И.Нарантуяа: “Хүүхдээ сонсъё” хүрээнд хийгдэх ажлуудыг нэн даруй эхэлнэ
ХТҮГ-ын дарга И.Нарантуяатай хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал болон “Хүүхдээ сонсъё” аяны талаар ярилцлаа.
-Саяхан шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Энэ 100 хоногт Хүүхдийн төлөө үндэсний газар, Засгийн газар хүүхдийн төлөө ямар ажил хийв?
-Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн хугацаанд нийгмийн бүхий л хүрээг шинэчлэх, иргэдийн төлөө ажиллаж, иргэдээ сонсох олон ажил эхлүүлээд байна. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг боловсруулан, олон нийтэд хүргэхэд юун түрүүнд хүүхэд, олон нийтийн санаа бодлыг сонсч, тэдэнд тулгарч буй бодит асуудлыг шийдвэрлэхийг зорьсон. Үүний дагуу “Хүүхдээ сонсъё” аянг орон даяар явууллаа. Бид хүүхдийн ашиг сонирхол, тэдний мөрөөдөл чухам юу вэ гэдгийг сайн мэддэггүй. Зөвхөн хүүхэд багачуудыг сургах, хүмүүжүүлэх чиглэлээр ажилладаг ч тэдний нийгмийн хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. “Хүүхдээ сонсъё” аяны гол зорилго нь хүүхдээ сонсож, тэдэнтэй ойр байхыг зорьсон.
-Энэ аяны үр дүн хэр байв. Засгийн газарт хүүхдүүдийн дуу хоолойг сонсгохыг зорьсон гэлээ. Тэд ямар санал, шүүмж хэлж байна вэ?
-“Хүүхдээ сонсъё” аяныг явуулахад үндсэн дөрвөн сэдэв барьж ажиллалаа. Тухайлбал, “Хүүхэд хүүхдээ”, “Гэр бүл хүүхдээ”, “Сургууль хүүхдээ”, “Засаг дарга, Засгийн газар хүүхдээ сонсох” гэсэн хэлбэрээр явуулсан. Аянд тусгагдсан эдгээр сэдэв хүүхдүүдийн юу хүсч, ямар мөрөөдөлтэй байгааг мэдэж, Засгийн сонорт хүргэхэд онцгой ач холбогдол өгсөн. Тиймдээ ч “Хүүхдээ сонсъё” аян зүгээр нэг яваад өнгөрөх нэг сарын настай бусад аян, хөтөлбөрүүдээс ялгаатай. Бидний явуулсан уг аян цаг үеэ олсон чухал ажил болсныг зориуд хэлмээр байна.
Өнгөрсөн хугацаанд эцэг, эх, сургууль, хамт олон, төрийн байгууллагууд хүүхдийн дотоод ертөнц, түүний хүсэл, сонирхлыг таньж мэдэхэд учир дутагдалтай байжээ.
“Хүүхдээ сонсъё” аяны хүрээнд хүүхдүүд эх орныхоо төлөө, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, хүрээлэн буй орчин, сурч боловсорч байгаа хүрээлэлдээ ямар үнэлэлт дүгнэлт өгөх хүсэлтэй явдгийг нь илчилсэн гэх зэрэг тодорхой бодит үр дүнд хүрсэн.
Энэ аянд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүүхэд багачууд хамрагдлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, ажиллахыг зорьсон.
-Хүүхэд, багачууд юу хүсч мөрөөдөж байна. Тэдний санал хэр далайцтай байв?
-Энэ аяны хүрээнд 10831 санал, хүсэлт ирсний 256 нь Засгийн газрын 11-11 мэдээллийн төвөөр дамжсан. Мөн 2327 нь асуумж, 7048 нь ярилцлагаар, 1200 нь зурган хэлбэрээр санал бодлоо илэрхийлсэн байсан.
-Үүнийг дотор нь ангилбал хүүхдүүдэд тулгамддаг нийтлэг асуудал юу байв?
-Тийм ээ. Санал хүсэлт илгээсэн хүүхдүүдийн 25 хувь нь эрхээ хамгаалуулах, сурч боловсрох аюулгүй орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй талаар дурдсан байсан. Мөн судалгаанд Монгол орон даяар боловсролын салбарт хүмүүжиж буй сурагчдад гарын авлага, арга зүйн материал, зөвлөмжүүд дутагдаж байгааг санал асуулгын 21 хувь нь хэлсэн.
Түүнчлэн, багш, сурган хүмүүжүүлэгч дутагдалтай байгааг 21 хувийн санал бүрдүүлж байгаа. Мөн “Хүүхдээ сонсъё” аяны сэдвийн нэгийг хөндсөн асуудал нь хүүхдэд зориулсан хөгжил хамгаалал, нийгмийн үйлчилгээний чанар муу байгааг хэлж байлаа. Үлдсэн таван хувь нь хүүхдийн байгууллагын ажилтнуудыг бэлтгэх мэргэжүүлэх, давтан сургах тогтолцоо үгүйлэгдэж байгааг онцолсон байсан.
-Судалгаа юу хэлж байна вэ?
-Бид бүхнээс хүүхэд багачуудын талаар нэн даруй эхлүүлэх ажлуудын гол чиг, замыг зааж өгсөн гэж хэлж болно. Эмчийн хэлээр бол бид хүүхдүүдээ “чагналаа”. Одоо оношоо тогтоочихсон учир цаг бага алдаж, төлөвлөсөн ажлуудаа явуулж эхэлсэн.
-Энэ аяны хүрээнд олон асуудал хөндөгджээ. Хамгийн түрүүнд хөндөж хийх ажил юу байх вэ?
-Хүүхдийн дуу, хоолойг өөрөөс нь сонсч чадсан явдал бол том ахиц. Тэдний урд тулгарсан асуудал юу байна гэдгийг судалгаа шууд харуулсан. Бидний үл анзааран өнгөрөх зүйлүүдийг хүүхэд өөрсдөө хэлж, үнэн бодит байдлыг дуулгалаа. Тиймээс хүүхдийн төлөө юу хийх ёстой, юу дутагдаж байгааг
Хүүхэд хүүхдээ сонсоё аян Дархан-Уул аймаг
судалгааны дүнгээс олж харсан.
Юуны түрүүнд, эрх баригчид хүүхдийн эсэн мэнд, аюулгүй амьдрах, ая тухтай орчин бүрдүүлэх, хүүхдэд учрах дарамт, элдэв эрсдэл, хүчирхийлэл, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр, хараа хяналтгүй хүүхэд, халамж үйлчилгээ, онцгой байдлын үеийн бэлэн байдал, цахим мэдээллийн суваг болон телевизийн сөрөг нөлөө, гадны соёлын нөлөө, довтолгоон зэргээс хүүхдийг даруй хамгаалах хэрэгтэйг сануулж байна.
Онцолбол, гадны соёлын нөлөө, шашны “довтолгоо” зэрэг нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгаа юм. Үүнд хамгийн ихээр нэрвэгдсэн нийгмийн давхаргаар хүүхдүүдийг нэрлэж байна. Үүнээс өгсүүлээд цаг алдалгүй шийдвэрлэх олон асуудал хөвөрч байгаа.
-Хүүхэд багачууд орхигдсон байжээ?
-Тийм ээ. Бид эх орны хөгжил, нийгмийн дунд шатны ажилгүйдэл, тэдний орлого гэхчлэн өдөр тутмын эрсдлийг хэлж, ярьсаар манай улсын хөгжлийн үндсэн гарц хүүхэд гэдгийг мартаж орхижээ. Тэдэнд хэтэрхий хайхрамжгүй, анхаарал сул тавьж байснаараа бид өөрсдөө буруутай. Тиймээс хүүхдийн төлөө гэсэн санал, чиглэсэн ажил бүр үнэ цэнтэй.
-Энэ зорилго биелэхэд аян хэрхэн тус нэмрээ өгч чадах бол?
-Бид аяны хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлсэн. Тухайлбал, “Зөв хүүхэд” хөтөлбөртөө эрүүл чийрэг, эрдэм номтой, эх орон, гэр бүлдээ хайртай, түүх, соёл, өвөг дээдсээрээ бахархдаг өв тэгш иргэнийг бэлтгэн, нийгэмд хүлээлгэн өгөх зорилго тавьсан.
-Хүүхдийн төлөө чин зүрхтэй байгууллага, хувь хүн танай газартай хамтран ажиллах болов уу. Энэ талаар танай газрын бодлого, цаашдын төлөвлөгөөнд тусгагдсан зорилго бий юу?
-Одоогоор бидэнд “Хүүхдийн төлөө” гэх эрхэм зорилгод нэгдэхээс өөр зорилго байх ёсгүйг онцлон тэмдэглэмээр байна. Гэрэлт ирээдүй болсон хүүхдийнхээ төлөө төрийн байгууллага, төрийн бус хэмээн ялгавартай хандсан байдлаар асуудалд оролцох ёсгүй. Ийм байж болох ч үгүй. Хүүхдийн асуудлаар бизнес хийдэг байдал олширсон. Тэдний эрх, асуудлаар “ашиг сонирхол” хийх нь байж боломгүй зүйл. Иймэрхүү нөхцөл байдал, хандлагатай тулгарвал манай байгууллага эрс шийдэмгий тэмцэнэ гэдгийг хүмүүс ойлгоосой.
Бид ажлаа зөвхөн хараа хяналтгүй, өнчин хүүхдүүдийг асрахын тулд гэлтгүй жинхэнэ утгаараа “Хүүхдийн төлөө” бүх талаар ажилладаг газар болохын төлөө, үүнд хүрэхийн тулд бодлого, шинэчлэлт хийхээр ажиллаж байна.