УИХ-ын эмэгтэй гишүүд ХЗХ-ын хохирогчдыг хүлээн авч уулзлаа.
2013.05.13

Энэ хэргийг үндсээр нь гаргаж тавих ёстой

УИХ-ын эмэгтэй гишүүд Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг хүлээн авч уулзав. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төр хариуцлага хүлээх ёстой. Энэ хүмүүс зүгээр нэг бизнесийн харилцаанд ороод мөнгөө алдсан биш. Нэлээдгүй хадгаламж зэлийн хоршоо хэвийн үйл ажиллагаа явуулж байсныг зохиомлоор хадгаламж зээлийн хоршооны хэрэг гэж үүсгээд бүгдийг нь хааж 6000 хүнийг ганц худагт хориод, эрүүгийн гэмт хэрэгтнүүд шиг зохицуулах гэсэн нь бүдүүлэг авирласан зүйл болсон.

Эндээс хэн хожсон гэхээр хохирлыг нь барагдуулж өгнө гэж амласан улстөрчид, төрийн болон цагдаагийн байгууллагын ажилтнууд ихээхэн хор хөнөөл учруулсан. 41 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө, 20-иод тэрбум төгрөгийн зээлдэгчийн авлага, маш олон лиценз, газар байсан гэж үзэж байгаа.

Хохирлыг нь барагдуулж өгнө гэж амласан улстөрчид, төрийн болон цагдаагийн байгууллагын ажилтнууд хожсон.

Үүний 50 хувийг л дуудлага худалдаагаар зарахад дийлэнх хохирлыг барагдуулах боломж байсан. Энэ хэргийг бүгдийг нь үндсээр нь гаргаж тавих ёстой. Хуулийн цоорхойг нь захиалгаар батлуулсан гэж бид сэрддэг.  

Учир нь тусгай зөвшөөрөл авахгүйгээр хоршооны дагавар хуулиар зохицуулж болохоор зөвшөөрөл өгсөн. Энэ нь 2004 оны сонгуулийн өмнө нэлээн эрч хүчээ авсан.

Маш их хэмжээний сонгуулийн мөнгө босгох гэж улс төрийн зорилгоор, зохион байгуулалттай манай улс төр, бизнесийн бүлэглэлийн томчууд оролцож үүнийг хийсэн. Бид нийгэмд шударга ёсыг тогтоох ёстой.