Төв цэвэрлэх байгууламжид анхаарлаа хандуулах цаг болжээ
Барилга хот байгуулалтын яамны хурал
2013.01.30

Төв цэвэрлэх байгууламжид анхаарлаа хандуулах цаг болжээ

Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, УСУГ-ын ерөнхий инженер Д.Баатархуяг нарын албаны хүмүүс  Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд мэдээлэл өглөө. 

Төв цэвэрлэх байгууламж  хоногт 165 000-170 000 куб метр ус хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг өнөөдрийн байдлаар  хийж байна. 1964 оноос ажиллаж эхэлсэн уг байгууламжинд ганцхан  удаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн нь Испанийн Засгийн газрын зээл юм.  15 сая еврогийн өртөгөөр 2003-2008 оны хооронд 2 үе шаттайгаар  9 ширхэг тунгаагуурыг  хийцийн хамт сольж, мөн тооны сараалж шинэчилж, шинэ захын насос зэргийг  суурилуулжээ.  Мөн 2008 онд байгууллага  өөрийн хөрөнгөөр хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх төхөөрөмжийг тавьсанаар техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн жагсаалт дуусч байна.

Гэтэл өнөөдөр уг байгууламжийн хүчин чадал даац хэрээс хэтэрчээ. Гол нь ахуйн бохир усны хог хаягдал асар их болсныг мэргэжлийн хүмүүс онцолж байв.  Үс ноос, лагийн бохирдлоос өдөр бүр сараалж цэвэрлэх асуудал тулгардаг байна.  Ирж байгаа усны бохирдол ихээс гадна олон жил засвар хийгдээгүйгээс бетон хийц элэгдэлд орсныг  дуулгалаа.

"Харгиа" цэвэрлэх байгууламж

Төв цэвэрлэх байгууламжийг бохирдуулагч үйлдвэр аж ахуйн газруудын  тоо 138-д хүрчээ. Улаанбаатар хотод арьс ширний 27, ноос ноолуурын 27, өлөн боловсруулах 16, архи пивоны 21, машин угаалгын 47 аж ахуйн нэгж бохир усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа юм байна.

Иймд бохирдуулагч үйлдвэр аж ахуйн газруудыг өөрийн цэвэрлэх байгууламжтай болгох,  хуучнаар Харгиа цэвэрлэх байгууламж буюу УЦБ НӨҮГ-ыг технологийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих,  бага оврын цэвэрлэх байгууламжийг бүсчлэн байгуулах шаардлага тулгарч буйг хөндлөө.

Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлийг зөвхөн ойрын жилүүдэд хүлээн авах усны хэмжээнд тохируулан хийх санал энэ үеэр гарсан юм. Юуны өмнө сараалжинд шинэ суваг хийх, хоёр ширхэг хоёрдогч тунгаагуур барих асуудал технологийн шинэчлэлтийн хүрээнд хөндөгдөж байна.  Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос бүрмөсөн гаргах асуудал 4 жилийн дараа л цэгцэрч дуусах учраас төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа.

Одооноос энэ ажлыг эхлүүлэхгүй бол Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламжийн асуудал хүнд болжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж барих шаардлага гарна.  Бохирыг 98 хувь цэвэршүүлдэг Герман технологийг Хараа Ерөө голын сав дагуу Дарханд туршиж байсан.  Ийм гарцуудыг хайж төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулан, технологийн шинэчлэлийг шийдвэрлэхгүй бол болохгүй нь гэж сайд хэлэв.  Дараагийн удаад нийслэлийн хүн амын цэвэр усны хангамжийн асуудлыг ч хамтдаа ярилцаж шийдэлд хүрэхээр энэ уулзалтын үеэр ярилцлаа.

УСУГ болон яамны мэргэжилтнүүд асуудлыг тодорхой, мэдээллийн зөрүүг нэг болгон улмаар Ерөнхий сайд дээр танилцуулгыг энэ долоо хоногт багтан хийхээр боллоо.