Хүүхэд хамгааллын үйлчилгээг хороо бүрт хүргэнэ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.01.22

Хүүхэд хамгааллын үйлчилгээг хороо бүрт хүргэнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа Японы Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Мицүаки Тоёодаг хүсэлтийнх нь дагуу 1-р сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Японы Хүүхдийг ивээх сангийн /ЯХИС/ суурин төлөөлөгч Мицүаки Тоёода/зүүн талд/

 ХТҮГ-ын хамт олонд “Хүүхдийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Хүүхдийг ивээх сан Монгол улсад ажиллаж эхэлсэн 1990-ээд оны эхний үеэс ХТҮГ үргэлж хамгийн чухал хамтрагч төрийн байгууллага байсаар ирсэнийг цохон тэмдэглэлээ.

Солонгосын ХИС-ээс санхүүжиж буй “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын асуудлаар боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилт, төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулах "Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал" төслийн хэрэгжилтийн талаар дурдаад, цаашид эдгээр төсөлдээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байгаагаа хэллээ.

Орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх асуудал чухал байгаа тул хороо бүрт биш эхний ээлжинд чухал  шаардлагатай байгаа  газруудад байгуулах хэрэгтэйг онцоллоо.

ХТҮГ-ын дарга И.Нарантуяа  Хүүхдийг ивээх сан /ХИС/ Монгол улсад ажилласан 20 гаруй жилийн хугацаанд олон жил хүүхэд хамгааллын асуудалд төрийн байгууллагын ачааг үүрэлцэж маш үр дүнтэй ажиллаж, Олон нийтэд түшиглэсэн анхны хүүхэд хамгааллын төвүүдийг байгуулан хараа хяналтгүй хүүхдийг гэр бүлд нь буцаах, нөхөн сэргээх, боловсрол олгох үйлчилгээг тасралтгүй хийж ирсэнд хариу талархал илэрхийлээд,  Шинэчлэлийн Засгийн газрын хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын талаар танилцууллаа.