“Эрүүл Монгол хүн – Шинэчилж шийдье 222” уулзалт боллоо
“Эрүүл Монгол хүн – Шинэчилж шийдье 222” уулзалт ЭМШУИС-ийн хурлын зааланд боллоо. Тус уулзалтанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмнэлгүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцсан. Үүний үндсэн дээр өөрчлөлт шинэчлэлтийг боловсруулж салбарын мэргэжилтний дунд танилцуулж буй нь энэ юм. Ерөнхий сайд уулзалтынхаа эхэнд эрүүл мэндийн салбарт гурван том шинэчлэлт хийхээ тайлбарлалаа.
Эхний ээлжилд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог сайжруулах. Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлгийн чадамжыг сайжруулах үйлчилгээг нь өргөн хүрээтэй болгох юм. Харин хоёрдахь шатлалын эмнэлгүүдийн тухайд иргэддээ хүрч үйлчилдэг байхаар төлөвлөжээ. Энэ нь дүүрэг бүрт нэг байх биш харин хүн амынхаа тоо,байршлаас хамаарсан 2 дахь шатлалын эмнэлгүүд байгуулна гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж анхан шатны эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалаас гардаг 20 мянган төгрөгийг 50 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөж байна
Мөн оношлогоог сайжруулах тал дээр томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Энэ нь эрүүл мэндийн чиглэлээр гадаад улс руу урсдаг мөнгөний ургсгалыг зогсоох нэг алхам гэж тайлбарлалаа. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд оношлогооны томоохон бааз сууриудыг шийдэж өгнө. Үүнд засгийн газар 20 орчим тэрбум төгрөг зарцуулна гэв. Эцэст нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж анхан шатны эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалаас гардаг 20 мянган төгрөгийг 50 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөж байна. Энэ бүхнийг сонссон эрүүл мэндийн салбарынхан өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлэгт 30 гаруй эмч, ажилтнууд санал хэллээ. Саналуудаас дурдвал, Ажлын гүйцэтгэлээр цалинжуулдаг болох, ЭМШУИС-ийн дэргэд сургалтын эмнэлэг (University Hospital) байгуулах, өрхийн эмч нарыг чадваржуулах, аймгийн төвүүдэд оношлогооны төв байгуулах, урьдчилан сэргийлэх ажил буюу нийгмийн эрүүл мэндэд анхаарах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг чанаржуулах, сэтгүүлчид болохгүй бүтэхгүй байгаагаас илүүтэйгээр эмнэлгийн салбарын сайн сайхан, амжилт, ач тусыг бичиж байх зэрэг саналуудыг хэллээ.