Үндэсний мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж байна
Үйлдвэр-урлалын политех­никийн коллежид болсон нээл­тийн ёслолын ажиллагаанд Хөдөл­мөрийн сайд Я.Санжмятав нарын албаны хүмүүс оролцлоо.
2013.02.04

Үндэсний мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж байна

Үндэсний мэргэжилтэй ажилт­нуудыг албан ёсоор бэлтгэж эхэллээ. Нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт хэд хэдэн сургууль дээр зэрэг болсон юм. Өмнө нь энд тэнд МСҮТ-үүд ажиллаж, төгсөгчид нь ажлын байртай, байргүй янз бүр л байдаг байсан. Харин энэ удаад Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалгаар үндэсний мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж буйгаараа онцлог юм. 

Түүнчлэн энэ өдөр Төмөр замын дээд сур­гууль, ШУТИС-ийн дэргэдэх Политехникийн коллеж, Төмөр замын МСҮТ, Монгол, Солонгосын политехникийн коллежид нэгэн зэрэг нээлтийн ажиллагаа болсон юм. Энэ ажлын хүрээнд сургалтад хамрагдаж, ажилд орох хүсэлтэй 8900 орчим иргэн нэгдүгээр сарын 7- 31-нийг дуустал Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлсэн байна.

Харин ажил олгогчдоос Улаанбаатар хотод 3978, хөдөөд 5400 орчим ажлын байрны захиалга ирүүлжээ.

Ажил олгогчид ярилцлагын үндсэн дээр сонгон шалгаруулж нэгдүгээр сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 1627, орон нутагт 3325 ажил хайгчтай гэрээ байгуулан, хоёрдугаар сарын 1-нээс Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа эхэлж байна.

Хөтөлбөрт хамрагдагчид УБ хотод 16, хөдөө орон нутагт 29 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 47 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд онолыг мэдлэг заалгаж, үлдсэн гурван сарыг ажил олгогч ажлын байран дээр үйлдвэрлэлийн дадлага хийх аж.

Энэ утгаараа нэлээд бодитой ажил болж байгаа гэдгийг Хөдөлмөрийн яамныхан онцолж байгаа юм. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан залуус ч бас үүнд ам сайтай байгаагаа илэрхийлж байлаа.

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хоёр үе шаттай явагдаж, түүний үр дүнд 6600 хөдөлмөрийн насны иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох юм.

Мөн суралцах хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авч, нийгмийн даатгалд даатгуулна.

Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах аж. Ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллаж байгаань “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” –ийн онцлог юм.

Суралцагч төгсөхдөө чадамжийн гэрчилгээ гардан авах бөгөөд дадлага хийсэн аж ахуй нэгж байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тогтвортой ажлын байртай болж байгаа аж.