2013.01.18

Сайд Я.Санжмятав Засаг дарга нартай гэрээ байгууллаа

Хоёр хоногийн турш “номын дуу” сонсч, шинэчлэлийн Засгийн газраас 2013 онд ямар бодлого хөтөлбөр дэвшүүлэн ажиллах талаар чиглэл авсан аймгийн Засаг дарга нар яг одоо сайд бүртэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байна.

Тухайлбал, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай 21 аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд аймаг бүр хамгийн багадаа энэ онд 1500 хүнийг ажлын байраар хангах тухай заалт багтжээ. Сайд Я.Санжмятав энэ тухай  “Аймгийн дарга нарын хүлээх үүрэг бол тогтвортой ажлын байр бий болгох чиглэлээр нэг аймаг хамгийн доод тал нь 1500 ажлын байр бий болгоно. Хөдөлмөрийн яамны хувьд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн боловсролын тогтолцоог өөрчлөөд ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог хэрэгжүүлж эхлээд байна. Хуучин квот өгөөд мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг байсан, гэвч төгсөөд ажлын байр олддоггүй. Энэ алдааг дахин гаргахгүйн тулд суралцаад төгссөн мэргэжилтэй ажилтан нь шууд ажлын байраар хангагддаг тогтолцоонд оруулах зорилт тавьж ажиллаж байна” гэлээ.