Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.01.30/
2013.01.31

Монгол Улсыг чиглэсэн нислэгийг хоёр дахин нэмэгдүүлнэ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.01.30/ хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсыг чиглэсэн нислэгийг 4 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ зорилт биелэх боломжтой эсэхийг лавлаж байлаа. Тэрбээр дотоод нөөц бололцоо энэ зорилтыг хангаж чадахгүйд хүрч, гадна авиа компаниудад үүд хаалгаа нээчих вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлж байсан юм. Ажлын хэсгээс тайлбарласнаар, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар заасан бөгөөд үүнд хүрэхийн тулд том зорилтыг тавьж байгаа ажээ.

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.01.30/

Энэхүү хуралдааны үеэр гишүүд “МИАТ” компанийн хувьчлалын асуудлаар нухацтай ярилцсан юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “МИАТ” компани “Чингис” бондын мөнгөнөөс дөрвөн онгоц авах хүсэлт тавьсан юм байна. Бондын мөнгөөр онгоц авах гэж байгаа энэ үед тус компанийн хувьчлалын асуудлыг ярихаа түр хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МИАТ” компанийг олон улсын нэр хүнд бүхий авиа компанид менежментийн хувьчлалаар өгөх нь зүйтэй гэж байлаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, үндэсний авиа компанитай байх хэрэгтэй гэв. Тэрбээр, “Үндэсний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Тэр байтугай онгоцны тоог нэмж, ачаа тээврийг ч хөгжүүлэх ёстой. “МИАТ” компанид муу дарга тавьсан нь төрийн алдаа. Энэ компанийг гадныханд хувьчилж хэрхэвч болохгүй. Би хүний морь унаж явтал тэр хүн морио авчихвал явган л хоцорно. Гадныханд хувьчилна гэдэг үүнтэй л адил зүйл. Төрийн мэдлийн хувь 51 биш 70 хүртэл байх ёстой” хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “МИАТ” асар их мөнгө залгидаг. Тийм атлаа ашигтай ажилладаггүй. Хувьчилсан тохиолдолд төр 51 хувийг авч үлдэх ёстой. Төрийн оролцоо дангаараа байвал идэж уудаг явдал зогсохгүй. Ер нь гадныхныг хугацаатайгаар   менежментийн гэрээгээр ажиллуулах хувилбар бас байж болно гэж үзэж байна” гэлээ.

Зам тээврийн сайд А.Гансүх, “МИАТ”-ийн хувьчлал гэнэт одоо яригдаж буй асуудал биш гээд, одоо хэлэлцэж буй тогтоолын төсөлд төрийн эзэмших хувийг 51-ээс доогүй хэмээн тусгасан хэмээн хэлсэн. 51-ээс доошгүй гэдэг нь түүнээс дээш хэдэн хувь ч байж болох бөгөөд үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцэн шийдэх байх гэлээ. Тогтоолын төсөлд тусгасан дээрх заалтыг гишүүдийн олонхи дэмжин саналаа өгсөн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.