Н.Удвал: Эмнэлгийн ажилтнуудыг хариуцлагын даатгалтай болгох хэрэггэй
Сүүлийн үед өрхийн эмнэлгийг тойрсон асуудал их гардаг болсон. Иргэд нэг ёсны өрхийн эмнэлэг, тэр дундаа эмч нарынх нь мэдлэг, чадварт итгэдэггүй, мөн эмчилгээний тоног төхөөрөмж хангалтгүй байдаг зэргээс шалтгаалж нэгдүгээр шатлалын буюу өрхийн эмнэлэгт хандахаасаа илүүтэй хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хандах нь илүүтэй. Үүнээс үүдэж дээрх эмнэлгүүдийн ачаалал ихсэх шалтгаан болдог байна. Иймээс өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахтай холбоотойгоор зохион байгуулж буй “Өрхийн эрүүл мэндийн төвийн хөгжил, тусламж үйлчилгээний шинэчлэл” улсын зөвлөлгөөний үеэр Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох хүмүүс өрхийн эмнэлгийн үйлчилгээг хэрхэн сайжруулах арга замын талаар илтгэл тавьсан юм.
Өрхийн эмнэлгийн эмч нарын 50 хувь нь дадлагажигч эмч нар байдаг аж. Сургуулиа дөнгөж төгссөн ч жинхэнэ эмчийн гэрчилгээ аваагүй эмч нар ажилладаг байна. Тиймээс дадлага, туршлагагүйгээсээ ажлын алдаа гаргаж, үйлчлүүлэгчдийн итгэлийг тэр болгон олж чаддаггүй гээд өрхийн эмнэлгийн хүний нөөцийн хувьд эн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлыг энэ үеэр онцолж байлаа. Гаднын хөгжингүй орнуудад өрхийн эмнэлгийн тогтолцоо нь манайхаас тэс ондоо байдаг аж. Тэнд мэдлэг боловсрол сайтай, ур чадвартай, олон жил ажилласан туршлагатай эмч өрхийн эмнэлгийн эмчээр ажилладаг байна. Тэр ч утгаараа хамгийн өндөр цалинг өрхийн эмнэлгийн эмч авдаг аж. Гэтэл манайд эсрэгээрээ, өрхийн эмнэлгийн шинэ эмч нар ур чадвар, мэргэжлийн туршлагагүй учир хамгийн бага цалинг авдаг. Тиймээс энэ тогтолцоог таслан зогсоохын тулд өрхийн эмнэлгийн тогтолцоог бүрэн өөрчлөх ёстойг зөвлөлгөөнд оролцогч буюу мэргэжлийнхэн онцоллоо. Үүний тулд анхан шатны эмнэлэгт хамгийн сайн эмч нарыг ажиллуулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байв.
Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛААС зарим асуудлыг тодрууллаа.
-Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авбал зүйтэй гэж бодож байна вэ?
-Монгол Улс анх өрхийн эмнэлэгтэй болсноос хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хооронд болж өнгөрсөн алдаа оноогоо өнөөдөр манай салбарын хүмүүс ярьж хэлэлцэж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт нэг иргэнд ноогдох зардлаар тооцогддог. Одоогоор бол жилд нэг хүнд 12 мянган төгрөг ноогдож байгаа.
Олон улсын жишгээр бол нэг иргэнд ноогдох өрхийн эмнэлгийн төсөв нь 20 гаруй мянган төгрөг байдаг. Гэтэл ДЭМБ-аас нэг иргэнд 60 доллар зарцуулбал эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүх хүнд хангалттай сайн үзүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Тиймээс бид энэ Засгийн газрын үед нэг хүнд ноогдох төсвийг 50 мянган төгрөгт хүргэх зорилт тавьж байгаа.
-Өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт юунаас бүрддэг юм бэ?
-2005 он хүртэл 60 хувь нь даатгалаас, 40 хувь нь төсвөөс санхүүждэг байсан. Харин эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгад өрхийн эмнэлгийн санхүүжилтийг 100 хувь төсвөөс өгдөг болсон. Би хувьдаа үүнийг өрхийн эмнэлгүүдийг санхүүгийн гачигдалд оруулах шалтгаан болсон гэж боддог. Тиймээс өрхийн эмнэлгийн өдрийн эмчилгээг даатгалаас, бусдыг нь төсвөөс санхүүждэг болгох, нэг иргэнд ногдож буй 10 гаруй мянган төгрөгийг 40-50 мянган төгрөгт хүргэх зэрэг бодлогын өөрчлөлтийг хийснээр өрхийн эмнэлгийн чанарыг дээшлүүлж, хүн бүрт хангалттай сайн үйлчлэх бүрэн боломжгой болно гэж үзэж байна. Бид энэ талын стратегийг боловсруулж өнөөдрийн зөвөлгөөнөөр хэлэлцэн өрхийн эмч нарынхаа оролцоотойгоор сайжруулан засах болно.
-Өрхийн эмнэлгийн хүний нөөцийн асуудлыг зөвлөлгөөний үеэр ихээр хөндөж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Өрхийн эмнэлгүүдийн хүний нөөцийн асуудал үнэхээр хэцүү бай-на. Өрхийн эмнэлгийн эмч нарын олонхи нь ерөнхий мэргэжлийн байдаг. Өрхийн анагаахаар суралцсан эмч нар ердөө арван хувь нь л байдаг. Сувилагч нар ч ялгаагүй. Мөн өрхийн эмнэлэг хүн амын тоондоо хүрэлцэхгүйгээс гадна иргэн бүрт хүрч ажиллаж чадахгүй байна. Манайд найман мянган хүнд нэг өрхийн эмнэлэг байна гэсэн стандарт байдаг. Харин олон улсад 2500 иргэний дунд нэг өрхийн эмнэлэг байдаг. Тэгж байж тусламж нь чанартай хүрдэг. Гэтэл манайд нийслэлд л гэхэд одоогийн хүн амд нь тохируулбал 30 гаруй өрхийн эмнэлгийг шинээр байгуулах ёстойг судалгаагаар гаргаж ирсэн. Мөн өрхийн эмч нараа бүх нийтээр нь өрхийн анагаах ухаанд сургах бодлогын өөрчлөлт хийх шаардлага эн тэргүүнд шаардлагатай байна. Түүнээс гадна өрхийн эмнэлгийн дарга, удирдлагыг ч чадваржуулах хэрэгтэй. Удирдлага сайн байвал үйлчилгээ сайн байдаг гэсэн үг.
-Та түрүүнд илтгэл тавьж байхдаа эрүүл мэндийн хариуцлагын даатгал гэж ярьж байсан. Энэ талаараа тайлбарлахгүй юу?
-Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгал гэж манайд байдаггүй. Эрүүл мэндийн салбарынхан асар эрсдэлтэй ажлыг маш бага цалинтайгаар хийдэг. Ямар нэгэн эмнэлгийн болон эмчийн буруугаас болж иргэний амь нас хохирсон тохиолдолд нөхөн төлбөр өгөх тухай зүйл анги манайд байдагтүй. Хуулийн байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргасан тохиолдолд тухайн эмч ганцаараа хариуцлага хүлээж торгуулиа төлдөг. Тэгэхээр олон улсын туршлагаас харахад эрсдэлтэй ажил хийдэг тохиолдолд эрсдэлийг хуваалцах нөхцөлийг хуулиараа бүрдүүлж өгдөг. Тиймээс ЭМЯ-ны хувьд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хариуцлагын даатгалын хуулийг санаачилж байгаа. Ямар үйлдлүүдийг даатгуулах, хохирсон үед нөхөн олговруудыг нь яаж төлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, ажлын хэсэг гаргаад хаврын чуулганаар өргөн барих гэж байна.