Хүүхдийг хамгаалахад олон талын оролцоо чухал гэдгийг сайн ойлголцсон
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2012.12.20

Хүүхдийг хамгаалахад олон талын оролцоо чухал гэдгийг сайн ойлголцсон

Манай улсын хүн амын 37 хувийг 0-18 насныхан эзэлдэг. Тэдний эрх өдөр бүр зөрчигдөж, хүүхэд хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлагатай болоод буй. Учир нь барилгын компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж амиа алдсан 12 настай охин, Сэлэнгэ мөрөнд эхийнхээ хамтаар сураггүй болсон наймхан сартай хүү, 300 төгрөгнөөс болж хойд эцэгтээ зодуулан эрүүл мэндээрээ хохирсон долоохон настай хүү зэрэг нийгэм, олон нийтийг эмзэглүүлсэн, цочроосон хэрэг шил дараалан гараад буй. Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ ажлыг Шинэчлэлийн гэх энэ засгийн газар үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхдээ сонсъё” аяныг орон даяар өрнүүлсэн билээ. Энэхүү аяныхаа үр дүнд үндэслэн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганыг анх удаа Төрийн ордонд зохион байгуулсан юм. Уг үндэсний чуулганы үеэр хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогын хүрээнд хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинг бий болгох төрийн бодлогыг дэмжин, хамтарч ажиллахыг төр, төрийн бус болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэд, олон нийтэд уриалсан зөвлөмж гаргасан. Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагаас тодруулсан юм.

-“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганы үр дүн нь юу байв?

-Хүүхдийн төлөө үндэсний газраас урьд нь хүүхдийн байгууллагуудын нэгдсэн чуулганыг хийж байгаагүй юм байна. Бид анх удаа хүүхдийн төлөө ажилладаг 800 гаруй хүнийг цуглуулж чуулган хийлээ. Чуулганаар Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг байгууллаа. Чуулганы хамгийн чухал зүйл нь энэ байлаа. Энэ зөвлөл нь хүүхдийн асуудлыг зөвхөн хүүхдийн байгууллага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам биш салбар салбарынхан төдийгүй ээж аавууд хариуцаж, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэхэд олон талын оролцоо шаардлагатай гэдгийг маш сайн ойлголцсон. Энэ нь чуулганы нэг үр дүн байлаа.

Бид 2014 онд “Хүүхдэд ээлтэй засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Мөн Монголын хүүхдүүдийн хамгааллын асуудлыг хамтдаа шийдвэрлэе гэдэг үүднээс төрийн бус болон олон улсын, хэвлэл мэдээллийн байгууллагууд, МХАҮТ зэрэг байгууллагын төлөөлөл санамж бичигт гарын үсэг зурсан.

-Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэх асуудал яригдаж байсан?

-Хүүхдийн эрхийн конвенциос үүдэлтэйгээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг боловсруулсан. Одоо мөрдөж байгаа хууль маань алдаа оноо ихтэй байна. Тиймээс хуулийг өөрчлөх асуудлыг тавиад байгаа. ХТҮГ, ХЗЯ-ны төлөөлөл энэ хуулийг шинэчлэхээр ажилдаа орсон. Энэ хуулийг ирэх намрын чуулганаар өргөн барих төлөвлөгөөтэй байна.

-Хүүхдийн төлөө хэлтэс нь аймаг, нийслэлд л байдаг. Харин сум, дүүрэг, хороодод байхгүй байгаа. Энэ нь хүүхдийн эрх зөрчигдөх нэг шалтгаан болж байна гэж зарим хүмүүс шүүмжилж байсан. Үүнийг шийдвэрлэх боломжтой юу?

-Саяхан болж өнгөрсөн чуулганаар хүүхдийн байгууллагын тогтолцооны асуудлыг нэлээд хөндөж ярьсан. Орон нутагт гэхэд аймагт нь л хүүхдийн төлөө хэлтэстэй. Сум, багт хүүхдийн төлөө ажиллах хүн алга байгаа. Тэр байтугай Улаанбаатарт Нийслэлийн хүүхдийн төлөө газар гэж байдаг ч хороодод ямар ч мэргэжилтэн, баг алга байна. Тиймээс үүнийг өөрчлөх асуудлыг ярьж байна. Цаашид анхаарч ажиллахаар болсон.

-Үүнээс гадна хүүхдийн төлөө ажилладаг мэргэжилтнүүд “Мэргэжлийн хяналтын байцаагчид торгоод арга хэмжээ авч чаддаг. Харин хүүхдийн төлөө ажилладаг мэргэжилтнүүд зөвлөгөө өгөхөөс өөр эрхгүй байдаг” гэж ярьдаг. Тэдний эрхийг нэмэгдүүлэх боломжтой юу?

-Яг үнэн. Өнөөдөр эрхзүйн үндэслэл, шаардлага тавих механизм байхгүй байна. Тиймээс Хүүхдийн тухай хуулиа өөрчлөх, шинэчлэх асуудлыг үүнд тулгуурлаж гаргаж ирсэн. Хөдөө орон нутаг болон дүүргүүдэд хүүхдийн чиглэлээр ажиллах нийгмийн ажилтан, мэргэжилтэн байхгүй байна гэсэн шүүмжлэлд өртсөн. 1500 хүн тутамд нэг нийгмийн ажилтан байх ёстой гэдгийг анхаарч өгөөч гэдгийг ч хүмүүс хэлж байгаа. Тиймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулж байна.

-Уул уурхайгаас олж байгаа ашгийн нэг хувийг хүүхдийн эрхийг хамгаалахад зарцуулна гэдэг яриа сонсогдож байсан. Энэ нь батлагдсан шийдвэр үү?

-Төр, засаг өнөөдөр мөнгөтэй болсон. Бид бонд гарган арилжиж байна. Уул уурхайгаас ашиг олох гэх мэт олон эх үүсвэр бий. Тиймээс энэ эх үүсвэрүүдээс хүүхдэд зориулъя гэдэг асуудал яригдсан. Үүнд холбогдох яамны зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ хэлсэн. Онцгой байдлын газар хүүхэд хамгаалалд хөрөнгө мөнгө зарж, тэднийг автобустай болгох асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ амлаад байгаа.

-Хүүхдүүд өөрсдийнх нь төлөө ажиллаж байгаа байгууллагадаа хандах эрх нь хэр нээлттэй байдаг юм бол?

-Нээлттэй байгаа. Хүүхдүүдийн сэтгэхүй ч хөгжиж байна. Илүү ярьж, нээлттэй болж байгаа. Үүнийхээ зэрэгцээ биднээс асар их зүйлийг шаардаж байна. Энэ шаардлагыг нь биелүүлэх гэхээр боломж бололцоо, нөөц байхгүй байдалд хүрчихсэн байна. Тиймээс хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, хөрөнгө оруулалтын асуудалд анхаарсан онцгой чуулган боллоо.