Ж.Энхбаяр гишүүн нам дагасан эрх ашгийн сүлжээг илчлэв
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.01.31

Ж.Энхбаяр гишүүн нам дагасан эрх ашгийн сүлжээг илчлэв

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг намынх нь нөхдүүд, тэр дундаа залуу үе "Биднийг төлөөлж чадах нэгэн" хэмээн үнэлэх нь бий. Яагаад тийм үнэлгээ аваад байдгийг нь мэдэхгүй ч "Итгэх үндэслэл байдаг бололтой" гэсэн бодол төрөх нь бий. Учир нь түүнээс зарим нэгэн улстөрчид байдаггүй шазруун, өөрийнхөөрөө, зоримог араншин илрэх талтай. Гэхдээ байнга биш. Хаяахан гэж болно. Тэгвэл түүний Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр өрнүүлсэн мэтгэлцээн дээрх итгэл найдварт тодорхой нэгэн хариулт өгсөн байж болох юм.

"Тэр чадах нь" гэж. Гэхдээ чадлаа гээд хаана хүрэх вэ. Түүний асуулга зоригтой байж чадсан шигээ, хэлсэн ярьсан шигээ тэр тийм шударга байж чадах уу. Энэ бол Ж.Энхбаяр гишүүнийг ойрын хугацаанд тойрч эргэлдэх ёстой асуултууд.

Тэрбээр хотын дарга Э.Бат-Үүлийн өөдөөс "Та нар Улаанбаатар хотын бүх газрыг Ардын намынхан аваад дууссан гээд байсан. Гэтэл судлаад үзсэн чинь "А" зэрэглэлийн хамаг газрыг Ардчилсан намын 10 хүн хуваагаад авчихсан байна. Надад баримт нь байна. Би үүнийг дэлгэнэ" гэж баахан агсарсан. Арга ч үгүй. Алийн болгон Ардчилсан намд элдвээрээ хэлүүлэх вэ дээ. Залуу улстөрчийн хувьд энэ зэргийн асуултаар эсрэг хүчнийхээ хор шарыг малтаж, сонгогч олны тархинд эргэлзээ төрүүлэх арга ухааныг бодож олох нь түүний зөв. Түүний энэ үг ч байгаа зөв олсон бололтой. Аливаа асуудалд мэгдэж сандраад байдаггүй Э.Бат-Үүл даргыг цухалдуулж, төрийн ордонд барьц алдан бантахад хүргэсэн.

Гэхдээ тэр цаашид өөрийнхөө үгэнд эзэн байж чадах уу  гэдэгт эргэлзээ төрөх аж. Яаж ч бодсон уг "А" зэрэглэлийн газрыг олгосон дарга нар нь бүгд Ардын намынх байсан нь хөдлөшгүй үнэн.

Өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн НИТХ-аар л Ардчилсан нам сүүлийн 20 жилд анх удаа ялалт байгуулж, улсынхаа нийслэлийг удирдах эрхтэй болсныг эс тооцвол шийдвэр гаргах эрх тэдэнд байгаагүй.

Нэг ёсны нийслэлийн үе, үеийн дарга нар бүгд Ардын намынх. Дүүргийн удирдлага ч мөн адил. Тэр дундаа нийслэл, дүүргийн Газрын албаны дарга нар бүгд Улаанбаатар хотын захирагчийн ар тал буюу ашиг сонирхлынх нь нөмөр нөөлөг байсан нь ч үнэн. Ийм байхад тэр хариуцлагыг "А" зэрэглэлийн газрыг цуглуулж чадсан Ардчилсан намынхнаас эрэх үү. Аль эсвэл "А" зэрэглэлийн газрыг аравхан олигархид хуваагаад өгчихсөн Ардын намын ах нартаа хариуцлага тооцох уу. Энэ бол асуудал.

Ядаж л тэр залуу хүний ёсоор зоригтой, тууштай улстөрчийн журмыг сахиж дээрх мэдээллийг ил болголоо гэхэд авсан, өгснийг нь адилхан зарлах ёстой. Үүнд нь нөгөө л газрын наймаачин цолтой УИХ-ын дэд дарга М.Энхболд хамгийн түрүүнд   холбогдоно. Дараагаар нь одоогийн нийслэлийн Ардын намын дарга Ц.Сандуйн нэрийг ч дурсахгүй байж болохгүй. Амьдралдаа газрын албанаас өөр газарт ажиллаж үзээгүй намтрыг нь бодсон ч тэр, нэгэн үе нийслэлийн Газрын албыг удирдаж байсныг нь харгалзсан ч Ц.Сандуй гэдэг хүний нэр гарч л таараа. Ийм байхад Ж.Энхбаярын омогшил хаа хүрээд өндөрлөхийг тааварлахад бэрхтэй санагдана.

Ардчилсан намыг ялладгаараа яллаж, чаддагаараа чадлаа гэхэд тэр М.Энхболд хийгээд түүний багийнхны шийдвэрийг ил тодоор зарлах уу. Үүнд нь л учир шалтгаан нь байх бөгөөд ирэх өдрүүдэд асуултын тэмдэг болон үлдэх магадлалтай юм. Ийн дүгнэх учир тэр бараг л чадахгүй байж мэдэх юм. Намаа дарлуулсан дээр нь дарлуулж, давхар дарамт авчрах гээгүй л бол шүү дээ. Дээр нь нам дамжсан сүлжээг таслан зогсоох хүч нь түүнд бий гэж үү. Хэдийгээр намынх нь залуус түүнд итгэл хүлээлгэж "Ирээдүйтэй улстөрч" хэмээн үнэлдэг ч гэсэн түүний гарт өнөөдөртөө бүрэн хүч төвлөрөөгүй нь ойлгомжтой.

Гэхдээ түүнд талархахаас өөр гарцгүй. Ардын намын дарга нар нь Ардчилсан намын олигархиудтай нийлэн Улаанбаатар хотын "А" зэрэглэлийн газрыг эзэгнэнхэн өмчилж авсныг тэр илчилж гарлаа. Уг нь үргэлжлүүлэн ах нарынхаа байгуулсан төр, бизнесийн сүлжээг улам дэлгэрэнгүй задалбал нь түүнд Улаанбаатар хотын хүндэт иргэн гэдэг цол гуншинг өгсөн ч багадах байсан биз ээ.