Я.Санжмятав: Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд
2012.12.12

Хөдөлмөрийн зах зээл эмх цэгтэй боллоо

“Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээ нээж хэлэхдээ 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө иргэд, олон нийтийн санал, хүсэлт, улс орны өмнө тулгамдаж буй хөгжлийн ач холбогдол бүхий асуудлуудад тулгуурлан тодорхойлсон билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ажилтай орлоготой Монгол хүн” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь салбарын зарим яам, агентлагийн түвшинд хэрэгжиж байсан хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг нэгтгэн, төвлөрүүлж Хөдөлмөрийн яамыг байгуулсан.

Түүнчлэн хөдөлмөрлөж, баялаг бүтээх хүсэлтэй ч банкны зээлийн босго давж чадахгүй байгаа  мянга мянган иргэд бий. Тэдгээр иргэдээ төр харж үзэн зээлийн батлан даалтын санг шинээр байгууллаа. Энэ сангаар дамжуулан бичил болон жижиг дунд бизнесийн зээлийн тодорхой хувийг барьцаа хөрөнгө шаардалгүйгээр олгох юм. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчид болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд  томоохон түлхэц болох нь дамжиггүй. 

Эрүүл, аюулгүй найдвартай ажлын байртай, ажил олгогч-баялаг бүтээгчид нь бизнесийн таатай орчинтой, улс эх орон нь өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтнаараа дамжуулан их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үсрэнгүй хөгжихөд гол үүргийг хүлээж, эцсийн дүндээ иргэн бүр нь ажилтай, орлоготой байхыг л тус яам зорьж байгаа  гэж хэлэв.