Оросын төмөр замын нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.Якунин манай улсад айлчиллаа.
2013.05.13

Ерөнхий сайд Н.Алтанхуяг В.Якунинтай уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Оросын төмөр зам" нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниныг өчигдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төслийн хамтын ажиллагааг тодорхой болгох яриа хэлцэл хийх боломж олгосонд Ерөнхий сайдад ноён В.Якунин талархал илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал болохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолжээ.

Стратегийн түншлэлийн харилцаатай, мөнхийн хөрш манай хоёр орны харилцан үр ашигтай хамтын ажиллагаанд тээвэр, ложистикийн дэд бүтэц ихээхэн үүрэгтэй тул шинэ төмөр замын төслийн ажилд онцгой анхаарч байгаа гэлээ. Иймд цаашид хамтын ажиллагааны механизмаа нарийвчлан тодорхойлж, илүү хурдтай урагшлах шаардлагатай гэв.

Өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл бүрдсэнийг хоёр тал тэмдэглэжээ.

Харин ноён В.Якунин бидний хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгаа ч цаашид төслийн үйл ажиллагааг өргөжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэн хамтран ажиллах хэрэгтэй байна гэлээ. Мөн өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл      бүрдээд байгааг хоёр тал тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг дэмжин хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллахад бэлэн гэдгээ уулзалтын үеэр онцоллоо.