И.Нарантуяа "Ахмадын үндэсний зөвлөлгөөн"-д оролцлоо
“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөн /Дархан-Уул аймаг/
2013.02.07

И.Нарантуяа "Ахмадын үндэсний зөвлөлгөөн"-д оролцлоо

“Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнд

Илтгэгч: Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И. Нарантуяа

Илтгэлийн нэр: Хүүхдийн хөгжил, төлөвшилд ахмад настны үүрэг, оролцоо

Хүндэт төлөөлөгчдөө, Хүүхэд, залуусын өмөг түшиг, монголын энэ цагийн түүхийг бүтээлцсэн эрхэм хүндтэй ахмадуудаа.

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Та нарын улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр асар их гэдэг нь мэдээж хэн бүхэнд илэрхий билээ. Улс орны хөгжлийн эгзэгтэй он жилүүдэд үр хүүхдээ төрүүлж өсгөх, хүмүүжүүлж гэр орноо авч явах, өөрсдөө утга учиртай хөдөлмөрлөх энэ бүх ачаа та бүхний нуруун дээр явсаан. Өнөөдөр ч энэ ачаа төдийлөн хөнгөрөөгүй байгаа болов уу.

Монгол улсын шинэчлэлийн Засгийн газраас анх удаа “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” сэдвийн дор ахмадууд руугаа хандсан үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ болон түүний багийн хамт олонд талархал дэвшүүлье.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа

Монгол Улсын нийт хүн амын 7,3 хувийг1 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй ахмад настнууд эзэлж байна. Өндөр хөгжилтэй оронд өдий насны хүмүүс үр хүүхдээ тусад нь гаргаж, тэтгэврийн мөнгөөрөө аялан зугаалж, хамаг үлдсэн цагаа зөвхөн өөртөө зориулдаг тухай зөндөө уншсан. Харин монголчууд болохоор үхтэл үр харам гэгчээр үр хүүхэд, ач, гучийнхаа төлөө нэргүй хөдөлмөрт өөрийгөө зориулж, нэлээд нь бас ажил хийж үр ач нартаа нэмэр болж явдаг шүү дээ. Бас үүнийхээ ач буянг ч хүртдэг Монгол гэр бүлд ахмад настнаа хэн хэнээс илүү хүндлэн дээдэлж ирсэн сайхан уламжлал биднийх юм.

Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан “Гэр бүлийг уламжлалт соёл, ёс заншлын өвийг хадгалан хөгжүүлэх орчин болгох” гэсэн заалт нь Монголын хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстой гэдгийг би онцгойлон тэмдэглэж байна.

Улс орны хөгжлийн үе шат бүхэнд хүүхэд, багачуудын хүмүүжил, төлөвшлийн асуудал Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд цаашид ч тийм байх нь ойлгомжтой юм.

Мөн ахмадуудад чиглэсэн Төрийн бодлого нь зөвхөн халамжлах, тэтгэвэр тэтгэмжээр хангахаар үл хязгаарлан, харин тэднийг улс орноо хөгжүүлэх арвин туршлага, өв сан гэсэн концепцийн үүднээс харж, хойч үеэ хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах гол хүний нөөц гэсэн цогц бодлогыг хэрэгжүүлж Монгол улсын сэргэн мандалт, хөгжлийн зангилаа байлгах ёстой гэж бид үзэж байгаа юм.

Одоо, яг өнөөдөр ахмад үе маань нийгмийн хөгжилтэйгөө хөл нийлүүлэн ажиллаж амьдарч чадаж байна уу, тэдний маань амьдралын туршлага, эрч хүчийг нийгэм маань бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг нь бидний тулгамдсан асуудал болж байна.

Хүүхэд залуус, тэр дундаа ахмад үеийнхний зарим хэсэг ч гэсэн өөрсдөө “тэтгэвэрт гарсан”-ыгаа “амьдралын төсггөл”-д хүрсэн мэт ойлгож, харьцаж байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй байна.

Дээрх байдал харин ч эсрэгээрээ, ахмадууд маань тэтгэвэрт гарахаараа өөрийн сонирхсон, мэргэшсэн, сэтгэлд нийцсэн ажлаа хийдэг, дадлага, туршлага олсон салбар, чиглэлээрээ холбоо тогтоож, залуу үетэйгээ мөр зэрэгцэн ажиллаж амьдран, тэдэндээ дэм тус болж өөртөө амьдралын зорилго, урам, баяр баясал олж авах боломж бололцоо нээгдэж байгаа бөгөөд тийм нөхцөл байдлыг ч төрөөс хангах үүрэгтэй гэж бид үзэж байна.

Өнөөдөр монгол өрх айл, гэр бүлд, мөн хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд уламжилж ирсэн ахмад настны үүрэг, оролцоо асар их байна.

Тухайлбал:

-Ач, зээ болон садан төрлийнхөө бага балчир үрсийг асран хүмүүжүүлэх үүргийг өвөө, эмээ нар үүрч байна.

-Эцэг эхчүүд залуу гэр бүл, үр хүүхдүүддээ орон байр, санхүүгийн дэмжлэг үзүүлэх,

-Ахмадууд өөрийн мэдлэг, амьдралын туршлага, сургамжаа залуу үедээ зааж сургах,

-Уламжлал, ёс заншил, үндэсний соёлын өв баялаг сангаа үр хүүхэддээ уламжлан үлдээх,

-Тэтгэвэрт гарсан ч тасралтгүй хөдөлмөрлөж гэр бүл, нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа байдал гэх мэт олон олон үүргүүдийг гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэсээр ч байнаа билээ.

Өнөөдөр ахмадуудын амьдрал, үйл ажиллагаа, тэдэнд чиглэсэн төрийн бодлогод зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай хүчин зүйлсүүд анхаарал татаж байна. Үүнд:

  • Монгол улс дах үйлдвэржилт, дотоод, гадаад шилжилт хөдөлгөөн, хотжилтын нэн хурдацтай өөрчлөлт, түүнийг даган өөрчлөгдөх хүн амын өсвөр насныхны хэрэгцээ, шаардлага, дадал, зан үйл
  • Даяарчлалын нөхцөл дэх Монголын нийгэм, гэр бүлд буй болж байгаа харь соёлын нөлөөлөл, уламжлалт гэр бүлд гарч байгаа өөрчлөлтүүд
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд даяаршлын нийтлэг ба онцлог шинж чанар, уламжлал, шинэчлэлийн зохистой хослол бий болгох зэрэг олон зүйлс байна.

Өнөөдөр Монгол гэр бүлийн өнөөгийн шаардлага, цаашдын хөгжлийн хандлагад нийцэхүйц гэр бүлийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Ер нь өнөөдөр өрх, гэр бүл, үр хүүхдийн маань хувь заяатай холбоотой олон тулгамдсан асуудал байгаа ч энэхүү зөвлөгөөнөөс гарах шийдвэрт дараах асуудлууд илүү тод тусгагдана гэдэгт бид найдаж байна. Үүнд:

-Ахмадууд маань үр ач нартаа удам угсааг нь мэдүүлэх, ургийн бичгээ зөв хөтөлж сургах хөдөлгөөн өрнүүлж, амьдралын эргэлтэнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх уламжлалт зан үйл, дадал хэвшлийг тогтооход идэвхи санаачлага гарган ажиллах,

-Хүүхэд, хойч үеийг өсгөн хүмүүжүүлэхэд “Их гэр бүл”, “Ураг садан”, “Нутаг нуга”-аараа анхаардаг, халамжилдаг, сургадаг хөдөлгөөнийг өрнүүлэх. Үүнд жишээ болгон доорх баримтыг дурдаж болно. Бодит байдал дээр, асрамжийн газрын болон хараа хяналтгүй хүүхдүүдийн ихэнхи нь эцэг эхтэй хүүхдүүд байна. ХТҮГ-ын харьяа Өнөр бүл /хуучин нэрээр асрах / төвд бүтэн өнчин, шүүхийн шийдвэрээр хорих ял эдэлж байгаа болон эцэг эх байх эрхээ хасуулсан хүний хүүхэд асруулах ёстой бөгөөд одоо байгаа нийт 90 гаруй хүүхдээс бүтэн өнчин 7 хүүхэд л байна. Бусад нь хаягдмал, олдмол, тавиул хүүхдүүд байна гэсэн үг. Иймээс төрөл садан, нутаг нугаараа хүүхдэд хандах “ээлтэй” хандлагыг илүүтэй төлөвшүүлэн “хүүхдээ хаядаг, хүүхдээ хүмүүжүүлэхээс татгалздаг” тийм хүмүүсийг хүмүүжүүлэх, сургах, ойлгон таниулах, эсрэг тохиолдолд ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг хөдөлгөөнийг өрнүүлэх шаардлагатай байна.

-Монгол хүний үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, хүүхэдтэйгээ харилцах харилцаа, тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг нь бусад үндэстэн угсаатнаас ялгагдах өвөрмөц онцлогтой билээ. Хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж, тэднийг сайн сайхан амьдраасай гэж бүхий л ээж аав нар хүсдэг, гэтэл хүүхэд ирээдүйд амжилт гаргаж, өөртөө итгэлтэй, бусадтай зөв харилцах чадвартай “бие хүн” болон төлөвшихөд эцэг эхийн үүрэг оролцоо их байх төдийгүй үр хүүхдээ сайхан амьдралд хүргэх “гүүр” нь болох ёстой юм.

ХТҮГ-аас жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа нэг номинацийг нь ахмад настан болон тусламж шаардлагатай гэр бүл хүүхдэд тусалсан хүүхдийг алдаршуулах чиглэлээр гаргасан бөгөөд “Хүмүүнлэгийн энэрэнгүй үйлстэн” гэсэн энэ номинацид шалгарах хүүхдийн тоо жил бүр нэмэгдсээр байгааг энд дурдахад таатай байна.

Хүүхдийн биеийг нь төрүүлж өсгөхөөс гадна ухааныг нь төлөвшүүлж хөгжүүлэх, ирээдүйд зөв хүн болох эсэх нь ахмад үе, эцэг эх, биднээс шууд шалтгаална. Хэрвээ та хүүхдийнхээ сайн талыг олж харж чаддаг бол, хэрвээ та түүнд анхаарал халамж тавьдаг бол хүүхэд тань өөртөө итгэлтэй, амьдралыг үргэлж сайхнаар хардаг хүн болон төлөвшинө гэдэгт бүрэн итгэж болно.

Бид Ахмад үе болсон Та бүхнийхээ ирээдүй хойч үеийнхээ төлөө санаачлан хийх их үйлсэд идэвхитэй оролцон арвин баялаг, туршлага, сургаал зөвлөмжийг тань хүлээн авахдаа баяртай байх болно.

Та бүхний маань ажил амьдрал хийморлиг байх болтугай.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа