2011.10.24
Ц.Баярсайхан: Нэг барьцаагаар олон банкнаас зээл авах боломжийг хаасан
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.
“Анод”, “Зоос” банкны дампуурлыг чанаргүй зээл их хэмжээгээр олгосонтой нь холбож тайлбарладаг. Тэр тусмаа нэг барьцаа хөрөнгөөр дээрх хоёр банкнаас зээл авсан хүмүүс ч байсан. Тухайлбал, Олон-Овоотын лицензийг дээрх хоёр банканд зэрэг барьцаа хөрөнгө болгож их хэмжээний мөнгө зээлсэн байсныг УИХ-ын ажлын хэсэг тогтоогоод байгаа билээ. Тиймээс УИХ дахин ийм байдал гаргуулахгүйн тулд нэгэн хуулийг өнгөрсөн долоо хоногт батлан гаргалаа. Зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцсанаа хүргэе
-Зээлийн мэдээллийн тухай хуулийг УИХ баталлаа. Энэ хуулиар ямар харилцааг зохицуулах юм бэ. Манайд одоо зээлийн мэдээллийн төвлөрсөн сан гэж байхгүй юм уу?
-Банк, санхүүгийн байгууллагаас ямар нэгэн зээлийг хэрэгжүүлэхдээ эрсдэлээс сэргийлэх, зээлийг нэг баталгаа хөрөнгөөр давхардуулан олгохгүй байх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байсан л даа. Тухайлбал, Монголбанкны дэргэд Зээлийн мэдээллийн сан байгуулж байсан удаатай. Үүнийгээ олон улсын төвшинд хүргэх, хууль эрх зүйн орчныг нь нэг мөр болгох үүднээс Зээлийн мэдээллийн тухай хуулийг УИХ баталлаа.Хөгжилтэй орнуудад Зээлийн мэдээллийн сан гэж байдаг юм.
Энэ санд аливаа зээлдэгчийн төлбөр, тооцоотой холбоотой бүхий л мэдээлэл агуулагддаг. Тухайн зээлдэгч банк, санхүүгийн байгууллагаас зээл авах нөхцөлд тэр банк нь Зээлийн мэдээллийн сан руу нэвтэрч, тухайн хүнтэй холбоотой бүх мэдээллийг олж үздэг юм. Энэ хүн өмнө нь ямар зээл авч байсан, төлбөрөө хэрхэн барагдуулсан бэ, найдвартай зээлдэгч мөн үү гээд бүх мэдээллийг авдаг. Үүнийг харгалзаж үзсэний дараа зээлээ олгодог тогтолцоо юм. Монгол Улсад ч энэ тогтолцоо хэрэгтэй юм гэж үзээд хуулийн төсөлд санаачилж, УИХ-аар батлууллаа.-Зээлийн мэдээллийн санд тэгээд иргэдийн бүх төрлийн мэдээлэл байх уу. Энэ сангаас банкнууд мэдээлэл аваад байхаар хувь хүний нууцын асуудал сөхөгдөх юм биш үү?
-Монголбанк болон түүнээс эрх авсан байгууллагууд зээлийн мэдээллийн түүх бий болгож, энэ төрлийн үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан. Зээлийн мэдээллийн түүх гэхээр аливаа банкнаас авсан зээл, төрийн байгууллагад төлөх ёстой өр төлбөр гээд бүгдийг агуулна. Эрчим хүч, дулаан хангамж, нийгмийн даатгалын шимтгэл гээд төлөх ёстой бүх юм бичигдэнэ. Энэ төрлийн бүх мэдээлэл хувь хүний нэр дээр болон хуулийн этгээдийн нэрээр хадгалагдах юм.Сангаас мэдээж зээлдэгч өөрөө мэдээлэл авна.
Өөрийнхөө мэдээллийг аваад зээлийн явцдаа дүн шинжилгээ хийгээд явдаг байх ёстой. Хоёрдугаарт, банк мэдээлэл авна. Банк, санхүүгийн байгууллага зөвхөн тухайн зээлдэгчтэй холбоотой мэдээллийг авч болох юм. Ингэхдээ энэ хүн өмнө нь ямар зээл авч байж, хэрхэн барагдуулж байсан юм бэ гэсэн мэдээллийг л авна. Мөн төрийн зарим байгууллага холбогдох мэдээллийг тодорхой зорилгын хүрээнд авч болно. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага авах эрхтэй. Энэ гурван хэрэглэгч л Зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах эрхтэй байхаар хуулийг баталсан. Бусад хүн бусдын талаар мэдээлэл авах боломжгүй. Сангаас тодорхой гэрээний үндсэн дээр мэдээлэл өгдөг байх юм.-Санд зээлдэгчийн бүх төрлийн мэдээлэл хадгалагдаад байж байх нь. Тэндээсээ хүссэн бүх мэдээллээ авч болох нь ээ?
-Зээлдэгчийн мэдээлэл 10 жилийн хугацаанд санд хадгалагдана. Харин мэдээллийн лавлагааг зөвхөн сүүлийн зургаан жилийн байдлаар гаргаж өгөх юм. Хүмүүс ярьдаг даа, зарим зээлдэгч олон банкнаас их хэмжээний мөнгө аваад байна. Заримд нь зээл олддоггүй гэж. Хэрэв зээлийн түүх дээр үндэслээд явдаг тогтолцоо руу орох юм бол найдвартай зээлдэгчид мөнгө хялбархан олдоно.-Ерөнхийдөө банкнуудаа хамгаалсан хууль гэж ойлгож болох уу?
-Нэг талаас зээлийн эрсдэлийг бууруулж байгаа алхам. Хоёрт, зээлдэгчийг хариуцлагажуулж байгаа юм. Гуравт, зээлдэгчид ч бас давуу эрх олгож байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн түүх маш сайн байх юм бол ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр дараагийн зээлийг найдвартай олгодог бололцоо олдож байгаа. Зөвхөн банкийг, банк санхүүгийн системийг биш зээлдэгчид ч бас боломж олгосон хууль гэсэн үг. Жишээ нь, зээлийн карт эзэмшдэг хүн цаг тухайд нь зээлээ төлөөд байх юм бол картаар зээлдэх хэмжээ нь өснө.Эхлээд таван саяыг, дараа нь 10 сая болох жишээтэй.
Аж ахуйн нэгжийнх ч ялгаагүй. Сүүлийн зургаан жилийн мэдээллийн түүх нь сайн байх юм бол банкнууд заавал барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгох боломж бүрдэж байгаа юм. Ийм механизмыг бий болгохын төлөө энэ хуулийг баталсан. Яагаад гэвэл, бид Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль баталж, төрөөс дэмжих бодлогоо УИХ тодорхой болгосон. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар орж ирсэн тоног төхөөрөмжийг импортын болон гаалийн албан татвараас чөлөөлсөн. Одоо Зээлийн батлан даалтын тухай хуулийн төсөл явж байгаа. Энэ бүхэн уялдаад зээлийн сайн түүхтэй иргэн, аж ахуйн нэгж банкны найдвартай харилцагч болж байж л зээл авдаг тогтолцоог бүрдүүлэх юм.-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Мэдээллийн санг бүрдүүлэхэд цаг хугацаа шаардах уу?
-Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Монгол-банк хэд хэдэн журам гаргах ёстой. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдүүдэд Монголбанк зөвшөөрөл олгоод явна. Тодорхой мэргэжлийн шалгуур хангасан, нөхцөл бүрдүүлсэн байгууллагад л тусгай зөвшөөрөл олгох юм.-Тэгэхээр санг Монгол-банкны дэргэд байгуулахгүй юмуу?
-Монголбанк эхний буюу шилжилтийн шатанд санг авч явна. Цаашдаа хувийн хэвшил үйл ажиллагааг эрхлэн явуулах юм. Гэхдээ маш олон шалгуур хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авна.-Мэдээж энэ хуулийг батлахын тулд олон улсын туршлагыг судалсан байх. Монголд анх удаа хэрэглэж үзэх гэж байгаа Зээлийн мэдээллийн сангийн хууль бусад оронд ямар нөлөөлөл авчирч байна вэ?
-Банк гэдэг зөвхөн эздийн байгууллага биш. Тодорхой хэмжээний дүрмийн сан бүрдүүлээд, түүгээрээ бусдын хөрөнгийг татан төвлөрүүлэх замаар үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөөх байгууллага шүү дээ. Энэ байгууллагын үйл ажиллагаа ямар нэгэн эрсдэлд орохгүйгээр шаардлагатай хэмжээнд зээл гаргаж чаддаг байх ёстой. Ингэж Монгол Улсын эдийн засаг эрүүлжиж явах ёстой юм. Энэ утгаараа янз бүрийн байдлаар нэг барьцаа хөрөнгөөр давхардуулж зээл авдаг. Тэрийгээ төлдөггүй хүмүүст бол энэ хатуу хууль болно. Харин зээлээ цаг хугацаанд нь төлөөд явж байгаа хүмүүст давуу байдал олгох юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг талыг хараагүй, эдийн засгийн харилцаанд оролцогч бүх талын ашиг сонирхлыг хангасан хууль болсон гэж хэлж болно.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.