Л.Гантөмөр сайд багш нарт хичээл заав
МҮЭСТО-г Сонгинохайрхан дүүргийн багш, сурагчдын хийсэн бүтээлээр чимлээ. Эндээс номыг хэдэн ч янзаар урлаж болдгийг харж болохоор байлаа. Навч, цэцэг, жимс, даавуу гээд л төрөл бүрийн эд материалаар урласан ном, дэвтэр, гарын авлаг олны нүдийг хужирлаж байсан юм. Түүнчлэн хаягдал эд зүйлсээр ч сурагчдын хичээлд хэрэгтэй гарын авлага хийсэн байв. Бас болоогүй ундааны соруул ашиглаад хөөрхөн гэгчийн тоглоом урлаж байлаа.
Энэ бүтээл нь “ЗD бэмби” нэртэй бөгөөд улсын техник технологийн олимпиодоос тэргүүн байрын шагнал хүртсэн юм билээ. Уг бүтээлийг Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 11 г ангийн сурагч Б.Хандмаа урласан гэсэн.
Багш сурагчдын хийсэн бүтээл цаас, даавуугаар хязгаалагдахгүй, модон сийлбэр, хайчилбар гээд сонирхол татсан бүтээл олон байлаа. Зарим нь бүр захиалга аваад эхэлсэн гэсэн. Тус ордонг чимсэн энэ үзэсгэлэн бол “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн багш, сурагчдын бүтээл. Учир нь Монгол Улсын Засгийн газраас “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавьж, үүнийхээ хүрээнд дээрх хөтөлбөрүүдийг үе шат шаттайгаар амжилттай хэрэгжүүлж буй юм. Үүний зэрэгцээ энэ бүхнийгээ дүгнэж, үнэлж багш нартайгаа “Боловсролын чанарыг шинэчлэлд хамтдаа” уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Ээлжит уулзалт нь Сонгинохайрхан дүүргийн багш нарынх байлаа.
Бидний сул тал нь бүх зүйлийг хайрцагласан явдал
Манай улсын хувьд боловсролын шинэчлэл хамгийн чухал байгаа. Үүнийг хийхийн тулд багшийг чадваржуулах нь нэн түрүүнд хийх ажил болоод буй юм. Тийм болоод ч тэр үү энэ удаагийн уулзалтад 1000 гаруй багш ирсэн байв. Тэд уулзалтаар салбарын сайддаа санал бодлоо уламжлахын зэрэгцээ гомдол ч тээж ирсэн байв. Гэхдээ энэ удаагийн уулзалтад багш нар их ярьсангүй. Цаг давчуу гэсэн шалтгаанаар багш нарын саналыг бичгээр авахаар болсон юм.
Харин салбарын сайд Л.Гантөмөр боловсролын салбарт ямар шинэчлэл хийх гэж байгаа, багш нараас юу шаардах гээд бараг цаг гаруй лекц уншсан. Өөрөөр хэлбэл, багш нартаа хичээл заасан.
Түүний ярих, хэлэх, зөвлөх бүрийг багш нар дэмжиж, алга нижигнүүлэн таших. Тэрбээр “Боловсролын салбарт шинэчлэл хийж байгаа гол зорилго нь аз жаргалтай монголчуудыг бий болгох. Өөрөөр хэлбэл, Монголын ирээдүйг амьдрах ухаантай болгож бэлтгэнэ. Бидний сул тал нь бүх зүйлийг хайрцагласан явдал. Энэ хичээлийг яг ингэж заана гээд л бүгдийг хайрцаглаж орхисон. Үүнээс болоод хүүхдүүд “Яавал шалгалтыг давах вэ” гэдэг бодолтой болсон. Тиймээс хүүхдийг өөрөөр нь хийлгэх нь хамгийн чухал байна. Хичээлийн 40 минутад хайрцаглагдахгүй, багшийн ажлыг цаасаар үнэлэхээ болино” хэмээсэн. Түүнчлэн “Боловсролд хөрөнгө оруулдаг дарга урт наслах болтугай” хэмээн хошигноод ч амжсан. Түүний яриа бүр багш нарыг талархлаа хэмээн хэлж, алга ташихаас аргагүй байдалд хүргэж байсан юм. Тодруулбал, “Энэ зун бүх багш нарыг Notеbоок-ээр бүрэн хангаж, сургууль бүрт шилэн кабел суурьлуулна.
“Энэ зун бүх багш нарыг Notеbоок-ээр бүрэн хангаж, сургууль бүрт шилэн кабел суурьлуулна.
Багш нараа ээлж ээлжээр гадаад руу явуулж чадвар эзэмшүүлж, туршлага судлуулна. Жилд 1000 багш явуулах зорилт тавьж байна” гэх мэт чихэнд чимэгтэй олон шийдвэрийг дуулгасан. Мөн сурагчдад дуулгах нэг таатай мэдээ нь ЭЕШ-таа 700-гаас дээш оноо авч МУБИС-д элсэн сурах хүсэлт гаргасан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлнө гэсэн амлалт байлаа. Энэ үеэр ахмад багш Б.Магсар “Сайхан юм ярьж багш нарыг баярлуулсанд талархаж байна. Монгол Улсын оршин тогтнох үндэс нь хүнээ хөгжүүлэх. Хүнээ хөгжүүлэх гэдэг нь багшийгаа хөгжүүлэх. Багш хөгжиж байна гэдэг нь хүүхэд хөгжиж байна гэсэн үг. Тэгэхээр багш нарыгаа эдийн засгийн хараат байдалгүй байлгахын тулд цалинг нь нэмж өгөөч гэж хүсье” хэмээсэн юм.
Л.Гантөмөр: Монголд мөнгө нь байвал тэрийг боловсролд зарна
Энэ үеэр багш нар салбарын сайдаасаа дараах асуултад хариулт авлаа.
Боловсролын салбарт 40 жил хүчин зүггэж байна. Гэтэл би тэтгэмжээ одоо болтол авч чадахгүй байна. Авах гээд хөөцөлдөөд явах гэхээр хүнд сурталтай их таарах юм. Ойрын хугацаанд ядаж амралтын мөнгийг минь гаргаж өгөх боломж байна уу?
-Тэтгэвэрт гарсан л бол та тэтгэмжээ авна. Тэтгэвэрт гарах багш нар маань өнгөрсөн жил өргөддөө өгсөн байгаа. Өргөддөө өгсөн багш нарын мөнгө төсөвт суусан байх ёстой.
-Ажилласан жил тогтоохдоо цэргийн гурван жил хасна гээд байх юм. Энэ нь зөв үү буруу юу?
-Тэтгэвэр тэтгэмжийн асууддыг ХАХНХЯ-ны мэдэх асуудал. Хэрвээ хуульдаа цэргийн гурван жил ажилласан жилд орно гэж л байгаа бол орох л ёстой шүүдээ.
-“Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөр хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ. Боловсролын салбарын шинэчлэл хэр тогтвортой байх вэ. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжээд таныг сайдын суудлаасаа буувал энэ хөтөлбөр зогсчих юм биш биз дээ?
-Хүүхэд бүрийг хөгжүүлэх энэ боддогыг хэр баргийн улстөрч хөдөлгөж чадахгүй гэж найдаж байна. Манай баг ялбал би дахиад энэ салбарын сайдыг хийнэ гэж бодож байгаа. Харин ялагдвал асуудал өөрөөр эргэнэ. Би боловсролын сайдын суудалд санаандгүй суугаагүй. Дөрвөн жил бэлтгэж байгаад ирсэн. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологийг дөрвөн жил судласан.
Бид хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх том зорилт тавьж ажиллах учиртай. Бид 520 мянган хүүхдийг сургах тухай л ярьж байна. Гэтэл Энэтхэгт 600 сая бичиг үсэггүй, 200 сая хүн бүртгэлгүй байна. Ийм байхад яаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх билээ. Бид 27-хон мянган багштай. Үүнийгээ хөгжүүлэх боломж бидэнд байна. Тэгэхээр боловсролын бодоого ямар нэг улс төрийн агуулгаар гараагүй. Энэ боддого монголчуудын мөрөөдөл болно.
-Японд багш нар хамгийн өндөр цалинтай гэлээ. Гэтэл Монголд тийм биш. Бидний нийгмийн асуудлыг хангалттай шийдвэрлэж өгвөл ажлаа алдахгүйн тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно. Багш нарынхаа нийгмийн байдлыг сайжруулахад хэр анхаарч байна вэ?
-Монгол Улсын орлого нэмэгдэхийн хэрээр багш нарын цалинг нэмүүлэхээр ажиллах болно.
-Монгол Улсын орлого нэмэгдэхийн хэрээр багш нарын цалинг нэмүүлэхээр ажиллах болно. Монголд мөнгө нь байвал тэрийг боловсролд зарна. Гэхдээ сургалтыг санхүүжүүлэх замаар багш нарынхаа орлогыг нэмэгдүүлье гэж бодож байгаа юм. Ирэх жил гэхэд 15 хувийн нэмэгдлийг үг дуугүй өгдөг болохыг л бодож байна.
-Нийгмийн ажилтнуудыг чадваржуулах сургалтыг энэ зун явуулах гэж байгаад баярлаж байна. Нийгмийн ажилтны ажлын ачаалал их хэрнээ багшийн цалингаар ажиллаад байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх гэж байна вэ?
-Сургуульд нийгмийн ажилтан бол чухал хүн. Тиймээс нийгмийн ажилтнууддаа ажлын байрны сургалт явуулахын зэрэгцээ багш нарынхаа сэтгэлзүйг засдаг болгоно. Өөрөөр хэлбэл, нийгмийн ажилтан хувь хүний нууцыг чанддан хадгалж, бусадцаа туслагч байх болно. Энэ мэтчилэн нийгмийн ажилтны ажлын байрыг сайжруулж цалинг нэмэхэд анхаарах болно.