Монгол улсын ерөнхийлөгчийн илгээлт
Бид бүгдээрээ ахмад настан болно. Ахмадуудаа хүндэлж, халамжлах нь хүний ёс, төрийн үүрэг мөн
"Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого" Үндэсний зөвлөгөөнд оролцогчдод
Улс эх орныхоо хөгжлийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүч, амьдралаа зориулсан ахмадуудын төлөөлөл эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголчууд өвөг дээдсийнхээ нэр төрийг эрхэмд үздэг, тэдний хийсэн бүтээснээр бахархдаг, алдар хүндийг нь өргөж явахыг эрмэлздэг. Тиймээс ч өөрийн аливаа зөв үйлдэл, ололт амжилтыг тэднийхээ сайн үйлс, нэр алдартай холбож боддог ёс заншилтай ард түмэн.
Энэхүү ёс заншил, хуримтлуулсан мэдлэг, ажлын ур чадвар, арвин их туршлагыг үр хүүхэд, залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх нь та бүхний үүрэг билээ.
Удахгүй бид өнө эртнээс өвлөн ирсэн Монголын уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байна. Энэ цаг мөчид та бүхэн эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ахмадуудын хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлагыг улс эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хэрхэн ашиглах тухай, төрийн бодлогод юу тусгавал зохимжтой талаар ажил хэрэгч саналаа ярилцаж нэгтгэхээр хуран чуулж буйд талархаж байна.
Бид уламжлалт ёс заншлаа өвлөн ахмадуудаа хүндлэн дээдлэх нь нэн чухал төдийгүй дэлхий нийтийн чиг хандлагатай мөр зэрэгцэн алхах учиртай. Өнөөдөр дэлхийд өндөр настны хүн амын дунд эзлэх хувийн жин улам бүр нэмэгдэж, тэд маань ч хөдөлмөр эрхлэх нь чухал байна. Иймд ахмадуудын хөдөлмөр эрхлэх нөхцлийг сайжруулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн ахмадуудынхаа халамж хамгааллын бодлогыг, мөн тэдний асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэх бололцоогоор хангахад чиглүүлж, энэ талаарх үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулж, хөгжлийн бодлоготойгоо уялдуулах нь зүйтэй.
Бид бүгдээрээ ахмад настан болно. Ахмадуудаа хүндэлж, халамжлах нь хүний ёс, төрийн үүрэг мөн.
Өнөөдөр зохион байгуулж буй "Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого" Үндэсний зөвлөгөөн уг асуудлыг гол сэдэв болгон авч хэлэлцэж буй нь цаг үеэ олсон, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрсэн хэрэг болж байна.
Та бүхэн энэхүү Үндэсний чуулганаараа өндөр настан, ахмадуудынхаа тулгамдсан асуудлуудыг сайтар тунгаан хэлэлцэж, олон чухал санал, зөвлөмж гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэлтэй байна.
Та бүхэнд эрүүл энх байж, урт удаан наслахын өлзий дүүрэн ерөөлийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Дархан хот. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр