Иргэнд чиглэсэн бодлогуудын хэрэгжилтэд Үйлдвэрчний эвлэлийнхэн хамтран ажиллана
МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.02.13

Иргэнд чиглэсэн бодлогуудын хэрэгжилтэд Үйлдвэрчний эвлэлийнхэн хамтран ажиллана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны орон нутаг дахь удирдлагуудыг өнгөрөгч баасан гарагт хүлээн авч уулзлаа.

 Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа нийгмийн гол ачааг нуруундаа үүрдэг хөдөлмөрчин иргэддээ чиглэсэн чухал бодлогууд гаргаж, гурван талт хэлэлцээр хийж, ажил хэрэгч хамтын ажиллагааны механизм бүрдүүлж чадсанд Үйлдвэрчний эвлэлийнхэн талархалтай байгааг УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар илэрхийллээ.

Ийнхүү Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийнхэн эсрэг байр сууринаас өөд өөдөөсөө харж мэтгэлцэх хандлага өөрчлөгдөн нэг зүгт харж, нэг долгион дээр ажилладаг болсон нь том дэвшил хэмээн тэрбээр тодотгоод “Монгол хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан хууль эрх зүйн орчин бий болгох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх, Оюутолгой, Тавантолгой зэрэг том орд ашиглалтын хариуцлагыг өндөржүүлэх зэргээр үйлдвэрчний эвлэлийнхний зүгээс дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн ажлуудыг Шинэчлэлийн Засгийн газар шийдвэрлэж байгааг тодотгон хэлэх нь зүйтэй юм” гэлээ.

 Цаашид Шинэчлэлийн Засгийн газрын чухал бодлогуудыг доод, дунд шатанд хэрэгжүүлэхэд, төрийн үйлчилгээтэй холбоотой гомдол маргааныг шуурхай шийдвэрлэхэд Үйлдвэрчний эвлэлийнхэн хүчтэй оролцож, энэ хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг зорьж байгааг уулзалтын үеэр төлөөлөгчид хэлсэн юм.

Тунхаг биш ажил хэргийн механизм болгоход ҮЭ хамгийн чухал үүрэгтэй

 Иргэнээ сонсч саналыг нь бодлого шийдвэртээ тусгах, өөрсдийн ажлаа хөшигний ард биш ил, тунгалаг явуулах, амжуулснаа буцаан тайлагнах гэсэн үндсэн зарчмуудыг энэ Засгийн газар өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгодгийг Ерөнхий сайд дурьдаад, өнгөрсөн хугацаанд гарсан зарим үр дүнгээс жишээ татан тайлбарлалаа. Түүнчлэн, өөрийнх нь удирдаж буй Засгийн газрын дээрх зарчмуудыг тунхаг биш ажил хэргийн механизм болгоход Үйлдвэрчний эвлэлийнхэн хамгийн чухал үүрэгтэйг Ерөнхий сайд тодотгож, нэг завинд суун хамтран ажиллахдаа ч алдаа оноог залруулах бүтээлч шүүмжлэлээ зогсоох ёсгүй шүү хэмээн захилаа.

 Хамтын ажиллагаагаа илүү нягт уялдуулахад чиглэсэн саналуудыг Үйлдвэрчний эвлэлийнхэн уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд уламжилж, тэдний саналыг холбогдох шийдвэрт тусгахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариу илэрхийллээ.