2013.02.26

Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад сонгуулийг хамт зохион байгуулдаг болно

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооныдарга Р.БУРМААТАЙ ярилцлаа.

Намрын чуулган завсарлахын өмнө танай Байнгын хорооны дүрмийг баталсан. Баталсан дүрмээр бол Өргөдлийн байнгын хороо цаашдаа ямар зарчмаар ажиллах вэ?

Байнгын хорооныхоо дүрмийг батлуулахаас өмнө өмнөх парламентын үед иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг яаж шийдвэрлэж байсан болон цаашдаа яаж шийдвэл зүгээр вэ гэдгээр судалгаа хийж үзсэн. Мөн Өргөдлийн байнгын хороотой бусад улс орон яаж ажилладгийг судаллаа. Үүн дээрээ үндэслээд Байнгын хорооныхоо дүрмийг боловсруулж батлуулсан. Дүрмийн дагуу бол Өргөдлийн байнгын хороо сард нэгээс доошгүй удаа хуралдаж иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэнэ. Гэхдээ иргэдээс ирсэн бүх гомдлыг хэлэлцэнэ гэсэн үг биш. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй холбоотой өргөдөл гомдлыг нь хэлэлцэнэ. Тухайлбал, 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийн 100 мянган айлын орон сууц төслийн хэрэгжилтэд хяналт тавьж өгөхийг хүссэн өргөдөл олон ирсэн. Ялангуяа зээлийг нь зогсоосонтой холбоотой гомдол нэлээд их бий. Байрныхаа урьдчилгаа төлбөрийг барилгын компаниудад өгчихсөн иргэн олон байгаа юм билээ. Энэ асуудлаар судалгаа хийж, холбогдох газруудад нь танилцуулж байгаад Байнгын хорооныхоо хурлаар авч хэлэлцэнэ.

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс гомдол их ирж байгаа. Энэ гомдлын дагуу Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарч нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болсон. Уг гомдлыг Эрүүл мэндийн сайдад танилцуулсны дагуу сайдын тушаалаар ажлын хэсэг гарч эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж байгаа. Түүнчлэн Газрын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хянаж шалгах чиглэлээр гомдол ирсний дагуу хэлэлцүүлэг хийхээр бэлдэж байгаа.

Албан тушаалаа урвуулан ашигласан хүн 4-5 жилийн ял авч байна

Хорих газар ял эдэлж байгаа хоёр хүнээс ялын бодлого жирийн иргэдэд. хунд байна гэсэн гомдол ирсэн. Сүлжээний бизнесийн хэргээр 10-12 жилийн ял авсан эмэгтэйчүүд байна лээ. Өргөдөл гаргасан хоёр хүн “Албан тушаалаа урвуулан ашигласан хүн 4-5 жилийн ял авч байна. Хор хохирлыг нь үүнтэй харьцуулахад бага хэрэг үйлдсэн иргэдэд болохоор өнөөдөр ял оноож байна. Тиймээс ялын бодлогыг эргэн харж үзээч” гэж өргөдөлдөө бичсэн байна лээ. Үүний дагуу Г.Батхүү, Д.Арвин нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг ялын бодлогын талаар судалгаа хийж байгаа. Мөн Хууль зүйн яам цаашдаа ялын бодлогоо өөрчлөх эсэх, өөрчлөх бол ямар өөрчлөлт орохыг тодруулахаар албан бичиг явуулсан. Одоохондоо хариу нь ирээгүй байна. Хариу нь ирэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтраад хорих ангид хүмүүЖиж байгаа хүмүүстэй уулзана. Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажил гэвэл ийм л байна.

Хаврын чуулган эхлэхээр Өргөдлийн байнгын хороо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж ойлгож болох уу?

Болно. Байнгын хорооны дүрэмд зааснаар бол сард хамгийн багадаа нэг удаа хуралдах ёстой. Гэхдээ манай Байнгын хорооны үйл ажиллагаа иргэдээс ирсэн өргөдлөөс шууд хамаарна. Тухайлбал, нээлттэй, хаалттай хуралдах нь иргэдийн гомдлох шалтгаална. Байнгын хорооны хурал заавал нээлттэй байх албагүй  байдаг. Зарим хувь хүний өргөдөл, гомдлыг олон, нийтэд зарлах шаардлагагүй тохиолдолд хаалттай хуралдана.

Та дээр иргэдээс ирсэн бүх гомдлыг хэлэлцэхгүй. Харин УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хуулийн хэрэгжилттэй холбоотой өргөдөл гомдлыг нь хэлэлцэнэ гэлээ. Тэгэхээр бусад гомдлыг нь яана гэсэн үг вэ?

Хувийн хүсэлт буюу гэр орон, зээл, эмчилгээний зардал, сургалтын төлбөр хүссэн УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй өргөдөл гомдлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй. Харин энэ төрлийн гомдол гаргасан иргэдэд хариу өгч байгаа. Тухайлбал, гэр хүссэн иргэнд ямар тохиолдлуудад гэр авах боломжтойг нь тайлбарласан зөвлөмж маягтын хариуг захидлаар өгч байгаа. Иргэд хаана хандахаа мэдэхгүй манай Байнгын хороонд хандаад байдаг. Үүнийг нь бид манайд хамаагүй асуудал гээд орхихгүй. Хаана хэнд ямар байдлаар хандаж болохыг нь зөвлөнө.

Хорих газар ял эдэлж байгаа хүн танай Байнгын хороонд хандсан гэж бодохоор иргэдийн өргөдөл гомдлыг нэлээд ергөн хүрээгээр авч байгаа санагдлаа. Иргэдийн өргөдөл гомдлыг ямар байдлаар авч байгаа юм бэ?

Иргэдийн гомдлыг захидал хэлбэрээр авч байна. Гишүүд хөдөө орон нутагт ажиллахдаа иргэдийн саналыг аваад ирж болно. Мөн интернэтээр өгч болдог болгохоор ажиллаж байгаа. Түүнчлэн Засгийн газар иргэд төрийн байгууллагын мэдээлэл, тодорхойлолтоо авч болох автомат машиныг нийслэл болон орон нутгийн засаг захиргааны бүх нэгжид байршуулахаар болсон. Энэ машиныг ашиглаад иргэд манай Байнгын хороонд өргөдөл гомдлоо ирүүлэх боломжтой болно. Үүний өмнө Цахим гарын үсэгний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх байх. Ингэснээр иргэдийн гомдлыг илүү өргөн хүрээгээр авдаг болно.

Ер нь иргэд өргөдөл гомдол гаргахад юу саад болж байгааг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн С.Ганбаатар гишүүн ахалж байгаа.

Иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлын дийлэнх хувийг ямар төрлийн гомдол эзэлж байна вэ?

Нийт гомдлын 90-95 хувийг хувийн шинжтэй хүсэлт эзэлж байгаа. Үүнд дээр хэлсэн гэр, орон сууц, эмчилгээний зардал, сургалтын тэтгэлэг, зээл олж өгөх, ажилд оруулж өгөхийг хүссэн өргөдөл багтана. Өмнө нь энэ төрлийн гомдлуудыг гишүүд тойргийн мөнгө гэж нэрлэж байсан нэг тэрбум төгрөгөөрөө шийдвэрлэж ирсэн юм билээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс гомдол их ирж байгаа гэлээ. Хэдэн жилийн өмнө дуулиан болж байсан хордлоготой холбоотой гомдол уу?

Цианит натрид хордсон газрыг ийн хашаалжээ

Хонгор сумын иргэд манай суманд өвчлөл их байна. Ялангуяа хорт хавдраар өвчилж байгаа хүн их бий. Тухайн үед гаргасан эмч нарын ажлын хэсгийн дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байна. Дахин шинжилгээ хийлгэе гэж гомдол гаргасан. Үүний дагуу би Н.Удвал сайдтай уулзаж ярилцсан. Улмаар Эрүүл мэндийн яам ажлын хэсэг томилсон юм билээ. Энэ ажлын хэсэг судалгаа хийгээд иргэдийн өвчлөл юунаас болж байгааг тогтоож дүгнэлт хийнэ. Энэ дүгнэлтийг нь манай Байнгын хороо хэлэлцээд иргэдэд танилцуулна.

Тантай уулзсных нэг зүйлийг асуумаар санагдлаа. Та сонгуулийн хуулиудыг нэгтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Ажлын хэсэг одоо юу хийж байна вэ?

Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг нэгтгэж сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг нарийвчилна. Бүх шатны сонгуулийн тухай хуулийг нэгтгэхээр бүх сонгуулийг зэрэг зохион байгуулна гэсэн үг биш. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад сонгуулийг хамтад нь явуулдаг болгох асуудлыг нэгдсэн хуулийн төсөлд тусгаж байгаа. Хуулийн төслийг боловсруулах  УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, иргэд, сонгогчдыг төлөөлөн ажилладаг төрийн бус байгууллагуудаас саналыг нь авна.

Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллахынхаа хажуугаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Миний санаачилсан хуулийн төслөөр бол УИХ-д сонгогдсон гишүүд нь намынхаа Удирдах дээд байгууллагыг удирдаж ажилладаг, аймаг, нийслэл, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид нь тухайн шатныхаа намын байгууллагыг удирддаг байх юм. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол улс төрийн нам дотор ямар нэгэн зөрчил гарлаа гэхэд намын доторх асуудал гээд шүүх хүлээж авдаггүй. Үүнийг өөрчлөхөөр тусад нь хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас санал авахаар өгсөн. Улс төрийн нам төрийн эрх барих зэргээр маш их нөлөөтэй байдаг ч шүүхэд : хянагдахгүй байж болохгүй. Улс төрийн нам шүүхэд хянагдахгүй байгаа нь шударга бус гэж үзээд хуулийн төсөл боловсруулсан. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд төсөлд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачилж байгаа. Одоо өргөн барьчихаад байгаа төсөлд нь нэмээд оруулах боломж байна уу, үгүй юү. Боломжгүй бол тусад нь өргөн барина. Манай улс газрын баялгаа тийм хэмжээтэй гэдгийг нь тогтоосон хэрнээ үнэлж чадахгүй байна. Түүнээсээ болоод алдагдалд орсон. Сургамж болохоор алдагдалд орж байгаа жишээ бэлэн байсаар байтал ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулахдаа энэ асуудлыг тусгаагүй байна лээ. Тиймээс газрын баялгаа үнэлэх асуудлаар хуулийн төсөл санаачлах нь зүйтэй юм байна гэж үзсэн.