2013.03.06

Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан монголын үе үеийн сэтгүүлч, идэвхтэн бичигчид, хэвлэл мэдээллийн байгууллага, нийт уншигч, үзэгч түмэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Монголын үндэсний дэвшилт сэхээтнүүд монгол газар нутагт монгол хэл бичгээр Монголын анхны тогтмол хэвлэлийг үүсгэн байгуулж, анхны дугаараа хэвлүүлсэн 1913 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг Монголын сэтгүүл зүйн түүхийн эхлэл хэмээн онцлон эдүгээ 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа нь туурга тусгаар Монгол Улсын бас нэгэн бахархал хэмээн үзэж байна.

Монгол Улсад өнөөдөр дэлхийн жишигт хүрсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн цогц бүтэц нэгэнт буй болсон бөгөөд цаашид чөлөөт хэвлэлийн орчинд орчин үеийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх, хөгжүүлэх боломж бүрдсэн нь өнөөгийн төр, засгийн бодлогын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж байна. Тиймээс Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах замаар монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийн үзэл санаанд нэгдэн ажиллаж буй бөгөөд үүнд Монголын сэтгүүл зүйн чөлөөт хэвлэлийн орчин чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна.

Үндэсний эрх ашгийг дээдлэх, хүний жам ёсны заяагдмал эрхийг эрхэмлэж, нийгмийн ардчиллыг төлөвшүүлэх, төр засгийн үйл ажиллагааг нээлттэй, иргэдэд хянагдах тогтогцоог буй болгож иргэний нээлттэй нийгмийн үнэт зүйлсийн үнэмлэмжийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг урьд урьдаас өсөн нэмэгдэж байна.

Монголын үндэсний сэтгүүл зүйн хөгжлийг цаашид улам эрчимтэй хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, сургалт судалгааны тогтолцоог шинэчлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг хангах, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж болно.

Монголын үндэсний сэтгүүл зүйн хөгжлийн дараагийн зуун жилийн гараан дээр олмоо чангалж, чөлөөт хэвлэлийн их аянд мордож буй Монголын нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхэндээ шударга ёс, үнэний эрлийн төлөөх бүтээл туурьвал, уран бүтээлдээ их амжилт олохыг хүсье!

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан чөлөөт хэвлэл улам эрчимжин дэлгэрэн хөгжих болтугай!

2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот