Хүний эрхийн асуудлаар "шоу" хийж болохгүй
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат
2012.12.13

Хүний эрхийн асуудлаар "шоу" хийж болохгүй

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбаттай хүний эрхийн асуудлаар ярилцлаа.

-Олон улсын хүний эрхийн өдөр саяхан болж өнгөрлөө. Энэ өдрийн хүрээнд танай хорооны зүгээс ямар ажлыг зохион байгуулсан бэ. Ер нь хороо байгуулагдсан цагаасаа хойш ямар ажлуудыг хийж амжуулав аа?

Хууль зүйн яамтай хамтран 10-аад хуулийн заалтыг өөрчлөх тал дээр ажиллаж байгаа. Тэр өөрчлөх хуулиудад хүний эрхийг зөрчсөн бараг 100-аад заалт байгаа юм л даа. Мөн Хүний эрхийн үндэсний комисстой уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Хорооноос барьж байгаа гол чиглэл бол хүний эрхийн талаарх олон нийтийн мэдээллийг сайжруулж, хүний эрхийн ойлголтыг тайлбарлаж мэдээллэх талаар нэлээдгүй ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

-Монголд хүний эрхийн байдал аль түвшинд явна вэ?

Ази тивдээ Монгол улс нэлээн дээгүүрт ордог. Хятад, Орос хоёртой харьцуулахад боломжийн түвшинд явж байгаа. Хамгийн гол нь ажилгүйдэл, ядуурал, хүнд суртал, авлигатай холбоотойгоор хүний эрх нэлээдгүй зөрчигдөж байгаа тал байна.

-Шударга бус байдлаас болж хүний эрх зөрчигдөж байна гэж үзэж болох уу?

Шударга бус гэдгийг юу гэж ойлгохоос шалтгаална. Хамгийн гол хэмжүүр нь  хууль дээдлэх гэдэг утгаараа хуулийн дагуу ажиллаж, амьдрахыг хэлнэ.

-Сүүлийн үед 7 настай хүүхдээ хэрцгийгээр зодсон эцгийн талаарх мэдээлэл нийгэмд их яригдаж байна. Ж.Батзандан гишүүн хүртэл мэдээлэл хийж, хариуцлага ногдуулахыг холбогдох цагдаагийн байгууллагад үүрэг өгсөн байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

Хүний эрхийн асуудлаар ерөөсөө шоу хийж болохгүй. Хэн нэгэн хүн  улс төрийнхөө рейтингийг дээшлүүлэх гэж хүний зовлонгоор олны анхаарлыг татаж болохгүй. Хүний эрхийн асуудлыг дан ганц олон улсын хүний эрхийн өдрөөр бус, өдөр тутам алхам бүр тавьж байх ёстой. Ерөөсөө хүний эрх чинь заяамал зүйл шүү дээ. Үүнийг хэн нэгэн дарга олгодоггүй юм.

-Манай улсад гарч байгаа ихэнх гэмт хэрэгт ахуйн шинжтэйгээр гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд цагдаагийн байгууллага тодорхой арга хэмжээ авч чаддаггүй, хоорондоо зохиц гээд явуулдаг. Гэтэл нөгөө гэр бүлийн хүчирхийлэгч дахиад л гэрийнхнийгээ дарамталдаг. Ер нь энэ асуудлыг хууль эрх зүйн үүднээс хэрхэн сайжруулж ажиллах ёстой вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл манай улсад нэлээд хүнд асуудлын тоонд ордог. Учир нь энэ нь өөрөө нууцлагдмал, хувийн дотоод асуудал гэсэн халхавчтай байдаг. Манай уламжлалтай холбоотойгоор гэр бүлийн асуудал нууц байдаг гэдэг ойлголт бий. Гэтэл дотоод асуудал гэж явсаар байгаад хүчирхийлэлд өртөн амь насаараа хохирсон тохиолдол өчнөөн байдаг.

Одоо гэр бүлийн асуудлаа нууцалж байна гээд өөрийнхөө эрхийг зөрчүүлж байх нь энэ соёлт ертөнцөд нийцэхгүй болжээ гэдгийг хаа хаанаа мэдэх хэрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийг ч сайжруулах шаардлага төр засгийн өмнө тулгарч байна.

-Ер нь таны эрхийг зөрчсөн асуудал гарч байсан уу. Тиймэрхүү тохиолдол гардаг уу?

Их бага хэмжээгээр тулгаралгүй яах вэ. Хамгийн наад зах нь гэхэд миний хажууд тамхи татах явдал байна. Энэ бас л хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр шүү дээ. Дам тамхи таталтанд өртүүлж миний эрхийг зөрчин хордуулж байна гэсэн үг.

Гэтэл нөгөө хүн өөрийгөө татах эрхтэй л гэж бодоод байдаг. Саяхан архи тамхины хуулийг өөрчилсөн. Иймэрхүү байдлаар бид хүний эрхийг дээдлэн сайжруулах үүднээс шат шатаар ахиж явна.

-Хүний эрхийн үндэсний комиссыг иргэний байгууллагууд шүүмжилдэг. Зөвхөн хуулин дээр анхаараад иргэдийнхээ төлөө дуугарахгүй байна гэдэг?

Та бүхэн харж байгаа. Урд нь ямар нам төр барьдаг байлаа, одоо ямар нам барьж байна. Коммунист уламжлалтай нам байсан. Өнөөдөр барууны чиглэлтэй, ардчилсан нам төр барьж байна. Сүүлийн тав зургаан сарын байдлаар харахад шал өөрөөр ажиллаж байгаа биз дээ.

Хүний эрхийн асуудлаар шоуддаг төрийн бус байгууллага ихэсч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнх, хүүхдийн эрх, өрх толгойлсон эмэгтэй зэрэг ялгаварлан гадуурхалтад их өртдөг иргэдийн асуудал хүнд байдаг.

Хүн бүр өөрийнхөө эрхийг мэддэг, хамгаалж чаддаг болчихвол түүнээс илүү сайн зүйл үгүй.