2012.12.11

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав "Шинэчилж шийдье-222" арга хэмжээнд үг хэллээ

 “Шинэчлэлээр шийдье-222” арга хэмжээ Төрийн ордонд яг одоо болж байна. Энэ сарын шинэчлэлээр хөдөлмөрийн зах зээлийг сонгожээ. Тус арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын хэлсэн үгийг хүргэе. 

"Ажилч хичээнгүй иргэнтэй улс орны хөгжил ямагт тэргүүн эгнээнд явдгийг та бид олон орны жишээнээс харж байна. Аливаа бүтээн байгуулалт, хөгжлийн эзэн нь Та бид өөрсдөө байдаг.

2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө иргэд, олон нийтийн санал, хүсэлт, улс орны өмнө тулгамдаж буй хөгжлийн ач холбогдол бүхий асуудлуудад тулгуурлан тодорхойлсон билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ажилтай орлоготой Монгол хүн” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь салбарын зарим яам, агентлагийн түвшинд хэрэгжиж байсан хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг нэгтгэн, төвлөрүүлж Хөдөлмөрийн яамыг байгуулсан.

Тухайлбал жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан нь жижиг аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа бол, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг дэмжихэд шууд чиглэгдэнэ.

Өнгөрсөн хугацаанд иргэдээ ажилтай, орлоготой болгох дэд бүтцийг бүрдүүлэх, салбарын хууль тогтоомжийг уялдуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгуулах, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогыг баталлаа.

Тэрчлэн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, нэг цэгээс олон төрлийн үйлчилгээ хүртэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн мэргэжлийн өндөр түвшний судалгаа, дүн шинжилгээний мэдээллээр хэрэглэгчдийг хангах чиг үүрэг бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институт, аймаг, дүүрэгт хөдөлмөрийн хэлтэс байгуулах асуудлыг шийдвэрлүүлж, Хөдөлмөрийн төв бирж, аймаг, нийслэлийн дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, 21 аймагт ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний бүртгэл мэдээллийн электрон киоск буюу е-бирж ажиллуулж эхэллээ.

 Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын  хүрээнд  шинээр 150 000 байнгын ажлын байр бий болгох зорилго бүхий “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад орнуудад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж байгаа гадаадын иргэдэд тавих эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн шалгуурыг өндөржүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааны тэгш нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэл хийж эхэллээ.

Түүнчлэн хөдөлмөрлөж, баялаг бүтээх хүсэлтэй ч банкны зээлийн босго давж чадахгүй байгаа  мянга мянган иргэд бий. Тэдгээр иргэдээ төр харж үзэн зээлийн батлан даалтын санг шинээр байгууллаа. Энэ сангаар дамжуулан бичил болон жижиг дунд бизнесийн зээлийн тодорхой хувийг барьцаа хөрөнгө шаардалгүйгээр олгох юм. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчид болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд  томоохон түлхэц болох нь дамжиггүй. 

Эрүүл, аюулгүй найдвартай ажлын байртай, ажил олгогч-баялаг бүтээгчид нь бизнесийн таатай орчинтой, улс эх орон нь өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтнаараа дамжуулан их бүтээн байгуулалтыг өрнүүлж, үсрэнгүй хөгжихөд гол үүргийг хүлээж, эцсийн дүндээ иргэн бүр нь ажилтай, орлоготой байхыг л тус яам зорьж байгаа.

          Энэхүү зорилгын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн уялдааг нягт хангаж, улс, бүс, орон нутаг, ажил олгогчийн ажиллах хүчний захиалгыг улсын хэмжээнд болон аймаг, нийслэл бүрээр тодорхойлсон судалгаа, мэдээллийг гаргаж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага түүнд тулгуурлан сургалтаа төлөвлөж, ажил олгогчидтойгоо хамтран өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байраар хангаж байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоонд шинэлчлэл хийж эхлээд байна. Тухайлбал чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжиж, үйлдвэржилтийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж, МСҮТ, Политехник коллежуудыг төрөлжүүлэх, зонхилох мэргэжлийн чиглэлийг тогтоон, кампус хэлбэрээр хөгжүүлэх зэрэг голлох арга хэмжээг нэрлэх байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр цаашид хийх ажил, хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогын талаар тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамба Та бүхэнд танилцуулах болно.

Ингээд Та бүхэнд өнөөдрийн уулзалтад идэвхитэй оролцож, үнэтэй санал, зөвлөмж өнгө гэдэгт найдаж байна.

Уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Монгол улсын их хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав