Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлагдлаа
УИХ-ын чуулган: 2013.02.07 ны өдөр
2013.02.12

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлагдлаа

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцууллаа.

УИХ-ын гишүүн А.Тлейхан “Алслагдсан бүс нутагт нислэг хийхэд тариф өндөр байдаг. Иргэдийн ачааллыг хөнгөвчлөх талаар тусгасан зүйл байна уу” гэсэн асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Хөнгөлөлт үзүүлэх талаар байнгын хороон дээр яриагүй. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ. Хувийн хэвшлийнхэн хямдхан түлш болон менежментийн оновчтой бодлогоор  үнээ бууруулах боломж нээлттэй" гэлээ. Харин Зам тээврийн сайд А.Гансүх “Алслагдсан сум, суурин газарт төрийн үйлчилгээг хүргэх төрөөс баримтлах бодлогын хүрээнд зарим татварын болон бусад хөнгөлөлтүүдийг үзүүлэх боломжтой" гэсэн юм.

Ж.Энхбаяр:

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг төрийн хяналтаар үе шаттай хэрэгжүүлнэ гэсэн нь ямар агуулгатай болон АНУ-тай агаарын тээврийг нээлттэй болгох хэлэлцээрийг эхлүүлнэ гэсэн байна. Энэ асуудал өмнө нь яригдаад Монголын талд ашиггүй гэж үзээд буцааж байсан. Энэ дахиад яригдахдаа одоо ямар тооцоо хийсэн бэ хэмээн асуулаа. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод 2013-2016 онд агаарын тээврийн салбарыг төрийн хяналтад байлгана, харин 2016-2020 онд арай хөнгөлснөөр чөлөөт өрсөлдөөнд бага багаар шилжинэ гэсэн хоёр үе шатыг заасан байгаа. 2016 он хүртэл төр өөрийн хатуу хяналтад байлгаж хөгжлийн түвшинг ахиулж, энэ салбараа бэхжүүлсний дараа 2016-2020 онд төрийн оролцоо, хяналтыг багасгах болно. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх асуудал  агаарын тээврийн салбарт нээлттэй байгаа. 2020 оноос хувийн болон төрийн өмчит компани чөлөөт өрсөлдөөнд нээлттэй орох боломжтой болно гэж үзэж байгаа бол АНУ-тай “Open  Sky” агаарын тээврийн хэлцэл хийхэд өнөөдрийн хувьд эрт байна. Харин 2016 оноос хойш энэ талаар судлах болно. Энэ нь манай хувьд дэлхийн тэргүүлэгч орны зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлэх сайн талтай гэж үзэж байгаа” хэмээн Зам тээврийн сайд Гансүх хариуллаа.

Г.Батхүү:

    Ингээд зарчмын зөрүүтэй нэг саналыг хурааж Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Дараа нь хэлэлцсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар гишүүдээс асуулт санал гараагүй бөгөөд Эдийн засгийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах санал оруулсныг гишүүд дэмжснээр хууль батлагдлаа.  

Батлагдан гарсан тогтоолын танилцуулга

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлагдан гарлаа.

Монгол Улс ашигт малтмалын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр эдийн засгийн өсөлт түргэсэх, олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг дагаж машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний барааны импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, ачаа эргэлт эрс өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнийг дагаад тээврийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохын хувьд агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж ”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого””-ын баримт бичиг нийт 10 бүлэгтэйгээр батлагдлаа. Энэхүү бодлого бүтцийн хувьд:

  • зорилго
  • хэрэгжүүлэх зорилтууд
  • шаардлагатай эрх зүйн зохицуулалт
  • төрөөс агаарын тээврийн талаар баримтлах зарчим
  • нисэхийн аюулгүй ажиллагаа
  • нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлууд
  • нисэх буудлын болон үндэсний агаарын тээвэрлэгчийн талаар баримтлах бодлого
  • хүний нөөцийн бодлого
  • бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр
  •  бодлого хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг Улсын Их хурлаас баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” зэрэг өмнө батлагдан гарсан бодлогын бичиг баримт, хөтөлбөрүүдтэй уялдуулан хийсэн болно.

Бодлогыг ХБНГУ, Бельги, Голланд, Европын холбоо, АНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Сингапур, ОХУ, БНХАУ, Сингапур зэрэг салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын Иргэний нисэхийн салбарын талаар судалгаа хийж Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний олон улсын байгууллага (CANSO), олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) зэрэг салбарын хөгжилд нөлөө бүхий олон улсын байгууллага, холбоодоос гаргасан заавар, зөвлөмж, стандартыг ашигласан.

”Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” хэрэгжүүлснээр дараахь ач холбогдолтой:

  •  Байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа (Hub) бий болно;
  • Томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээтэй болно;
  • Агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж гуравдагч ертөнцтэй шууд холбогдох нөхцөл боломж бүрдэнэ. Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжнө;
  • Иргэний нисэхийн салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж тээврийн тариф буурна. Агаарын тээврийн багтаамж нэмэгдэж тариф буурснаар агаарын тээврийн ложистик бүрэн хэмжээгээр хэрэгжих боломж бүрдэнэ;
  • Дотоодын агаарын тээврийн өргөн сүлжээ бүрэлдэжбүс, орон нутгийн болон Монгол Улс эрчимтэй хөгжих нөхцөл нэмэгдэнэ;
  • Иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны өндөр стандарт бий болж, Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрнэ;
  • Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлнэ;
  • Өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан ерөнхий зориулалтын агаарын тээврийн сүлжээ бүрэлдэж, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Танилцуулга бичсэн: Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Ганболд.