2013.01.30

Эрүүл мэндийн салбарыг өөд нь татах долоо хоног эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 29-ний өглөө Эрүүл мэндийн яамны удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд оролцохдоо, ямар зохион байгуулалт хийвэл эмнэлгийн үйлчилгээний олон шат дамжлага цөөрч, иргэдэд хүртээмжтэй болох вэ гэдэгт энэ өдрүүдэд гарц хайж, төвлөрч ажиллана гэж хэллээ. Энэ долоо хоногийн турш эрүүл мэндийн салбараар “амьсгалж” ажилласны дараагаар бүх шатны эмнэлгүүд иргэн танд ингэж үйлчилнэ гэсэн дүр зураг гаргаж танилцуулна гэж хэллээ. 

Нийслэлд 128 өрхийн эмнэлэг байдаг

Улаанбаатарт өрхийн эрүүл мэндийн 128 төв бий. Нэг өрхийн эмнэлэгт 8-15 хүн ажилладаг. Эдгээрийн 4-5 нь их эмч байх бөгөөд нэг эмчид 1800-2000 хүн оногддог гэсэн статистик мэдээг Эрүүл мэндийн яам өгч байна. Нэг иргэний эмчилгээний зардал болох 11000-22000 төгрөгөөр өрхийн эмнэлгүүд санхүүждэг. Гэхдээ хотын төв, орон сууцан дундах өрхийн эмнэлэгт үйлчлүүлэгч цөөн, зарим өдөрт 10 хүрэхгүй хүнд үйлчилдэг. 6000 гаруй иргэдтэй гэх ч 0-5 насны хүүхэд багачууд, өндөр настай ахмадууд, жирэмсэн эхчүүд л үйлчлүүлдэг. Зарим хороонд 2000 гаруй иргэн өрхийн эмнэлгийнхээ хаалгаар шагайж ч үзээгүй гэж хэлэх өрхийн эмч байна. Тэгэхэд гэр хороололд өдөрт 100-150 хүн үйлчлүүлдэг, шилжин ирэгсэд, түр оршин суугчид хүртэл ханддаг, ачаалал нь ахадсан өрхийн эмнэлэг ч байна.

Шуурхай зөвлөлгөөний дараа Ерөнхий сайд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо буюу гэр хороолол дундах өрхийн эмнэлгийн байр байдалтай танилцсан юм.

14 дүгээр хорооны “Чин хүслэн” эмнэлэг нь 9х12 хэмжээтэй зургаан өрөө байшинд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэднийх байр байшин болоод эмч ажиллагсдынх нь нийгмийн асуудал хүнд байгаа талаар голчлон танилцууллаа. Таван эмч, таван сувилагч ажиллах учиртай тус эмнэлэг нь хоёр хүний орон тоо хэмнэж байж эмч, ажилчдын цалин болоод түлээ нүүрснийхээ мөнгийг гаргаж авдаг тухайгаа хэллээ.

Эмнэлгүүд хооронд өрсөлдөөн байх шаардлагатай

Харин 18 дугаар хорооны “Үйлс нэгтэн” өрхийн эмнэлгийн ахлах эмч, Б.Отгонбаяр гуай өрхийн эмнэлгийг өргөтгөж 30 мянга хүнд үйлчилдэг төв болгох боломжтой. Эмэгтэйчүүдийн эмч, ЭХО оношилгооны сайн эмч шаардлагатай. Ингэсэн тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвд очих иргэдийн тоо буурна. Автобус унаагаар явах бололцоо боломж муутай ахмад настан, жирэмсэн эхчүүдэд их хэрэгтэй байгаа юм гэж хэллээ. Мөн тэрбээр Эрүүл мэндийн яам байхад нийслэлийн Эрүүл мэндийн газар байх шаардлагагүй гэж боддогоо ч Ерөнхий сайдад дуулгалаа.

Өрхийн эмнэлэгт сургууль дөнгөж төгссөн залуухан эмч ирээд хоёр жилийн дараа яваад өгдөг гэдэгтэй шуурхай зөвлөлгөөнд оролцогчид санал нэгдэж байсан ч санхүүгийн хувьд бие даасан өрхийн эмнэлэг нь цалин голохгүй залуу эмч ажиллуулах сонирхолтой байдаг гэсэн яриа гарч байлаа.

Эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг цаг гарган, чөлөөтэй сонсож ярилцсаныхаа дараагаар өрхийн эмч нар мэргэшсэн чадвартай байх шаардлагатай. Өрхийн эмнэлгийг санхүүжүүлдэг мөнгө эмнэлгээ биш иргэнээ дагадаг, эмч, сувилагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулдаг байх нь зөв юм байна. Эмнэлгүүд хооронд өрсөлдөөн байх шаардлагатай, өөрийнх нь эмч оношилж, эмчилж чадахгүй бол өөр эмнэлэгт очих бололцоог иргэдэд олгох хэрэгтэй, анхан шатанд эмчилж чадахгүй бол  тухайн хүн мөнгөтэйгөө дараагийн шатны эмнэлэгт очдог байя. Ийм тохиолдолд эмч, сувилагч нар иргэнд туслах, түүнд үйлчлэх  хүсэл тэмүүлэлтэй болно гэсэн саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд “муужирчихаад” байгаа эрүүл мэндийн салбарыг өөд нь татахад эмч ажилчдын төдийгүй иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл хэрэгтэй. Тиймээс долоо хоног үргэлжлэх энэ ажилд ард иргэдийг  идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн маргаашийн ажил Улсын Клиникийн нэгдүгээр эмнэлгээс эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.