Нарийн царигийг сонговол Монголын баялаг хяналтгүй урсана
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга
2013.01.17

Нарийн царигийг сонговол Монголын баялаг хяналтгүй урсана

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо “Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 32 дугаар тогтоолын талаар хаалттай хэлэлцэж дууслаа.

Хуралдаан дууссаны дараа энэ талаар Зам, тээврийн сайд А.Гансүхээс тодруулга авах гэсэн боловч “Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийх боломжгүй” гэсэн юм. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас товч тодруулга авлаа.  

-“Монголын Төмөр зам” төрийн өмчит компанийн дарга асан М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг янз бүрээр ярьж байна. Өргөн, нарийн цариг сонгох дээр зөрчилдсөн гэх нь байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-УИХ-аас 2010 онд “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого” батлагдсан. Нэгэнт УИХ баталсан бол Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Тиймээс уг бодлогыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Засгийн газар байгуулсан. Энэ Ажлын хэсэгт багтсан сайд нар Ерөнхий сайдад бүх ажлаа цаг тухайд нь тайлагнаад явж байгаа.

-Нарийн цариг манай улсад ашиггүй гэж байгаа. Яагаад?

-Өргөн, нарийн царигийн талаар их ярьж байна. Мэдээж бид аль нэгийг нь сонгож батлуулахдаа мэргэжлийн түвшний судалгаануудыг олон удаа хийж, сайтар хянаж байж сонгоно. Гэхдээ маш энгийнээр тайлбарлах гээд үзье. Бид өнөөдөр гурван сая хүрэхгүй хүн амтай хэрнээ газрын асар их баялагтай. Үүгээрээ газрын баялгаар бизнес хийдэг дэлхийн бүх орны сонирхлыг татаж байна. Ийм тохиолдолд хүн ам цөөтэй, газар нутаг том, мал аж ахуй эрхэлдэг манай орон газрынхаа баялгийг өөрсдөө бодлогоороо зардаг болохын тулд өргөн, нарийн царигийг маш болгоомжтой сонгох ёстой. Нөгөө талаар маш хурдтай эдийн засаг нь хөгжиж байгаа, дэлхийн эдийн засагт тэргүүлэх хэмжээнд очиж байгаа урд хөрш буюу БНХАУ-д эрчим хүч гэх мэт асар их баялаг хэрэгцээтэй болж байгаа.

Тэгэхээр хэрэв БНХАУ-д явж буй нарийн царигийг манай улс сонговол баялаг маань ямар ч удирдлага, хяналтгүй гарч эхэлнэ.

Өөрөөр хэлбэл бид баялгаа гаргахдаа өөрсдийн “карант”-тай, дотоод удирдлага, хяналттай байх хэрэгтэй.

-М.Энхсайхан даргыг халсны дараахан Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдсан нь сонирхол татаж байна. Яагаад хаалттай хэлэлцсэн юм бэ?  

-Яахав, түрүүчийн УИХ-ын гишүүд энэ талаар мэдээлэл сайтай, хангалттай байсан. Харин одоогийн гишүүдэд илүү их мэдээлэл хэрэгтэй учир дэлгэрэнгүй танилцуулах шаардлагатай болсон юм. Төмөр зам гэхээр хүмүүс их хол, мэдээлэл багатай байсан л даа.

-Ерөнхий сайд хоёр талын байр суурийг сонсож, мэдээлэл авахаар товлосон өдрийн өглөө М.Энхсайханыг халсаныг тантай холбоотой гэж тайлбарлаж байсан. Төрийн өмчийн хороо танай яаманд харъяалагдсаны дараахан ийм шийдвэр гарсан?

-Би мэдэхгүй байна. Үүнийг М.Энхсайханаас өөрөөс нь асуух хэрэгтэй байх. “Монголын төмөр зам” бол төрийн өмчит компани. Шинэ тогтоолоор Төрийн өмчийн хороо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд зангилагдаж байгаа. Яагаад гэвэл үйлдвэрээ хөгжүүлнэ, үйлдвэр нь төрийн өмчит Сайншанд гэдэг ч  юм уу ийм ажлуудаа зангидахын тулд манай яаманд харьяалагдаж байгаа.