Гэр хорооллыг барилгажуулах ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр
2013.01.07

Гэр хорооллыг барилгажуулах ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа.

-Зургаан хэсгийн гэр хороол­лыг барилгажуулна гээд нийслэлээс зарлачихлаа. Энэ байрш­луудыг  ямар шал­­гуу­раар сонгосон бэ?

-Гэр хорооллыг барил­га­жуу­ла­хын тулд хамгийн түрүүнд ан­хаа­рах гол асуудал бол дэд бүтэц. Миний хувьд энэ асуудлыг нь ха­риу­цаж байгаа. Дэд бүтэц талаас нь харж байгаад эхний ээлжинд зур­гаан газрыг сонгосон юм. Ха­нын материалын эцсийн буудал хавийн газар гэхэд л бохир, цэвэр ус, дулаан хангамж цахил­гааны найдвартай эх үүсвэр­тэй. Дэд бүтцийг нь өргөтгөөд явахад ба­рил­­га байшин барих бололцоо өндөр. Дараагийн байршил нь Гандан. Энд 61 айл бохирын шуга­мууд дээр байрласан байгаа. Тэр айлуудыг  чөлөөлж чадвал бохир усны шугамыг нь үндсэн цэвэрлэх байгууламжтай холбочих юм.  Ингэ­вэл дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдэнэ гэсэн үг.  Ам­га­лангийн хувьд  Цэргийн их  сур­гууль, УС-15 гээд тэр хавьдаа  дулааны нөхцөл нэлээд сайтай. Цахилгааны эх үүсвэр нь ч болом­жийн. Цэвэрлэх байгууламж, бо­хирын цэвэр усны эх үүс­вэ­рүүд­тэй. Дарь эхийн овоо, Дам­ба­дар­жаагийн тухайд Дэлхийн хөгжлийн банкны хамтын ажил­ла­гааны хүрээнд  бохирын шугам тавьчих­сан. Одоо ашиглалтыг нь сайж­руулах, цахилгааны дэд өр­төө­нүүдийг барих ажил бий.  Өөр нэг онцлох зүйл гэвэл энэ хавьд  цэвэр усны шугам оччихсон. Тэгэ­хээр дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэх боломж бүрэн бий гэж ойлгож болно.

-Азийн хөгжлийн банкнаас  Баянхошуу, Долоон буудал ха­вийг орчин үеийн хороолол бол­гох ажил эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?

-Бидний хийж байгаа ажлаас гадна онцолж хэлэхээр ажил гэвэл энэ л дээ. Азийн хөгжлийн банкны төслөөр эхний санамж бичигт га­рын үсэг зурснаар Сэлбэ буюу Долоон буудал орчим газарт 250 орчим сая ам.долларын хөрөн­гөөр анхны судалгааны ажлууд хийг­дээд эхэлсэн. Баянхошууны шинэ эцэс орчмын газар ч тэдний төсөлд  хамрагдана.

-Та түрүүн Гандангийн 61 айл бохирын шугам дээр байгаа гэж ярилаа. Тэр айлуудтай газар чөлөөлөх талаар яриа хөөрөө хийсэн үү?

-Өнгөрсөн намар Э.Бат-Үүл дарга бид хоёр тэр хорооны иргэд­тэй уулзахдаа энэ талаар хөндсөн. Дахин төлөвлөлтөд орол­цъё гэсэн иргэд байгаа. Тү­рүү­­ний дурд­сан 61 айлын газрыг чөлөөлөхөд хууль эрх зүйн хувьд нөхөн олговор олгох асуудал яригдана. Мөнгөний үнэ цэнээ зах зээлийнх нь хэм­жээнд ойлголцох зэргээс эхлээд  асуудал үүсэх байх. Ойлголцож чадвал  орон сууцны асуудлыг нь шийдэх бо­ломж бий. Өөр нэг асуудал гэвэл зарим нэг айл нь газрын зөв­шөө­рөл­гүй байгаа. Үерийн ам буюу инженерийн байгууламжийн дээр буусан айлуу­дыг чөлөөлөх асуу­дал бий. Гэхдээ бид хүний суурьш­сан газрыг хү­чээр авахыг урьдал болгохгүй. Хууль дүрэм талаасаа ойлголцъё гэсэн бодол санаатай байгаа.

-Газар чөлөөлөлтөн дээр нэлээд асуудал гарах байх. Ер нь иргэд газраа чөлөөлөх тал дээр ямар бодолтой бай­гаа бол. Энэ чиглэлээр хий­сэн судалгаа бий юу?

-Газар чөлөөлнө гэдэг ярвиг­тай, түвэгтэй асуудал л даа. Гэхдээ нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн дунд явуулсан судал­гаа­гаар 50-иас илүү хувь нь газраа орон сууцаар солих сонирхолтой гэсэн хариу гарсан. Гэхдээ газар чөлөөлөх асуудал дээр нэг зүйл ажиглагдаж байна. Хүмүүсийн итгэл байхгүй болчихож.  Эд нар ярьснаараа хийх болов уу, арай гэж олсон хөрөнгөө алдчихвал яах вэ  гэсэн болгоомжлол их байна. Өмнө нь энэ чиглэлээр  хийгдсэн  ажлуу­дын зохион байгуулалтаас болоод итгэл нь алдарсан өрх олон байна. Бидний хувьд итгэл өгөхийн тулд хэд хэдэн ажил хийж эхэлсэн.  Жишээ нь Зуун айл дээр 300 айлын орон сууц ашиглалтад оруулж байна. Газраа чөлөөлсөн айлуу­дыг тийш нь оруулах юм. 300 айлыг энэ  байранд оруулахад овоо хэдэн га газар чөлөөлөгдөнө гэсэн үг.

-Тэгэхээр газраа чөлөөлсөн айлууд шууд орон сууцанд орчи­хож байна гэсэн үг үү?

-Орон сууцанд ортлоо байрлах байр. Дамжин өнгөрүүлэх байр гэж ойлгож болно. Одоогоор орсон айл алга байна. Хавраас оруулж эхлэх байх.

-Тэгвэл газраа чөлөөлж өг­сөн иргэд орон сууцаа ашиг­лал­тад ортол байраар хан­гаг­дах бо­ломж­той байх нь ээ?

-Манай Гэр хорооллын хөгж­лийн газрынхан энэ асуудал дээр анхаарч ажиллаж байгаа.

-Нэг хэсэг гэр хороолол руу дулааны шугам татаж дэд бүт­цийг нь шийдээд өгчихье, тэгвэл айлууд тохилог хаус­тай болох боломжтой гэсэн яриа гарч бай­сан. Саяын зур­гаан байршлын алин дээр нь энэ санааг хэрэг­жүү­лэх гэж байна?

-Дэд бүтэц оруулаад орхих нь хамгийн зөв бөгөөд аль аль тал­даа ойлгомжтой асуудал л даа. Хэрвээ тэгчихвэл айлууд гэр рүү­гээ дулаан татаж асуудлаа ший­дэх болол­цоо­той. Гэхдээ тэр бол­гоныг хийх хөрөнгө мөнгөний бололцоотой айл ховор байна. Ихэнх айл ба­рил­гажуулах саналыг дэмжиж бай­гаа.  Тэгэхээр орон сууцжуулах нь илүү бодитой ажил гэж харж байна. Одоогоор онцолсон хэсгийн айлуу­дын са­налыг авах судалгаа яваг­даж байна. Ер нь бол энэ ажилд төр шууд оролцохгүй. Хувийн ком­пани, иргэд хооронд яриа хэлц­лүүд явагдана. Хотын захиргааны зү­гээс  зохицуулалтын ажил хий­нэ. Залилан мэхлэлт, ярьсан гэ­рээ­­нээ­сээ буцах зэрэг иргэдийн эрх ашиг­тай холбоотой асуудал  дээр хя­налт тавих маягаар ажил­лана.

-Гэр хорооллыг барил­гажуу­лах­даа  дан орон сууц барих уу, эсвэл нийтийн хямд бай­рууд барих төлөвлөгөө бай­гаа юу?

-Тохилог орон сууцаар хангах нь л бидний гол зорилго. Нийтийн хямд байр барьсан газрууд  цөөн­гүй байдаг юм билээ. Хотын өнгө үзэмж, бидний бодож байгаа бод­ло­год таарахгүй л дээ.

-Хувийн компаниуд гэр хо­роол­лыг барилгажуулах аж­лыг  хэр сонирхож байна?

-Саяхан манай барилга хот байгуулалт төлөвлөлтийн газ­рын­хан уулзалт зөвлөгөөн хийхэд олон компанийн төлөөлөл ирсэн. Оролцох сонирхол өндөр байна лээ. Нөхцөл боломжоо харах, гэрээгээ яаж хийх, хүмүүстэйгээ хэрхэн ойлголцох зэрэг олон асуу­дал цаана нь байгаа учраас шийд­­вэ­рээ шууд гаргахгүй л дээ. Бидний хувьд иргэд болон ком­паниудын  хариуцлагатай ажил­лах бололцоог бүрдүүлэх талд ажиллана гэж бодож байна.

-Гэр хорооллыг барилга­жуу­ла­хад хөрөнгө оруулах боди­той санал тавьсан компани бий юу?

-Яг одоохондоо ийм мөнгө ингэж оруулъя гэсэн компани алга. Хүсэлтээ гаргах боломж бололцоо нь энэ хавар эхлэх байх. Зурагт буюу Чингэлтэй дүүргийн ес, арав­ду­гаар хороо руу барилгын нэг компани санал оруулчихсан явж байгаа. 

-Аль хэдэн жилийн өмнө л зурагт орчмын гэр хо­­роол­лыг барилгажуулна гэж ярьж байсан байх аа?

-Яригдаж байгаад одоо л ажил нь эхлэх гэж байна.  Зурагт хавийн байрлал  илүү боломжтой.

Одоо­гийн байдлаар тэр хавьд  650 айлын орон сууц барьчихсан бай­гаа  юм билээ.

Тэгэхээр энэ ажил цааш  явах магадлал өндөр гэсэн үг. Хэлцлээ яаж хийхээс  шалт­гаалах байх. Хэлцэл боломжийн хийгдчихвэл 650 айлын орон сууц бэлэн байгаа гэж ойлгож болно. Тухайн  компанийн зүгээс асууд­лаа нийслэлийнхэнд тавьсан бай­гаа. Бид эцсийн байдлаар ший­дээ­гүй байна.  Ер нь бол шийдэгдчих байх. 

-Компаниудын хөрөнгө оруу­ла­хаар сонирхож байгаа байрш­­луу­даас  онцолж хэлэхээр өөр газар байна уу?

-Хамгийн их сонирхож байгаа газар гэвэл  Зуун айлын Ногоон нуур орчим, Наран туулын хавьцаах айлууд. Айлууд газраа шууд барилгажуулаад солиход үнэ цэнэтэй газар гэсэн үг.

-Газраа орон сууц болгох хүсэлтэй айлуудын хувьд ба­рил­­гажуулах ажил хэзээ эх­лэх бол гэсэн хүлээлт байгаа байх.  Жишээ нь нийс­лэ­лээс зарласан зур­гаан байршлын хувьд барил­гажуулах ажлын цаад хуга­цааг тогтсон уу?

-Бид аль болох хурдан зохион байгуулахын төлөө байна. Хам­гийн гол нөлөөлөх зүйл бол иргэд өөрс­дөө. Газар чөлөөлөх асуудал удаа­ширч, иргэд энэ янзаараа эргэл­зэн­гүй суугаад байвал хуга­цаа тэр хэрээр хойшилно.  Газар чөлөөлөх ажлыг хүчээр хийж болохгүй шүү дээ. Тохиролцоод явж таарна. Өгөхгүй гэвэл хүчээр авахгүй.  Бид тухай бүрд нь ийм нөхцөл байдал үүслээ гэсэн мэ­дээл­лийг олон нийтэд байнга хүргэх болно. Ганц Монгол ч биш Солонгос, Японоос эхлээд маш олон улс дахин төлөв­лөл­тийн ажлуудыг эхлүүлж, хууч­наа ну­рааж шинийг барих ажил хийсэн. Энэ дээр нэлээд турш­­лагаж­сан газрууд бий. Бид тэдний турш­лагыг судалж байна. Гэр хо­роол­лыг барилгажуулах ажил ма­найд  хийгдэж эхлэхдээ олон хүний итгэлийг алдсан ажлууд хийжээ гэсэн зүйл ажиглагдаж байна.  Дундуур нь хувийн ком­паниудын эрх ашиг орсон юм уу гэж хараг­да­хаар  байдалтай байна. Бидний хувьд ийм байдал гаргуулахгүй. Иргэн компани хоёр шууд харил­цаанд орно. Төрийн хувьд дээр хэлсэнчлэн зохицуулах үүрэгтэй ажиллана.  Газраа байраар соли­но, эсвэл байшингаа тохилог бол­го­но. Ийм л хоёр загвар явж бай­гаа.

-Гэр хорооллыг барил­га­жуу­лах ерөнхий зураг гарсан уу?

-Ажлын зураг хийгдэж байна. Энэ бол ажил эхэлсэн гэсэн үг. Дэд бүтцийн зургуудыг хийх мөнгийг төсөвт тусгачихсан. Ажлын зур­гийн хувьд наад зах нь ирэх сарын нэгэнд, хойшиллоо гэхэд гурав­ду­гаар сарын нэгэнд бэлэн болно. Ажлаа дөрөвдүгээр сарын 15-наас эхэлье гэсэн бодолтой байна.