МИАТ-ийг хувьчлах ээлжит оролдлого эхэллээ
Хуралдаанд Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарын албаны хүмүүс оролцсон. Тогтоолын төсөлд заасан анхаарал татах нэг асуудал нь "МИАТ" компани "Чингис" бондын мөнгөнөөс дөрвөн онгоц авах хүсэлт тавьсан байв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тухайд дөрөв байтугайгаар онгоцны тоог нэмэгдүүлэх ёстой гэдгээ хэлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дэлхийд улс орныхоо нэрийг "барьцаанд" тавьж байж авсан бондын мөнгийг онгоцонд зарцуулах нь хэр оновчтой алхам бэ гэдгийг асууж байлаа.
Түүний хэлснээр МИАТ энэ байдлаар үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж болохгүй аж. Хэрэв энэ хэвээрээ байвал энэ их идэж, уусан, авлигад идэгдсэн байдалтайгаа байна гэдгийг ч сануулаад авсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тогтоолын төсөлд заасанчлан "Монгол Улсыг чиглэсэн нислэгийг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ" гэснийг биелэх боломжтой эсэхийг ажлын хэсгийнхнээс асуулаа. Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар заасан байдаг. Ингэхийн тулд том зорилт тавьсан юм" гэсэн. Түүнчлэн тэрбээр дотоодын нислэгт төрийн оролцоо шаардлагатай байгааг мөн дуулгалаа. Харин Ц.Оюунгэрэл гишүүний хэлснээр бол агаарын тээврийн салбар чөлөөт бус хязгаарлагдмал салбар аж. Энэ ч утгаараа хэтэрхий чөлөөт болчих вий гэдэгт санаа зовж байгаагаа хэлсэн юм. Тогтоолын төслийн мөн анхаарал татсан сэдэв нь МИАТ-ийг хувьчлах тухай байлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Миний хувьд МИАТ-ийн хувьчлалтай холбоотой асуудлаас бусдыг зөвшөөрч байна.
Уг нь энэ асуудал хасагдахаар яригдаж байсан. Гэтэл ороод ирэх юм. Манай бүлгийн гишүүд бүлэг дээрээ энэ талаар ярилцахаар байгаа. Агаарын тээврийн салбарт олон асуудал яригдаж, бичигдэж байна. Гэхдээ би огт хувьчлахгүй гэж байгаа юм биш. Гол нь бондын мөнгөөр онгоц худалдаж авах талаар ярьж байхад хувьчлалыг оруулах хэрэггүй болов уу гэж бодож байна" гэв. Түүнтэй адил МИАТ-ийг хувьчлах асуудлыг нухацтай хэлэлцэж цаашлаад Үндэсний аюулгүй байдлын асуудлаа нарийн сайн бодох ёстой гэдэг дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал нэг байв.
Байнгын хорооны гишүүдийн олонхи нь МИАТ-ийг хувьчлах цаг нь болсон. Гэхдээ дотоодын компанид менежментийг өгөх ёстой гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд МИАТ-ийг хувьчлах саналтай байгаа, Олон улсын авиа компанид менежментийг нь өгөөд явах хэрэгтэй гэсэн. Харин Ц.Даваасүрэн гишүүн үүнийг үгүйсгэж "Гадныхан хэзээ ч Монголын Үндэсний аюулгүй байдлыг бодохгүй шүү. Хувьчлах дээрээ тулбал дотооддоо менежментийг нь өгч хувьчлах ёстой. Ингэхдээ төрийн мэдлийн 51 хувийг 70 болгох хэрэгтэй" гэж байлаа. Тэгэхгүй бол авлигын үүр болсон нь өмнө нь ч яригдаж байсан, одоо ч ил болж эхэллээ гэдгийг сануулсан. Ямартай ч байнгын хорооны хуралдаанаар МИАТ-ийг хувьчлах асуудлыг гишүүдийн олонхи нь дэмжлээ.
МИАТ-ийг хувьчлах асуудлыг үе, үеийн Засгийн газар ярьдаг. Энэ удаа ч мөн "МИАТ" компанийг хувьчлах оролдлого эхэллээ. Хамтарсан Засгийн газрынүед буюу 2010 онд МИАТ-ийг 2012 он хүртэл хувьчлахгүй гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Харин 2013 онтой золгов уу, үгүй юу "МИАТ-ийг хувьчилъя" гэх асуудал орж ирлээ, Гишүүд хувьчлах цаг нь болсон гэж үзэж байгаа ч гол нь хэнд, яг ямар тоглоомын дүрмээр гэдгийг нухацтай ярилцах ёстой хэмээж буй. Учир нь далайд гарцгүй манайх шиг улс агаараар тээвэр хийдэг болохоор үүнд болгоомжтой хандаж байгаа нь энэ биз ээ. Нөгөөтэйгүүр тус компани эрх мэдэлтнүүдийн "шахаа"-ны бизнес, мөнгө угаах хэрэгсэл болоод байгаа учир уг хувьчлал анхаарлын төвд байгаа юм. Зарим гишүүн төр тус компанийн удирдлагыг буруу сонгож, томилсноос авлига, мөнгө угаасан хэрэг гарч байгаа, төр муугийн шинж гэх нь ч байлаа.
Ямартай ч "МИАТ" компанийн удирдлагуудтай холбоотой хэргийн сэжигтнүүд нэг, нэгээр нэмэгдэж буй энэ үед хувьчлалын асуудал сонирхол татаж байна. МИАТ-ийг хувьчлах, төрийн оролцоог багасгах бодлогыг тус компанийн нисгэгч, инженер, техникийн ажилтнууд дэмжиж байгаагаа саяхан илэрхийлсэн. Энэ дагуу УИХ-ын гишүүдэд ил захидал илгээж байсан. Тэд 1993 оноос хойш төрөөс нэг ч төгрөгийн мөнгөн дэмжлэг авалгүй агаарын тээврийн салбарын хөгжлийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр авч яваа. Тиймээс тус компанийн хамт олонд компанийн 15-аас доошгүй хувийг ажилласан жилээс нь хамааруулан үнэгүй хувьчлах гэдэг саналыг өгсөн. Энэ мэтчилэн хувьчлахтай холбогдуулан эрх мэдэлтнүүдээс авахуулаад ажилтнуудын дунд нэлээд асуудал гарч ирэх нь. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд тогтоолын төслийг дэмжсэнээр МИАТ-ийг хувьчлах ээлжит оролдлого эхэлж байна.