн тавихаас болоод салбарын яам, төмөр замын компани хоёр нь зөрчилдөөд байна. Энэ хоёрын алиных нь зөв юмбэ?

-Аливаа хилийн боомт болон хил дагасан дэд бүтцийн асуудал, хатуу дэд бүтцийг олон өнцгөөс харах ёстой. Нэгд, аюулгүй байдлын язгуур эрх ашигт аль нь нийцэх вэ гэдэг чухал. Бид юм болгонд зөвхөн эдийн засгийн агуулгаар хандах гээд байдаг дутагдал сүүлийн 20-иод жилд бий болчихож. Одоо бол эдийн засгийн агуулгаасаа илүүтэй үндэсний аюулгүй байдлаа бодох ёстой. Аль нь аюулгүй байдалд хэрэгтэй вэ гэж хандвал зөв шийдвэр гарна.

-Салбарын яам нь төрийн бодлогын дагуу өргөн царигтай төмөр зам гээд байгаа бололтой?

-Миний харж байгаагаар яг төмөр зам нь л гэж ойлгоход хэцүү. Төмөр зам нь юунд зориулагдаж байгаа вэ, аль зам бэ, хэний мэдэлд байгаа уурхайгаас нүүрс зөөх вэ гээд асуудал бий. Хэнд зориулж төмөр зам тавих гээд байгаа юм бэ гээд өргөн хүрээнд асуудлыг харж, ойлгож уялдуулах ёстой.

Жишээ нь, өргөн, нарийн царигийн асуудал дээр аль хөрштэйгөө дэд бүтцийн холболт хийх вэ гэдэг сонголт, эрдэс баялгийн нөөц нь хэний мэдэлд байна вэ гээд асуудал бий.

-Хятадтай холбох төмөр замын цариг өргөн байх шаардлагатай гэжүү?

-Өнөөдөр өргөн царигтай л байгаа шүү дээ. Замын-Үүдээр бид Хятадтай өргөн царигтай төмөр замаар холбогддог. Ер нь бол төмөр замын талаархи бодлого УИХ дээр гарчихсан. Үүнийг л Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.