Шинэчлэлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлаа эхлүүллээ
“Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөг бэлэн болгоод байгаа юм.
2013.01.07

Шинэчлэлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлаа эхлүүллээ

Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан. Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн энэ чиглэлд онцгойлон анхаарч, тусгайлсан яам байгуулан хариуцуулж, оролцогч талуудтай олон удаагийн яриа хэлцэл хийсний дүнд “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөг бэлэн болгоод байгаа юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч бямба гарагт Хөдөлмөрийн төв биржид ажиллалаа.

Улс орны бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргаатай холбоотой энэ том ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, төрийн болон оролцогч байгууллагуудын ажлын уялдаа ямар хэмжээнд дээшилснийг биечлэн харж, үүрэг чиглэл өглөө.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд хийх эхний алхам бол Засгийн газраас хэрэгжүүлэх их бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн захиалгын дагуу 2013 оны 2-6 дугаар сард шаардлагатай мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх ажил юм. Ажил олгогчдын зүгээс уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ажилтан хэрэгтэй гэсэн захиалга ирүүлсэн бөгөөд тэднийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр богино хугацаанд бэлтгэн ажлын талбарт гаргана. Өмнө нь ийм сургалтыг 10 сарын хугацаатай явуулдаг байсан бол энэ удаад хоёр дахин богино, өөрөөр хэлбэл 5-6 сарын дотор мэргэжилтэй ажилтнуудыг төгсгөх юм. Ингэхдээ эхний хоёр сар танхимд хичээллэн суурь мэдлэг олгоод, дараагийн саруудад захиалагч байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлага хийж, онол дадлага хосолсон хэлбэрээр сургалтаа явуулна. Танхимд суралцах эхний хоёр сарын хугацаанд тэдэнд сар бүр 190400 төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгөх бол үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаанд суралцагч ажил олгогч байгууллагын урамшуулал авна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах энэ сургалтад эхний ээлжинд хөдөлмөрийн насны 6600 иргэн хамрагдаж ажлын байртай болох боломжтой.

Иргэдээ ажилтай, орлоготой болгох, нөгөө талаас үндэсний бүтээн байгуулалтад оролцох дотоодын ажиллах хүчнийг бодлогоор бэлтгэх энэ ажилд Засгийн газар онцгойлон анхаарал тавьж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, олон таатай боломж бүрдүүлсэн ийм хөтөлбөрт иргэд өөрсдөө идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй гэлээ. Хөдөлмөр зуучлалын үйлчилгээг харъяалал харгалзахгүй, хүнд сурталгүй хүргэх нэгдсэн сүлжээг бий болгосон тул иргэд шалтаг тоочин гомдоллож суух шаардлагагүйг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Учир нь өнөөдрийн байдлаар бүх аймагт хөдөлмөр эрхлэхэд зуучлах төв, нийслэлийн 9 дүүргийн 150 хороонд электрон бирж байгуулаад байгаа. “E-birj” гэгдэх цахим хайлтын системийг удахгүй сумдад нэвтрүүлэх ба ингэснээр байршил, алслал харгалзахгүйгээр иргэд хүссэн ажлын байрандаа зуучлуулах, ажил олгогчид захиалга өгөх нөхцөл бүрдэж байгаа юм.

Төгсөөд ажлын байранд очсоны дараа хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэхэд анхаарах, үүний тулд сар бүр тухайн мэргэжилтэй ажилтны цалингийн тодорхой хувийг Засгийн газраас даах хувилбарыг ч Н.Алтанхуяг сайд хэлж байв.

Үүнээс гадна орон нутгийн ажил олгогчдын захиалгыг нэгдүгээр сарын 15-ны дотор нэгтгэн ирүүлэх үүргийг аймгийн Засаг дарга нарт өгсөн тул энэ ажил орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана гэсэн үг. Түүнчлэн, ажилгүй иргэдийн зүгээс байнга хэлдэг нэг гомдлыг энэ удаад мөн эцэслэн шийдсэнийг Ерөнхий сайд тодотгосон. Дээрх сургалтад хамрагдан ажилтай болохыг хүссэн иргэд 24-өөс дээш настай байх ёстой.

“Нэн яаралтай хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр суралц, тэгээд үндэснийхээ бүтээн байгуулалтыг гардан хийх үнэ цэнэтэй ажилтан бол. Иргэний ийм бүтээлч оролцоог Шинэчлэлийн Засгийн газар бүх талаар дэмжье” хэмээн Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэлсэн юм.