Н. Гантөмөр: Нийслэлийн Засаг даргын Барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
2012.12.04

Н.Гантөмөр: 2013 онд нийслэлийн 6 дүүрэгт дэд бүтэцжүүлэх ажил хийгдэнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн зургаадугаар хуралдаан өчигдөр боллоо. Тус хурлаар нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилт, нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, ирэх онд хийгдэх газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Концессийн зүйлийн жагсаалт болон ирэх оны нийслэлийн төсөв зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

ИРЭХ ОНД ГЭР ХОРООЛЛЫН 24 БАЙРШИЛ БҮХИЙ 1050.5 ГА ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЖ ХИЙНЭ

Нийслэлийн Засаг даргын Барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н. Гантөмөр, ирэх оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцууллаа. Энэ жил нийслэлийн нутаг дэвсгэрт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар нийт 211 ажил төлөвлөснөөс 115 ажлыг нь бүрэн биелүүлсэн байна.

Харин нийслэл хотын дэд бүтцийг сайжруулах, өргөтгөх, дахин төлөвлөх талаар нийт 67 ажил төлөвлөснөөс 77 хувийг нь биелүүлсэн байна. Нийслэл хотын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар 15 ажил төлөвлөсөн бол наймыг нь бүрэн хийж гүйцэтгэжээ.

2013 онд газар зохион байгуулалтын найман бүлэг 409 ажлын төлөвлөгөө боловсруулжээ.

Үүнд: Газрын менежментийг хэрэгжүүлэх талаар, иргэдэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээний талаар, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын талаар, явган болон авто замын барилга, байгууламжийн талаар нөхөн олговор олгох газрын байршил, хэмжээ, зардал газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил хэмжээ газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын татварын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг бүлэг ажлууд багтсан байна.

Газрын менежментийг хэрэгжүүлэх талаар, иргэдэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээний талаар хийх ажлын бүлэгт нийслэл хотод газрын харилцаа, хот байгуулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын зураглал, мэдээллийн технологи, газрын татвар, төлбөрийн талаар нийт 28 ажил хийхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хуулийг боловсруулан батлуулах, иргэдийн оролцоотойгоор газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт, хот байгуулалтын нийтлэг журам"-ыг батлуулан мөрдөж ажиллах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төслийн арга хэмжээнд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газарт олгох нөхөн олговрын үнэлгээг зах зээлийн үнэлгээнд ойртуулан тооцоолох, өөрчлөлт оруулах зэрэг ажлууд багтсан байна.

Мөн газар зохион байгуулалтын чиглэлээр хийх ажлуудад нийслэлийн нутаг дэвсгэрийн бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй төрийн өмчийн газар болон хот, тосгон бусад суурин газрын нийтийн эдэлбэрийн газрын тооллого хийж, дээрх газруудын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлон тэмдэгжүүлэн хамгаалах, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар дэд бүтэц бүхий тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороо тус бүрээр бүсчлэн боловсруулах, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, төлөвлөлтийг дүүрэг бүрт иргэдийн санаачилга, оролцоотойгоор хийж загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, орон сууцны хороолол доторх төмөр болон тоосгон гараашуудыг цэгцлэн газар ашиглалтыг сайжруулж, орчны тохижилт бүхий нэгдсэн гарааш, хотын төвийн төвлөрсөн хэсэгт авто зогсоол байгуулах ажлыг оршин суугчид болон гарааш, авто зогсоол ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах, мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон захуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, гаргах судалгааны техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, улсын чанартай авто зам, инженерийн шугам сүлжээ барих трассад орсон газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Газрын кадастрын чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж газар эзэмшүүлэх, бусдын эзэмшил ашиглалт өмчлөлд олгогдоогүй газар болон нийтийн эдэлбэрийн газрыг гэрчилгээжүүлэн газрын улсын бүртгэлд бүртгэх зэрэг томоохон ажлуудыг ирэх оны эхний улиралд хийхээр төлөвлөснөө танилцууллаа. Дахин төлөвлөлт хийж, шинэчлэн зураг төсөв боловсруулах гэр хороололд нийт 24 байршилд 1050.5 га газрыг төлөвлөж байгаа гэж мэдээллээ. Мөн ирэх онд Цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг байгуулахад нийт 12 байршилд 11.06 га газрыг төлөвлөөд байна.

Явган хүний болон гүйлтийн зам нийт хоёр байршилд 3.5 га, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах авто зам,замын байгууламж нийт 14 байршилд489.6 га, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах авто зам, замын байгууламж нийт 17 байршилд 126.1 га, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах авто зам, замын байгууламж нийт 17 байршилд 736.7 га, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах авто зам, замын байгууламж нийт зургаан байршилд 58.9 га, хотын хорооллын доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулах талаар нийт 11 байршилд 152.2 га газрыг тус тус төлөвлөсөн байна.